Өрөг.мн сайт “ТЭР” булангийнхаа сар шинийн баярын дугаартаа үндэсний өв соёлоо тээгч, бүтээхүйн ур ухааны эзэн УРАН ДАРХАН Б.Баярбаатартай ярилцлаа. Хийж бүтээсэн ажлуудаа энгийн даруугаар тайлбарлах тэрээр “Дархан хүн бурхан ухаантай” гэх зүйр цэцэн үгээс эмээж, бас энэ үгийг дааж явахсан гэж хичээдэг. Энэ үг нь дархан хүн аливаа юмны учир зүй, эвийг сайн олж чаддаг учраас ингэж хэлдэг болов уу гэж боддог. Уран дархны сайн хийцтэй бүтээл хэдэн үе дамжин өвлөгдөх хөрөнгө болдог тул бүх зүрх сэтгэлээсээ бүтээл бүрээ туурвидаг гэв. Ингээд түүнтэй ярилцсан цөөн хормын яриагаа өргөе.
Орчин цагийн хүмүүсийн нийтлэг сонгодоггүй мэргэжил бол уран дархан. Яагаад энэ ажил мэргэжлийг сонгох болов.
Би СУИС-ийн уран дархны ангийг төгссөн. Түүнээс хойш мэргэжлээрээ хувийн компанид ажиллаж байгаад одоо өөрөө хувийн бизнесээ эхлүүлэх гэж байна. Нийт 15 жил мэргэжлээрээ ажиллажээ. Хар багаасаа зураач, барималч болно гээд мэргэжлээ тодорхойлчихсон байсан. Миний хамгийн сайн найзын аав нь Сүхбаатарын нэртэй уран дархчуудын нэг. Би тэр хүний хуурай хүү нь. Тэр хүний хажууд байхдаа дархан хийж суръя гэж бодоогүй, тэр хүн ч надад заагаагүй. Хувь тавилангийн эрхээр их сургуульд орох үед багш маань “Чи нэгэнт зураг зурдаг, баримал барьдаг юм чинь дархны ангид сураад үз. Маш мундаг багш байдаг” гэж хэлсэн. Надад уран дархан заасан багшийг Энхдаваа гэдэг. Одоо хүртэл би багшдаа маш их талархаж явдаг даа. Багшийнхаа заасан арга барил, тэр их тэвчээрийн ачаар л өдий зэрэгтэй явж байна.
Нийслэлийн засаг захиргааны шинэ барилга дээрх Хангарьдыг урласан талаараа яривал. Нүсэр бүтээл болсон байна лээ.
Их Жанрайсаг бурхныг Монголын ард түмний хандиваар бүтээж байсан шүү дээ. Тэр бол хөөмөл бурхан. Түүнээс хойш ихэвчлэн урд хөршөөс цутгагдаж ирдэг болсон. Жанрайсагаас хойш монгол уран дархчид хөөмөл аргаар хийсэн хоёр дахь том бүтээл. Жанрайсаг хийхэд Монголын уран бүтээлч, барималч, дархчид нэгдсэн. Энэ удаагийн шинэ нийслэлийн бэлэг тэмдэг хангарьдыг хийхэд ч мөн адил уран бүтээлчид нэгдлээ. Уг ажилд гар бие оролцсондоо баяртай байна. 5х60, 3х40 харьцаатай том жижиг хоёр ширхэг хангарьд бүтээсэн. Энэхүү бүтээлийн онцлог нь бодит дүрслэлтэй, илүү товгор, дан зэсээр хөөж, эрдэнийн чулуунууд шигтгэсэн.
Уран зураач нарын бүтээл ялгаатай байдаг шиг уран дархчдад өөрийн гэсэн арга барил байдаг уу. Таны бүтээлийн бусдаасаа ялгарах онцлог юу вэ?
Уран бүтээлч бүр өөрийн гэсэн хэв маягаар ялгарч байж тодорч гарч ирнэ. Уран дархны бүтээл бол зурахаас эхлээд металл биет болж гарах хүртлээ маш олон шат дамжлагатай. Тиймээс тухайн дархны онцлог бол өөрийн хэв маяг, заасан багшийн арга барил, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон мэдрэмж зэрэг юм.
Дархны ажил маш их чимхлүүртэй, удаан сууж байж гараас гардаг юм шиг санагддаг. Өөрийн ажлын онцлогоос бидэнтэй хуваалцаач?
Маш их төвлөрч хийдэг. Өөрийн арга барилыг бий болгохоос гадна, их судалгаа шаарддаг. Ямарваа нэг зүйлийг хийхэд ихээхэн судалгаа шаарддаг бөгөөд түүндээ тулгуурлаж бүтээл туурвидаг.
Та өөрийн урласан эмээлийн талаар яривал. Дарьганга хийцийн эмээлийн бусдаасаа ялгарах онцлог юу вэ?
Дарьганга эмээл бол цагаан мөнгийг элдэж, давтаж хийдэг. Мөнгийг маш нимгэн болгосны дараа нааш цаашаа товгор, гүдгэр болгодог юм. Хээний хувьд дан, давхар, хээний ард хээ гэх мэт онцлогтой хийгддэг. Зүсүүрийн хувьд бийрээр зурсан мэт таталган, зураасан зүсэлттэй. Мөн энэ хийцийн хөөмлөөс гадна утсан сүлжмэл, шүрэн толгойн гоёл зэрэг нь маш гайхалтай. Дарьганга хошуу яагаад мөнгөн эдлэлээр алдартай болсон гэвэл тухайн үеийн арилжаа тооцооны хэлбэр нь цагаан мөнгө байсан. Худалдан авалт нь ихсээд ирэхээр хүмүүс гоёл чимэглэлийн эд болгон захиалж эхэлснээс үүдэлтэй.
“Дархан хүн бурхан ухаантай” гэдэг үг ямар утгатай юм бэ?
Энэ үгийг тайлбарлахад их хэцүү. Зарим нэг нь ёжилж хэлдэг. Миний тайллаар бол зүгээр нэг металлийг хайлуулж давтаад эд бүтээх аргыг олно гэдэг л энэ үгний утга учир гэж боддог. Мэдэхгүй зүйлийнхээ араас хөөсөөр байгаад аргыг нь олох их гоё мэдрэмж шүү дээ. Тэр үгний л утгачлал гэж боддог. Хэлэхэд их хэцүү том үг учраас эмээж явдаг. Яагаад гэвэл тэр үгийг хүлээж авах сэтгэл зүй маань бэлэн биш байгаа гэх юм уу.
Дэлхийн улс орнууд даяарчлагдаад бүгд адил төстэй болж байна. Гэвч таны мэргэжлийн ялгаа нь соёлын өвийн тээгч байна шүү дээ.
Монголынхоо өв уламжлалыг авч үлдэх ёстой салбаруудын тоонд уран дархчид бий. Цагаан сар, наадам гэх мэт үндэсний баяруудаар хүмүүс бидэнд их ханддаг. Тиймээс өв уламжлалаа авч үлдэх ажилд хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Манай өндөр гэгээний хийц бусдаасаа ялгарсан бөгөөд дэлхийд алдартай шүү дээ. Энэ бол уран дархны нэгэн том төлөөлөл. Тиймээс энэ бол бидний авч үлдэх ёстой зүйл. Гэхдээ өв уламжлалаа авч үлдэхдээ шинэчлэлтэйгээ хамт явахгүй бол цаг үеэсээ хоцорно.
Цаг үетэйгээ хөл нийлүүлнэ гэхээр таны ажил мэргэжилд ямар өөрчлөлт орж байна. Бүтээл хийх үйл явцад дэвшил гарч байна уу. Эсвэл загвар, хийц өөрчлөгдсөн үү?
Аль алинд нь өөрчлөлт орж байгаа. Загварын хувьд өөрчлөлт орохгүй бол болохгүй. Жишээлбэл нэг хэсэг мөнгөн тоноглолтой бүс зүүдэг байсан бол одоо бүс зүүх сэтгэхүйтэй залуус байхгүй болсон. Тиймээс бид заавал мөнгөөр бус өөр металлаар эд хийдэг ч юм уу. Өөрчлөгдөх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Мөн шинэчлэл гэдэг нь техник технологитой зайлшгүй холбоотой.
Хэрэглэгчид ихэвчлэн ямар эдлэл, гоёл чимэглэл захиалдаг вэ?
Тэр гээд онож хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл хэрэглэгч хэрэгцээндээ тааруулж л захиалга өгнө шүү дээ. Захиалгаар хийлгэж байгаа бараа бол өнөөдөр маргаашдаа бус үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг үнэт зүйл. Тиймээс захиалгаар хийгдэж байгаа бүтээлийн чанар чансааны хувьд он жил улирах тусам эдэлгээ сайн, үнэ цэн нь өсөж явах учиртай. Яагаад алт мөнгөөр эдлэл хийдэг вэ гэхээр намайг оюутан болж ирэхэд лан мөнгө найман мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 93 мянга болж өссөн. Энэ бол үнэт металлийн үнэ цэн. Мөн тухайн уран бүтээлчийн хэлбэр хийц эдлэлийг үнэд хүргэдэг онцлогтой.
Ярилцсанд баярлалаа.