Өрөг.мн сайт “ТЭР” буландаа хос мэргэжлээрээ 50 гаруй жил хөдөлмөрлөн гавьяаны амралтаа эдэлж суугаа ахмад гэрэл зурагчинтай ярилцлаа.
Түүнийг Сундуйн Сугар гэдэг. Дундговь аймгийн Говь-Угтаал. 17 настайдаа ажил хөдөлмөрийн гараагаа анагаахын дунд төгсөн аймгийн эмнэлэгтээ сувилагчаар эхлүүлсэн гэдэг. Тэрээр 1975 оноос Улаанбаатар хотод нөхрийнхөө ажлын томилолтын дагуу шилжин суурьшиж нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ажиллан мэргэжил дээшлүүлэн бага эмчээр хүртэл ажиллаж байжээ.
С.Сугар Ард түмний их сургууль гэдэгт оройгоор ахуйн үйлчилгээний харьяа 2 жил сураад гэрэл зураг, оператор гэж төгсөн гэрэл зурагчин хэмээх мэргэжлийг эзэмшсэн байна. Тухайн үед хүн бүр л хос мэргэжилтэй болох хэрэгтэй хэмээн олон мэргэжлээс оройн ангид сонгон суралцдаг байсан гэнэ. Харин түүнийг гэрэл зурагчин мэргэжлийг сонгоход түүний хань Банзрагчийн Сүхээ нөлөөлжээ. Учир нь Монголын авьяаслаг гэрэл зурагчдын нэг байсан юм. Монгол улсын тусгай фото сурвалжлагч Б.Сүхээ төв хорооныхны гэрэл зургийг авдаг, гадаад дотоод их явдаг, 21 аймагт курс хичээл заан гэрэл зурагчдын үзэсгэлэн гаргуулдаг нэгэн байв.
Улсын гэрэл зургийн газарт ажиллаж байхдаа Чех улсад мэргэжил дээшлүүлэн тэр л туршлагаараа өнгөт гэрэл зургийг анх Монголд нэвтрүүлсэн. 33 жил гэрэл, зургийн соёлын салбарт ажилласан. Монголын анхны хавтгайн гэрэл зургийг дарсан, 1950 хэдэн онд олон улсаас гэрэл зургийн төрлөөр анхны мөнгөн медалийг хүртсэн гээд түүний гаргасан амжилтууд ар араасаа хөвөрнө.
С.Сугар гуай Ард түмний их сургуулийг онц сайн төгсөн гэрэл зураг руу урвахаар хоёр ч ахиж ажлаа солих хүсэлт гаргахад эмнэлгээс нь түүнийг гаргаагүй аж. Харин хожим 1992 онд тэтгэврээ тогтоолгон хүсэж хүлээсэн гэрэл зурагчнаараа ажиллаж эхэлжээ. Гэрэл зурагчин хийхдээ уран сайхны зурагт нөхрийнхөө хаана ч хүрэхгүй ээ хэмээн өөрийгөө чамлангуй ярих тэрээр “Манай хүн нямбай гэрэл зургийг аппаратын нэг ч эрэг алга болгож үзээгүй хүн. Мөн гэрэл зургийг нарийн өгүүлэмжтэй авдаг” хэмээн хуучлав. Харин түүнийг охид нь ээжийн авсан бөхчүүдийн гээд гоё хөрөг зургууд бий. Ээжийнхээ зургуудаар үзэсгэлэн гаргана аа хэмээн магтана ярина.
Нөхрийнхөө авсан нандин гэрэл зургуудыг угаалган Өвөрмонголд гэрэл зургийн үзэсгэлэнг нь дэлгэж байсан учраас хуучны ховор нандин зургуудыг нь бидэнд дэлгэн сонирхуулсан юм.
“Эмнэлэгт хорин долоо найман жил хийсэн, талбайд гараад хорин хэдэн жил нийтдээ тавь гаран жил ажиллаа. Би 17, 18 настай ажилд орсон. Хоёр албан газар ажиллаж үзлээ гадаа хөдөө, хөрч даарч үзлээ, дотор жаргаж явлаа, янз бүр байлаа. Миний амьдрал сайхан байсан. Надад буруутах юм байхгүй. Дөрвөн сайхан охинтой. Одоо өсөж үржээд, хань ижил үр хүүхэдтэйгээ нийлээд хорин хэдэн ам бүл болсон” хэмээн хуучлах түүнтэй ярилцсан цаг хугацаанд 1990 оны өмнөх хот хөдөөг гэрэл зургуудаар дамжуулан тольдсон юм.