Ардчилсан нам нэр дэвшигч тус бүрээсээ 100 сая төгрөгийн татвар авч, УИХ-д сойхоо ил тод зарласан. Намын санхүүжилтээ хэрхэн босгохоо ил зарласан нь сайшаалтай ч намынх нь гишүүд тэр мөнгөө хаанаас ямар замаар олж байгаа нь нууц хэвээрээ буй. АН-ын генсек Ц.Баатархүү энэ асуултад хариулаагүй ба өөрийнхөө 100 сая төгрөгөө хэрхэн олсноо ч тайлбарлаж чадаагүй.
Харин МАН-ын мөнгөтэй холбоотой бүх мэдээлэл хаалттай хэвээр буй. Тэд гишүүд дэмжигчдээсээ мөнгө авахгүй, ЖДҮ эрхлэгчдээ дэвшүүлэхгүй гэдгээ зарласан. Тэгвэл тэд сонгуульд зарцуулах мөнгөө хаанаас олох вэ?
Тэдэнд гурван хувилбар байна.
1. Эрдэнэт үйлдвэр. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй л зөвхөн уулздаг, уулзалтад өөр хүн хамт ордоггүй, Х.Бадамсүрэн сонгуулийн мөнгийг нь босгож өгөөд ажлаа өгнө гэх баттай бус мэдээлэл бий.
2. Монголросцветмет компани. Эрдэнэт үйлдвэртэй ижил, сонгуулийн мөнгийг нь босгож өгнө хэмээн амласан гэж улс төрийн хүрээнд яригдаж байна. Коронавирусээс үүдэн эдийн засаг хүндэрчихсэн байгаа үед тасалдалгүй ажиллаж, мөнгө нь орж байгаа цөөн газрын тоонд дээрх хоёр үйлдвэр зүй ёсоор багтана.
3. Бизнес эрхлэгчдийн хандив. Сонгууль бүрээр бизнес эрхлэгчид дараагийн дөрвөн жил бизнесээ тогтвортой байлгахын тулд МАН, АН-д мөнгөө барьж очиж тал засдаг нь нууц биш. Гэхдээ тэдний барьж очих мөнгө сонгуулийн зардлыг бүрэн даахгүй.
Намын гал тогоог барих, нам дотроо ранкаараа дээрээсээ хоёрт эрэмбэлэгддэг олон сонгууль удирдаж ажилласан Д.Амарбаясгалан мөнгөө хаанаас олохоо, хаанаас орж ирэхээ маш сайн мэдэж байгаа. Тиймээс танаас асууя. МАН сонгуулийн мөнгөө хаанаас яаж олох вэ? Нуух шалтгаан юу байна вэ?