Анх Д.Ганбат сайд Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх шийдвэр гаргаж байв. Түүнээс хойш Дархан-Улаанбаатарын замын ажил Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын нүүрийг үзэж, эцэст нь Л.Халтар сайдын нуруун дээр буулаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг МУ-ын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан байдаг. Нийтдээ 204.11 км замыг хоёрхон жилийн дотор барьж, 2020 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөө ёсоор өнөөдөр бид дөрвөн эгнээ цэлийсэн замаар зорчиж байх байлаа.
Байлаа гэж хэлсний учир Дарханы зам гэж цуутай ажлыг урагшгүй явааг илтгэх гэсэн юм. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сүр дуулиантайгаар дарханы замын ердөө хоёр эгнээ замыг чүү айтай ашиглалтад оруулав. Үүнээс хойш цар тахлаар шалтаглаж Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил бүр мөсөн зогссон.
ДӨРВӨН ЭГНЭЭ ДАРХАНЫ ЗАМЫГ БИД ХҮЛЭЭСЭЭР Л…
- Азийн хөгжлийн банк – 83 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замыг засварлах зориулттай,
- Европын сэргээн босголтын хөгжлийн банкны – 120 сая ам.долларын санхүүжилтээр Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг хийж гүйцэтгэх зориулттай.
Үндсэндээ хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөрөөр Дарханы зам баригдаж байгаа юм. Энэ хугацаанд Дарханы замын бүтээн байгуулалтад оролцогч хоёр компани Ковид-19 цар тахлын улмаас ажиллах боломжгүйгээ илэрхийлэн гэрээг цуцалсан байдаг. Харин дараагийн ажлыг хийлгэх дахин сонгон шалгаруулалт хийсэн ба одоогийн байдлаар гэрээ дүгнэгдэж байгаа гэх. "Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил гуравдугаар сарын 14-ны өдрөөс эхэлсэн ба авто замын ажилчид талбай дээр гарч ажиллаж эхэлсэн" гэж ЗТХЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан хэллээ. Ямар ч гэсэн урт настай, удаан жаргалтай Дарханы замын ажил эхэлжээ. Харин хэзээ ашиглалтад орж, хэзээ ард иргэд сэтгэл тэнэгэр санаа зовох зүйлгүй тус замаар зорчих билээ.
Энэ талаар өмнө нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "2021 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно" гэж мэдээлж байв. Харин одоо 2021 он хэдийнээ гарч гурван сарыг үдэж байхад дөнгөж л ажилчид талбай дээр гарч байна. Тэгвэл энэ жил бид дөрвөн эгнээ Дарханы замаар зорчихгүй бололтой. Учир нь Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам бүтээн байгуулалтын талаар тус ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбат хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Covid-19 халдварын нөхцөл байдлаас л шалтгаалахгүй бол Дарханы зам бүрэн 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. 2,4 багцийн ажил дөнгөж 8-9 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хэдэн хоолой тавьж, далангийн өргөтгөл хийснээс өөр зүйлгүй учраас барилгын ажил энэ жилдээ дуусахгүй. Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Дарханы замыг хэсэгчлэн хаах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргасан" гэжээ.
Үүнээс харахад 2021 онд Дарханы зам ашиглалтад орох боломжгүй аж. Өөрөөр хэлбэл урт настай, удаан жаргалтай дарханы зам "нохойн зам"-аар оржээ.
ТҮР АШИГЛАЛТАД ОРСОН ДАРХАНЫ ЗАМ ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ШАЛГАЛТАД БҮДРЭВ
Дарханы замын барилгын ажлыг дүгнэхээр Үндэсний Аудитын газраас өнгөрөгч оны сүүлийн дөрвөн сарын турш хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.
Уг дүгнэлтэд:
- Хучилтын зузаан төлөвлөснөөсөө нэг см-ээр багассан,
- Санхүүжилтийн 20.6 сая ам.долларыг юунд зарцуулсан нь тодорхойгүй,
- Богино хугацаанд чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Ийнхүү замын чанар, стандарт муу байсантай холбоотой анхаарал татахуйц дүгнэлт гарчээ. Тэгвэл эдгээр асуудалтай холбоотойгоор бүх талууд цугларчээ. Ингэхдээ дээрх асуудлын талаар хэлэлцсэн ба төслийн зөвлөх С.Очирбат "Замын чанарын хувьд асуудал гарсан нь үнэн. Нэгдүгээр багц дээр хагарал гарсан байгаа. Энэ чанарын хяналт шаардлага хангаагүй ажлыг чанарын инженерүүд шалгаад санхүүжилтийг нь өгөөгүй байгаа. Хучилтыг байнга өрөмдөж шалгаж үздэг. Чанар дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Лабораториар баталгаажсан багажуудаар шалгадаг. Асуудал гаргасан компаниудад бид байнга анхааруулга өгч ажиллаж байгаа" гэсэн тайлбарыг өгсөн байв.
Ийнхүү Дарханы зам гэх "мянган" жилийн төсөл гурав дахь жилийнхээ нүүрийг хатуухан үзэж байна. Шалгалтад муу дүн авч, олон хүний шүүмжлэлийг хүртэж, яст мэлхийний хурдаар урагшилсаар л. Дарханы зам гэх үгийг хэлэхэд ХЭЗЭЭ? гэдэг асуулт ой тоонд буудаг болжээ.
2020 онд бүрэн гүйцэт хүлээлгэх ёстой байсан Дарханы зам 2021 дэх онтойгоо учирлаа. Гэсэн хэдий ч 2022 онд бүрэн дуусна гэж төслийн гүйцэтгэгчид зарласан байдаг. Тэгвэл тус төсөл 2023 он эсвэл 2024 он хүртэл үргэлжлэх магадлал бий гэсэн үг.
Ийнхүү яст мэлхийн төсөл хэзээ дуусах нь үл мэдэгдэх хэвээр байна.