Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2020.6.24-нд болох гэж байгаатай холбогдуулан Өрөг.мн сайтын редакц, VTV телевизтэй хамтран “Саналаа Өгье” нөлөөллийн форумыг цувралаар зохион байгуулж эхэллээ.
2016 оны парламентын сонгуулиар 18-35 насны залуусын 50 хувь нь саналаа өгсөн нь чамлалттай үзүүлэлт. Сонгуулийн насны иргэдийн олонхийг эзэлдэг залуус сонгуульдаа идэвхтэй оролцож байж парламентад “шинэ” уур амьсгал орох боломжтой юм.
“Саналаа өгье” форумын эхний дугаарын зочноор
1. Б.Идэр-Од Бизнес эрхлэгч, комедиан
2. Ш.Энхжамц /Vande/ Реппер
3. Б.Орхон Ээж, эмч
4. Б.Цэрэндолгор Модель
Зочдын онлох эшлэлээс хүргэж байна
Ээж, эмч Б.Орхон:
– Сонгуулийн үеэр хар PR их явдаг учраас тэр бүгдэд авталгүй, ядаж коммент хэсэг рүү ороод хэн бичсэнийг шалгаж, нягталж байж тухайн мэдээнд итгэх хэрэгтэй. Хар бараан мэдээ яалт ч үгүй бидэнд нөлөөлөх гээд байдаг. Тийм учраас нягтлах л хэрэгтэй.
– Нэр дэвшигчид хэрвээ сонгогдоод гараад ирвэл яг сонгуулийн үеэр ярьсан шиг ээ л, PR шиг ээ л байгаарай гэж хэлмээр байна. Хэлснээ хийчихдэг бол хэн ч итгэнэ шүү дээ.
– Сонгогчид дөжирч болохгүй. Саналаа өгсөн өгөөгүй ялгаагүй, нөгөө л хүн гарна биз гэж хайнга хандаж болохгүй. Тойргийнхоо нэр дэвшигчдийг судлаад, эргэн тойрны хүмүүсээ саналаа өгөхөд уриалах хэрэгтэй.
– Хүүхэдтэй болсноос хойш хүүхдийн асуудлуудад их мэдрэг ханддаг болсон. Хүүхдэд ээлтэй орчинг л бий болгочихвол бүх хүнд ээлтэй орчин болно гэсэн үг.
– Энэ жилийн сонгуульд манай нөхрийн ээж нэр дэвшиж байгаа болохоор сонгуулийн цаана болдог ажлууд, нөхцөл байдал, ач холбогдлыг нь ч сайн ойлгож байна. Ямар хэцүү шалгуур давдгийг харж байна. Сонгогчид тэрийг үнэлж, ойлгож сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.
Саналаа өгөхдөө ямар хүчин зүйлүүдийг нь голлон хардаг вэ?
Б.Орхон: Өмнө нь хоёр ч удаа сонгуульд саналаа өгч байсан ч ач холбогдол өгч байгаагүй юм билээ. Энэ жилийн сонгуульд ач холбогдол өгч, бие даасан шийдвэр гаргаж, саналаа өгнө. Ёс зүй, мэдлэг боловсрол, тууштай зан чанар, өөрийнхөө амьдралыг яаж авч явж байна гэдгийг нь харна даа.