2019 онд бүртгэгдсэн КОВИД-19 гэх халдварт өвчин дэлхийд шинээр бий болж буй учир бидэнд туршлага дутаж байна гэдэг нь үнэн үү гэвэл үнэн. Манай улс дотооддоо энэ өвчний халдварыг алдахгүйгээр 10 сар “тэссэн” нь нэг амжилт мөн үү гэвэл мөн. Хэдий шинэ өвчин ч гэлээ өвчнийг эмчилж эдгээхээс бусдаар халдварт өвчинтэй тэмцэхэд авах арга хэмжээ, ингэхдээ хүний эрхийг зөрчихгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой дүрэм, журам, зарчмын асуудлууд шинэ биш зүйлс юм.
Мөн, 10 сар тэссэн гэх факт нь дангаараа амжилт биш бөгөөд гагцхүү энэ хугацаанд дотоодод халдвар тархвал авах арга хэмжээний талаар бэлтгэл ажлаа хэр сайн хийсэн, гадаадад гацсан иргэдээ эх орондоо ирэх боломжоор хэр хангасан гэх зэргээр энэ “амжилт” жинхэнэ амжилт мөн байсан эсэхийг үнэлэх өөр бусад хүчин зүйлсүүд олон байна.
Энэ бүгдийг танд оршил болгож тайлбарлаж буйн зорилго нь өчигдөр буюу 2021 оны 01 сарын 20-ны өдөр болсон тайван жагсаалтай холбоотой. Тайван жагсаалаар иргэд
- Нэгдүгээрт: Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй УОК-ын үйл ажиллагаатай холбоотой УОК-ын удирдлагуудыг хариуцлага хүлээхийг
- Хоёрдугаарт: КОВИД-19-тэй тэмцэх олон тэрбумын зээл авч зарцуулсан ч дотооддоо алдаагүй гэх 10 сарын хугацаандаа бэлтгэл ажлыг хангалттай хийгээгүйтэй холбоотой хариуцлагыг зохих хүмүүсээр хүлээлгүүлэх зэрэг байв.
Дүн өвлийн хүйтэнд дөрвөн есийн жаврыг үл тоон эрхийнхээ төлөө тайван замаар үзэл бодлоо илэрхийлэн тэмцсэн иргэд, залуучуудын хичээл зүтгэл тодорхой үр дүнд хүрлээ. 19:00 цагийн байдлаар УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгч буйгаа хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн.
Харин 2020 оны 05 сарын 15-нд “Төрийн хатан эрдэнэ”-ээр хүртэл өргөмжлөгдөөд байсан Хатан эрдэнэ, Хатан эх Д.Сарангэрэл энэ үйл явдлуудтай холбоотой ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлтэй юу? Хатан эх маань хаана явна?
Юун түрүүнд түүний одоогийн албан тушаал юу болох, тэрээр өнгөрсөнд гүйцэтгэсэн албан тушаалтайгаа холбоотой хариуцлага хүлээх нь үндэслэлтэй талаар холбогдох хууль тогтоомжоос шалгаж үзье. Д.Сарангэрэл нь 2020 оны 07 сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлаа хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, тэр сайд хэвээрээ боловч өөр яамны сайд болсон. Харин, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар Засгийн газрын гишүүн буюу сайдын албан тушаал нь “Төрийн улс төрийн албан тушаал” байна.
11 дүгээр зүйл.Төрийн улс төрийн албан тушаал
11.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:
11.1.5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн;
Иймд, Д.Сарангэрэлийн хашиж байсан Эрүүл мэндийн сайдын албан тушаал болон одоо хашиж байгаа албан тушаалууд нь улс төрийн албан тушаалууд болохын хувьд тэрээр улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээх албан тушаалтан мөн байна.
Харин Философийн ухааны доктор (Ph.D) Б.Даш-Ёндон gogo.mn – д нийтлүүлсэн нийтлэлдээ улс төрийн эрх мэдэлтний улс төрийн хариуцлагын тухай дараах байдлаар тайлбарлан бичсэн байна.
“… улс төрийн эрх мэдэлтэн ёс суртахууны үүрэг, шаардлагаа умартваас ёс суртахууны төдийгүй улс төрийн хариуцлага хүлээдэг байх ёстой. Аристотелийн үзэж байгаагаар ч улс төр гэдэг бол ёс суртахуун юм …. Улс төр, ёс суртахуун хоёрыг хэт салгаж үзсэнээс улс төрийн эрх мэдэлтнүүд ёс суртахууны шаардлага, зөрчилдөө хариуцлага хүлээхгүй өнгөрөх бололцоо буй болдог байна.” гэж тайлбарлажээ.
Нэг талаас, зарим иргэд Д.Сарангэрэлийг нэгэнт Эрүүл мэндийн сайд биш болчихсон бөгөөд одоо БОАЖ-ын сайд болсон тул өмнөх албан тушаалтайгаа холбоотой хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлаж байна. Засгийн газрын тухай хуулийн 20.5.16-д зааснаар Эрүүл мэндийн сайд нь эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого, эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого зэрэг болон бусад асуудлын хамруулан хариуцдаг байна.
Харин, тухайлбал 2020 оны 01 сараас 07 сар хүртэл бүтэн 6 сар (КОВИД-19тэй үеийн) эрүүл мэндийн салбарыг удирдсан ч энэ хугацаанд нь нэг ч аймагт PCR шинжилгээ авах боломж бүрдүүлээгүй, эмнэлэгүүд дээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч бэлтгэл хангаагүй зэрэг халдвар, хамгаалалын хувьд, иргэдийн үндсэн эрхийг хангах асуудлын хувьд хангалттай ажил хийгээгүй нь харагдаж байна.
Тэрээр хангалттай ажил хийгээгүй байгаад зогсохгүй 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “тодорхойгүй” шалтгаанаар ЭМ-ийн сайдаас БОАЖ-ын сайд болж “өөрчлөгдсөн” байгаа юм.
Хэдийгээр түүний албан тушаал нь солигдсон байгаа боловч тэрээр нэг л Ерөнхий сайдын нэг л удирдлагад байгааг харгалзан, улс төрийн албан тушаал хашдаг болохыг нь мөн харгалзан түүний Эрүүл мэндийн сайд байх хугацаандаа ажил, үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас учирч буй одоогийн эдгээр хүндрэл, бэрхшээлүүдийн хувьд Д.Сарангэрэлд улс төрийн хариуцлага хүлээлгэх нь бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22.1-д зааснаар засгийн газрын гишүүн өөрөө хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, эсхүл мөн хуулийн 23.1.2-т дагаа Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах боломжтой байдаг байна.
Аймагтаа PCR шинжилгээ өгөх нөхцөл нь бүрдээгүйн улмаас Архангай аймгаас Улаанбаатар хотруу нэврэх гэж байсан иргэн PCR шинжилгээний хариугүй гэх үндэслэлээр хотруу орж чадалгүй, эмнэлгийн тусламж авч чадалгүй амь нас нь хохироход Хатан эх та хаана байв? Нялх биетэй, төрөөд удаагүй байгаа эх углааштай төрөх эмнэлгээс ХӨСҮТ-рүү “ачигдаж” байхад Хатан эх та хаана байв?
Бид төрийн хатан эрдэнэ Хатан эхээ хайж байна.
Б.Мягмардорж