Урбан жийнс брэнд, “Дэнимон” компанийн захирал Д.Тунгалагтай гадаад зах зээл рүү хэрхэн гарах талаар нь тодрууллаа.
Хэрвээ та бүхэн гадаад зах зээлд гарна гэвэл, брэндээрээ ялгарч гарах уу? эсвэл дэлхийн брэндүүдээс олон тооны захиалга авч үйлдвэрлэх чиглэлээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юу?
Ерөнхийдөө дэлхий рүү гарна гээд төлөвлөчихсөн байгаа. Яаж дэлхийд гарах вэ? гэхээр Монголд байгаа түүхий эдээ ашиглана. Бидний тооцоолж буйгаар сарлагийн хөөврөөр Canada goose шиг, өдөн куртка сарлагийн хөөврөн куртка хийнэ. Сарлаг бол цастай ууланд амьдардаг, хамгийн хүйтэн газар ч тэсвэртэй амьтан. Тиймээс сарлагийн хөөврөөр куртка хийхэд Скандинавийн орнууд, Оросын зах зээл байна. Ингэж гаргах боломжууд дээр судалгаа хийгээд явж байгаа. Дэлхийн зах зээлд ялгарах байдлаар гарахгүй бол дэлхий дахинд, Хятад, Вьетнам, Бангладеш-т оёж байгаа их хэмжээний хувцаснуудыг давж хийнэ гэдэг хэцүү.
Монголчууд Adidas, Puma зэрэг дэлхийн брэндүүдийг оёж Америк, Солонгос руу гаргадаг байсан.
2005 он хүртэл манай оёдлын салбар 20 мянга гаруй ажилчинтай байлаа. Тэр үед манайд Америкийн татварын хөнгөлөлттэй үйлчилгээ 2005 он хүртэл хэрэгжиж байв. Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр байсан, дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр байсан. Ингээд 100-аад үйлдвэр, 20 мянган ажилтантай. Америк, Солонгос руу их хэмжээний хувцас импортолдог байсан.
Ямар хувцас ихэвчлэн оёдог байсан бэ?
Ер нь бүх төрлийн хувцаснууд оёж байсан. Adidas, Puma брэндийг оёж байсан юм байна лээ. Тэр үед их олон ажилчин байдаг байснаа татварын систем маань унангуут бүх үйлдвэрүүд хаалгаа бариад, гадны үйлдвэрүүд гадагшаа гараад явчихсан. Хэрэв тэр үед төрөөс бэлтгэлтэй байсан бол энэ их боловсон хүчин, нөөц баялгаа ашиглаад үйлдвэрүүдээ хөгжүүлж болох байсан. Үүн дээр ямар нэгэн бодлого хэрэгжээгүйгээс болоод бүх оёдолчид ажилгүй болчихсон. Салбар маань жижгэрчихсэн ийм байдалтай байгаа болохоор хэдүүлээ нэгдээд бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидэнд боловсон хүчин байна, чадвар туршлага байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх холбоо байгуулаад хувцас үйлдвэрлэлийн судалгаа улс даяар хийх гээд хүсэлт гаргасан. Одоо хэрэгжээд явж байгаа. Бидний хүчин чадал хэр юм, хэдэн хүн ажиллаж байна, бид юу хийж чадах юм, юу хийж чадахгүй юм, яаж хөгжвөл зүгээр вэ гэдэг дээр судалгааны дүнгээс их зүйл харагдах байх.