2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөхийн өмнө УИХ-ын гишүүний үнэмлэхээ авч чадалгүй хоригдсон. Тэрээр есөн сар хоригдоод 2021 оны гуравдугаар сарын 3-нд Дээд шүүхийн шийдвэрээр суллагдсан. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдсэн гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны зургадугаар сарын 25-нд сонгогдсон нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож тогтоол батлахдаа Ж.Эрдэнэбатын тогтоолыг ч хамтад нь баталж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тиймээс, Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөх аж.
Ж.Эрдэнэбатыг 2020 оын зургаадугаар сарын 11-нд УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ямар хэрэгт холбогдон хоригдож байв
Түүнд холбогдох хэргийг талаар эргэн сануулахад, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хилийн онцгой бүсэд алт ухсан компанид нөхөн олговор олгосон бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар түүний өмгөөлөгч Д.Батсүх “Шүүх Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан. “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд, мөн тухайн талбай нь Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад тус компанид олгосон гэж буруутгасан. Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож тус компанид олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутай болохыг нотолсон хэмээн 54 нотлох баримтыг шийдвэртээ нэрлэн заасан боловч эдгээр 54 баримт дотор дээр дурдсан үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ эдгээр 54 нотлох баримт нь бидний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтууд байна гэж бид үздэг. Учир нь эдгээр нотлох баримт нь тодорхой нэг болсон үйл баримтыг нотолж байгаа болохоос, түүнийг буруутгаад байгаа шүүхийн үндэслэлд дурдсан асуудлуудыг нотлох баримт болж чадахгүй юм.
“Элбэг орд” ХХК-тай холбоотой асуудлын тухайд тус компанийн тусгай зөвшөөрлийг худалдан авсан үйл явдал Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа болсон, мөн тухайн талбайг 2018 сүүл, 2019 оны эхээр улсад буцаан өгсөн болох нь “Элбэг орд” ХХК-ийн захирлын мэдүүлэг, тусгай зөвшөөрөл шилжүүлсэн, буцаан өгсөн баримтуудаар, тус компанид олгосон тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 онд стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан болох нь Засгийн газрын 2018 оны 300 тогтоол болон бусад баримтуудаар нотлогдож байгаа. Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд УУХЯамны хуулийн хэлтсийн даргын С.Мандахбатын бичгээр өгсөн зөвлөгөө чухал нөлөө үзүүлсэн байдаг. Шүүх түүний өгсөн зөвлөгөөг хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгон, цагаатгасан. С.Мандахбатыг цагаатгасан үндэслэл, нотлох баримт нь Ж.Эрдэнэбат болон бусад шүүгдэгч нэгэн адил хамааралтай байхад шүүх энэ асуудалд бодитоор хандаагүй” хэмээн 2020 оны арванхоёрдугаар сард “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.