Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 23 арга хэмжээ бүхий тогтоол баталлаа. Уг тогтоолд дараах арга хэмжээнүүдийг тусгасан талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
1. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр олгох 100 мянган төгрөг болон нийгмийн халамжийн бусад тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, бөөгнөрөл үүсгэхгүй олгохыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгав. Энэ арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ.
2. 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахыг даалгав. Энэ арга хэмжээг 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ.
3. 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хууль заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд, уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхийг Сангийн сайдад үүрэг болгов.
4. 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл худалдааны төв болон үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээсэлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон түрээсийн баримтаар нотлогдсон тохиолдолд, бууруулсан хувь хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах ААНОАТ-аас хөнгөлнө.
5. 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх хүнсний будаа, ургамлын тос, өвлийг давахад шаардлагатай өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай, мөн Монгол Улсын нутагт боловсруулж борлуулсан ургамлын тос, өвс, мал амьтны тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгов.
6. Хүнсний салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн хамтарсан шуурхай ажлын баг байгуулж ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын шаардлагыг хангуулсны үндсэн дээр хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээ авахыг Шадар сайд Я.Содбаатарт даалгав.
7. Төрөөс хэрэгжүүлж байгаа импотекийн хөнгөлөлттэй зээлийг долоодугаар сарын 1 хүртэл үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авахыг Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны даргад чиглэл болгов.
8. ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ, нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт учруулахгүйгээр зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтыг 2020 оны долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэхийг мөн үүрэг болгов.
9. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж нийт ажилчдыг халдварт өвчнөөс хамгаалж, аюулгүй нөхцөл байдал бүрдүүлэхийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгав.
10. Монгол Улс- БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал газрын тосны экспортыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэхийг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, УУХҮ-ийн сайд, ЗТХ-ийн сайдад даалгалаа.
11. Ашигт малтмалын газрын тосны экспортыг хэвийн явуулах зорилгоор хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Тавантолгой, Нарийнсухайт, Оюутолгойн ордын хүрээнд Гашуунсухайт-Шивээхүрэн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, тус боомтыг “Ногоон бүс” болгон зарлаж тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүй зохион байгуулахыг УОК-ын дарга Шадар сайд, ЗТХ-ийн сайд, УУХҮ-ийн сайд, Сангийн сайд болон аймгийн Засаг дарга нарт даалгав.
12. Монгол Улсад ирж буй бүх төрлийн шуудан илгээмжийг ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайд болон холбогдох албаныханд даалгав.
13. 2021 оныг дуустал цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж ирж буй оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр УИХ-аас наймдугаар сард баталсан хуулийг иргэд олон нийтэд сайтар сурталчлах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд, Гаалийн ерөнхий газрын даргад үүрэг болгов.
14. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд ААНОАТ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хасаж тооцохыг иргэд олон нийтэд сурталчлан таниулахыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болгов.
15. Татвар, гаалийн байгууллагын цахим шинэчлэлийг эрчимжүүлж гаалийн бүрдүүлэлт хийх, татварын тайлан гаргах иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг цахимжуулж иргэдтэй нүүр тулан ажиллахаас зайлсхийх байдлаар үйл ажиллагаандаа хүний оролцоог багасгаж халдварт өвчин тархахаас сэргийлэх, аль болох ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх боломж нөхцөлийг нэн яаралтай бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг холбогдох албаныханд үүрэг өглөө.
16. Татварын өртэй татвар төлөгч нь улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилттэй гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүр суутган тооцож ажиллахыг Сангийн сайдад үүрэг болгов.
17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн бизнесийг сэргээхэд чиглүүлэх, тус сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд даалгаж байна.
18. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчит оролцооны аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн этгээдийн төлбөрийг түргэн шуурхай барагдуулахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
19. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжих зорилгоор, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасныг үндэслэн дотоодын барааг худалдан авахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгов.
20. Аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүлээн авах бүх төрлийн тендэр шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 4-нийг хүртэл сунгахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
21. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд үргэлжлүүлж цалин тэтгэврээс бусад зардлыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгав
22. Үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв санхүүгийн талаар авах арга хэмжээний саналаа Загийн газрын гишүүн бүр судлан боловсруулж УОК-ын хуралдаанд танилцуулж газар дээр нь яаралтай шийдэн ажиллахыг үүрэг болгов.
23. Хүн хооронд хоёр метр зай барих, амны хаалт тогтмол зүүлгэх, үйлчлүүлэгч ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, гар халдваргүйжүүлэгч байршуулах, ариутгал халдваргүйтгэлийг өдөр тутам хийх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод олны өмнө байршуулах, ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж шаардлагыг иргэд олон нийтийн сэтгэл зүйг дэмжих, соён гэгээрүүлсэн, үндэсний эв соёлыг харуулсан нэвтрүүлэг, контент бэлтгэх, энэ тогтоолын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчлах, нэвтрүүлэх ажил зохион байгуулахыг Шадар сайд, Соёлын сайд болон холбогдох албаныханд даалгалаа.