Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдээс хүргэж байна
- Туурга тусгаар улсынхаа Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг зохин байгуулж чадлаа. Дэмжин сонгосон ард түмэндээ талархлаа.
- Дэлхий нийтийг хамарсан цар тахал түүнээс улбаалсан эдийн засгийн хүндрэл давтагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2,9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэлүүд та биднийг тосон хүлээж байна.
- Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүндхэн ачааг үүрч, ажилах болно.
- Амаргүй он жилүүдийг хохирол багатай даван туулж Улс орныхоо эдийг засгийг хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай байна
- Шинэ Засгийн Газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр бол Алсын хараа -2050, Монгол улсын ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын эхний дөрвөн жилийн зорилт төлөвлөлт байх болно.
Ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх дөрвөн том зорилтын талаар та бүхэнд онцлон хэлье:
Нэг. Импортлогч улсаас эскспортлогч улс болцгооё
Монгол улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхитэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм.
Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.
Монголчууд бидний олон арван жилийн хүсэл мөрөөдөл байсан газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээгээ хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж нөхцлийг бүрдүүлнэ.
Үүний зэрэгцээ улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Мөн ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих ажил эхэллээ. Бүс нутгийн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл байхын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштөйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн шинэ хуудасыг нээж хамтын ажиллагааны интеграцид орж байна.
Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлэх болно.
Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангаж, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Хоёр. Нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болцгооё.
- Улаанбаатарын утаа манан сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр бизнесийн олигархи бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна. Энэ бол ард түмний захиалга. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл юм.
- Миний бие анх Ерөнхий сайд болохдоо “Би намаа цэвэрлэнэ, төрөө цэвэрлэнэ” гэж хэлж байсан. Энэ амлалт ажил хэрэг болж байгааг ард түмэн маань харж байгаа.
- Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна. Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллах болно.
- Харин хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье. Цаашид бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Энэ төр бол Монгол төр.
- Улс орны хөгжлийн гол асуудлын нэг бол мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг түргэтгэх явдал юм. Энэ салбарт Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах болно. Энэ ажлын хүрээнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан эхлүүлнэ.
Гурав. Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлье.
- Залуу гэр бүлүүд банкны өндөр зээлийн хүүд дарлуулж, орон сууцтай болохын төлөө – залуу насаа бүхэлд нь зориулж байна. Эдийн засаг өссөн ч амьдралын чанар сайжрахгүй ирсэн гол шалтгаан ч үүнтэй холбоотой.
- Цаашид бид орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлж байна.
- Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжиж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, боловсролын тэтгэлэг болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэг сангаас шийдвэрлэнэ.
- Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо илүү оновчтойгоор хэрэгжүүлж, нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно. Мөн 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийнх нь хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.
- Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ хоёр салбарт түлхүү чиглүүлэх болно.
- Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна. Зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэх нь ард иргэдээ зээлийн дарамтаас ангижруулж, хийе бүтээе гэсэн иргэдээ дэмжиж байгаа төрийн дэмжлэг юм.
- Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих, төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг бие даалган байгуулна.
Дөрөв. Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангацгаая.
- Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, цаашид 80 хувь хүртэл бууруулна. Мөн аймгийн төв, томоохон суурин газруудын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулах ажлыг зохион байгуулна.
- Хариуцлагагүй уул уурхайг эмхэлж цэгцлэх ажил эхэлж, байгаль эхийн нуруу амарч өнгө төрхөө засч байгаа. Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээнүүдийг тууштай авч хэрэгжүүлнэ.
- Малчин түмэн, таван хошуу мал бол монгол ахуй, монгол оршихуйн үндэс юм. Тиймээс малчдын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах болно.
- Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулалтын асуудлыг шийдвэрлэх болно.
- Төвлөрлийг сааруулах тогтолцоог бий болгож, нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлэх ажлаа улам гүнзгийрүүлнэ.
Эрхэм гишүүд ээ!
Сонгогч түмнийхээ өргөн дэмжлэгийг өнөөдрөөс эхлэн өндөр хариуцлага хэмээн ухамсарлан зүтгэцгээе ээ.
Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай. Манай засгийн газар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ ёс зүйтэй, сахилга баттай, хариуцлагатай ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй ажиллах болно.