Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Улс орон даяар эхэлж байна. Долоодугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдах энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалт өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохиогдож байгаагаараа онцлогтой. Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын 65 байцаагч хяналт тавьж ажиллах юм байна.
Энэ жил энэ оны төгсөгч 27999, өмнөх оны төгсөгч 2903, нийт 30902 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ширээ хоорондын зайг 1.5-2 метр байлгах ба нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд суулгахаар тооцон шалгалт авах байр, ангиудын тоог нэмэгдүүлсэн байна. Өмнөх онтой харьцуулбал шалгалтын байрыг 35-аар нэмж нийт 85 байранд шалгалтыг зохион байгуулахаар болсны 42 нь хөдөө орон нутагт, 43 нь Улаанбаатар хотод байрлаж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах явцад халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шалгуулагчийг түр тусгаарлахаар 85 өрөөг тохижуулж бэлтгэжээ.
Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй /хараа, сонсголын/ 11 шалгуулагч шалгагдахаар бүртгэгдсэн бөгөөд тэдгээр иргэдийн анги танхимд орох, гарах хөдөлгөөний зохицуулалтыг хийж, анги танхим, ариун цэврийн өрөөг мөн тохижуулж бэлтгэжээ.