Энэ хичээлийн жилд 5028 оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт гаргасан байна. Эдгээр оюутны зээлд 15.0 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Уг зээлийн санхүүжилт орж ирээгүйн улмаас их дээд сургуулийн оюутнууд төлбөрийн дарамтад орж байна. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд шарын шашны нөхөн олговорт жил бүр 12 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох хуулийн төслийг өргөн бариад буй. Шарын шашин боловсролын салбараас чухал уу? Зээлд хамрагдахаар хүсэлт өгсөн ч асуудал нь шийдэгдээгүй оюутантай ярилцлаа.
–Сайн байна уу, өөрийгөө танилцуулаач?
–Намайг Б.Хүлэгбоорчи гэдэг. Би Ховд их сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн III курсийн оюутан.
–Оюутны хөгжлийн зээлд хэд дэх удаагаа хамрагдаж байна?
–Би 2018 онд нэгдүгээр курсэд орохдоо оюутны хөгжлийн зээлд хамрагдсан. Хүүгүй, ажлын байран дээр гараад эргэн төлөх нөхцөлтэй. Засгийн газраас 2019-2020 оны хаврын зээлийн санхүүжилт орж ирээгүй. Манай сургуулийн хувьд хичээл сонголт хийдэггүй, сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу хичээллэдэг. Тиймээс дарамт шахалт төдийлөн үзүүлэхгүй байгаа. Кредитээ гүйцээж сурдаг оюутнуудын хувьд зээлийн асуудал маш хүндрэлтэй байгаа. Миний хамгийн их эмзэглэж байгаа асуудал нь аливаа гэрээг хоёр талын итгэлцэл дээр тулгуурлан гарын үсэг зурдаг. Төр оюутнуудтай хийсэн гэрээгээ зөрчсөн. Өнгөрсөн жилийн улсын төсвийн тодотголд оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг суутгаагүй. Бусад сургуулиуд үйл ажиллагаагаа явуулахын тулд төлбөрөө төлж байж хичээлээ сонго, дипломоо ав гэх дарамтыг оюутнуудад үзүүлж эхэлсэн.
–Танай өрхийн сарын орлого хэд вэ. Сургалтын төлбөр төлөх боломжгүй юу?
–Манай аав хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ээж маань сургуульд ажилладаг. Аавын ажил улирлын чанартай учраас одоо зогсчихсон байгаа. Өрхийн сарын орлого 500-600 мянган төгрөгийн хооронд. Ам бүл тавуулаа, хоёр оюутантай. Дэлхий нийтээрээ эдийн засаг уналттай байгаа цар тахлын үед хоёр оюутны төлбөрийг төлнө гэдэг бараг боломжгүй зүйл.
–Оюутны хөгжлийн зээл ямар шалтгаанаар олгогдохгүй гацав. Сургуулиас энэ асуудлаар ямар мэдэгдэл хийсэн бэ?
–Сүүлийн жилүүдэд боловсролын сайд олон удаа солигдож байгаа нь оюутны хөгжлийн зээлийн асуудалд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа болов уу. Боловсролын салбарт шинэчлэл хийхгүй бол уналтад орж байгаа. Би маш олон төлбөрийн асуудалтай оюутнуудын төлөөлөл. Бүх зүйл тодорхой байгаа. Төрөөс өнгөрсөн хавар, энэ намрын санхүүжилт орж ирээгүй учраас сургуулиуд оюутнуудаа дарамталж эхэлсэн. Үүний эхлэл нь УИХ-ын төсвийн тодотгол, Засгийн газар оюутнуудтай хийсэн гэрээгээ зөрчсөн явдал.
–Боловсролын салбартаа хөрөнгө оруулахгүй байгаа мөртөө өөр зүйлсэд маш их хэмжээний санхүүжилт өгдөг. Энэ талаар таны байр суурь?
–Улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай салбар бол боловсролын салбар. Аливаа бодлого шийдвэрийг урт хугацааны турш хэрэгжүүлж байж үр дүн гарна. Гэтэл нэг сайд нь шийдвэр гаргахаар дараагийнх нь гарч ирээд няцаадаг. Ингэсээр байгаад тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Үүний хохирогч нь оюутан залуус. Боловсролын салбар нь дэлхийд сүүл мушгиж байхад шарын шашин, усан оргилуур зэрэг хэрэгцээгүй зүйлд төсөв санхүүжилтийг маш их цацаж байна. Шашинд хэт их анхаарал хандуулах нь нэг талыг барьсан үзэл. Төр анхаарлаа хандуулсан, хандуулаагүй Монголын хөрсөн дээр бууриа олоод завилаад суучихсан шашин. Үүний оронд багш нарын цалинг нэмэх, оюутнуудаа тэтгэлгээр урамшуулах тал дээр анхаарлаа хандуулмаар юм. Төр боловсролын салбараа огт анхаарахгүй байна. Залуу боловсон хүчин болж буй оюутнуудаа сурах орчин нөхцөлөөр нь хангах, боловсролын эрх тэгш байдлыг цогцлоох хэрэгтэй. Хэн ч мөнгөгүй гэх шалтгаанаар боловсролгүй үлдэж болохгүй.
–Зээл нь шийдэгдээгүй оюутнууд аргагүйн эрхэнд жилийн чөлөө авах дээрээ тулж байна гэсэн?
–Зээл олгогдоогүйн улмаас зарим оюутнууд жилийн чөлөө авах талаар ярьж байна. Аргагүйн эрхэнд чөлөө авч байгаа оюутнууд дэндүү харамсалтай. Сурч боловсрох ид үеэсээ нэг жилийг алдаж байгаа. Засгийн буруу бодлого, үл тоосон байдлаас болж хохирч байна. Хичээл сонголтоо хийхийн тулд аргагүйн эрхэнд өнгөрсөн хаврын төлбөрөө төлсөн хүүхэд ч байгаа. Оюутны хөгжлийн зээл нь суралцах чин хүсэлтэй, төлбөрийн боломжгүй оюутнуудад маш том боломж шүү дээ. Гэтэл оюутнуудад огт мэдэгдэлгүй гэнэтийн байдлаар зээл олгохоо болихоор бид яах болж байна.
Ярилцсанд баярлалаа