Чойжин ламын музейд сонсголгүй иргэдэд түүхийн үзмэрүүдийг дохионы хэлтэйгээр танилцууллаа. /2020.09.16/ Энэ арга хэмжээгээр тухайн иргэдэд бурхны шашны талаарх ойлголт, цогц мэдээлэл хүргэхийг зорьж байгаа юм. Арга хэмжээнд сүм хийдүүдийн лам нар оролцож нийт таван үзмэр дохионы хэлээр тайлбарлаж өглөө.
Энэхүү ажлыг энэ сарын 23-нд болох ОУ-ын дохионы хэлний өдрийг угтан ХБХХЕГ-аас сонсголгүй иргэдийн нийгэмлэг болон ТББ-ууд хамтран хийсэн юм.
Энэ талаар ХБХХЕГ-ын ажилтан, хэлмэрч Б. Бямбадэлгэр, “Сонсголгүй иргэдэд зориулсан энэхүү үйл ажиллагаа нь нийгэм дэх бүх хүмүүс тэгш эрхтэй байж, аливаа соёл урлагийн байгууллагаар үйлчлэхэд төвөг учрахгүй байгаасай гэсэн үүднээс зохион байгууллаа. Миний хувьд би сонсголгүй хүүхдүүдтэй хамт кино, жүжиг гэх мэт урлагийн тоглолт үзэж байсан. Тэд үнэхээр баяртай харагддаг. Харин тэдгээр хүүхдүүд бие даагаад олон нийтийн газраар үйлчүүлэхэд их төвөгтэй асуудлууд тулгардаг. Мөн хангалттай мэдээлэл авч чаддаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд нээлттэй, ичих зовох юмгүйгээр олон нийтийн газруудаар үйлчлэх нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэв.
Түүнчлэн 29-р сургуулийн төгсөгч У. Болорчимэг үйл ажиллагааны талаар дурдахдаа, “Урд нь ийм арга хэмжээнд оролцож байгаагүй. Бидэнд мэдлэг мэдээлэл өгөхийн төлөө бүтээлч сэтгэлээр ажилласан хүмүүст баярлаж байна. Үүн шиг олон байгууллагууд бидэнд ингэж нээлттэй сайхан үйлчлээсэй гэж их хүсч байна” гэв.
Харин Самьяма хийдийн лам Т. Бат-Эрдэнэ, “Энэхүү ажиллагаанд манай хийдийн лам нар гурван сарын турш бэлдсэн. Дохионы хэл сурах нь бага зэрэг хүндрэлтэй ч маш сонирхолтой санагдсан. Сонсголгүй иргэдэд бурхны шашин түүний ном судрын талаар тайлбарлаж өгөх нь бидний хувьд их чухал ажил юм. Иймд бид дохионы хэлийг төвөггүй шаргуу сурч чадсан” гэлээ.
Ташрамд, одоогоор Монголын Цэргийн музейн үзмэрүүдэд дохионы хэлээр тайлбар хийсэн бичлэгийг байршуулсан байдаг.