Солонгос улсад коронавирусийн халдвараар 10.591 хүн өвчилж, 225 хүн нас бараад байгаа юм. Харин өнөөдөр Солонгос улсын парламентийн сонгууль болж байгаа нь манай улсын сонгууль дөхсөн үед туршлага судлах, суралцах жишиг юм. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Сүншил их сургуулийн Улс төр судлалын докторант Э.Саранцэцэгийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
БНСУ нь ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд хууль тогтоох төрийн дээд байгууллага болох парламентыг Үндэсний Ассамблей гэдэг. Үндэсний Ассамблей нь нэг танхимтай, бүх нийтийн сонгуулиар 4 жилийн хугацаагаар сонгогддог. 25 нас хүрсэн иргэн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Гишүүдийн тоог хуулиар тогтоох бөгөөд 200-аас доошгүй байна. 2020 оны 4 сарын 15-ны өдөр буюу 21 дэх удаагийн ээлжит сонгуулиас байгуулагдах парламентын бүрэлдэхүүн нь 300 гишүүнтэй байх ба парламентын гишүүний эрх нь 2020 оны 5 сарын 30-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай байна.
21 дэх удаагийн парламентын ээлжит сонгуулиар 253 тойрогт 21 намаас нийт 1118 нэр дэвшигчийг хувь тэнцүүлсэн пропорционал системээр сонгоно. Мөн 19 нас хүрсэн иргэн бүр саналаа өгөх эрхтэй байсныг 18 нас хүрсэн иргэн бүр сонгуулийн эрхтэй болгож өөрчилсөн нь энэ удаагийн сонгуулийн онцлог юм.
БНСУ-ын сонгуулийн тухай яривал, орхиж болшгүй зүйлийн нэг бол урьдчилсан санал хураалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа явдал юм. Энэ системийг 2000 онд Америк дараа нь Япон, БНСУ хэрэгжүүлж байна. Энэ нь тухайн хүн өөрийн харьяаллын дагуу оршин суугаагүй болон сонгуулийн товлосон өдөр санал өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс урьдчилж саналаа өгөх үйл явц юм. Ингэснээр өөр хот дүүрэгт амьдарч байгаа хүмүүс байгаа газраа саналаа өгч, өгсөн санал сонгууль болох өдөр хүртэл тухайн хүний албан ёсны хаягийн дагуу хүргэгдэж, өөрийн харьяаллын дагуу саналаа тоолуулах боломжоор хангагдаж байгаа юм. БНСУ-ын хувьд урьдчилсан санал хураалтыг улсынхаа аль ч нутаг дэвсгэрт тухайн хүний саналыг хүргэх боломжит хугацааг тооцон тухайн сонгуулийн санал авах өдрөөс 5 өдрийн өмнө, 2 өдрийн турш зохион байгуулдаг. Энэ удаагийн урьдчилсан санал хураалтыг 2020 оны 4 сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн турш 06:00-18:00 цагийн хооронд явуулсан. Урьдчилсан сонгуулийн ирц 26,7% (11,742,677)-ийн үзүүлэлттэй гарсан нь өмнөх сонгуулийн урьдчилсан санал хураалтын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
1952 оноос эхлэн бүх нийтийн сонгуулийг улс орон даяар явуулах болсноос хойш олон иргэд нь сонгуульд оролцож, саналаа өгсөөр ирсэн ба энэ хугацаанд тэдний сонгуулийн соёл нэлээд дээшилсэн гэж хэлж болох ч бусад орны нэгэн адил сонгууль бүрд албатай юм шиг олны чихийг дэлдийлгэдэг дуулиан, маапаан согогууд одоо ч амь бөхтэй оршсоор байгаа. Мөн сонгогчид юуг харж, хэрхэн санал өгөх нь шат шатны сонгууль бүрд өөр өөр ба эдгээр нь нас, хүйс, гэр бүлийн хэв маяг, нийгэмд эзлэх байр суурь, эрхэлсэн ажил, үзэл баримтлал гэх зэргээс хамаарах үзүүлэлттэй харагддаг ч ихэвчлэн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, БНАСАУ-руу чиглэсэн бодлого, АНУ болон БНСУ-тай холбоотой асуудлууд сонгууль бүрд сонгогчдын сонголтод чухал нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид онцолдог.
Энэ удаагийн сонгуульд оролцож буй улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг ерөнхийд нь авч үзвэл орон сууц, боловсрол, нийтийн тээвэр, сургууль, автобус, эмнэлэг, цэрэг, ажлын байр, хот төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн 10 үндсэн асуудлыг онцолж байгаа юм байна.
Дэлхий нийт COVID19 гэх цар тахалтай тэмцэж буй энэ үед БНСУ парламентынхаа ээлжит сонгуулийг хойшлуулалгүй, товлосон хугацаандаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг аван явуулж байгаа нь мөн сонгуулийн эрхтэй насыг 18 болгож өөрчилсөн зэрэг нь сонгуулийн үр дүнд нь хэрхэн нөлөөлж, иргэдийн оролцоо аль төвшинд байж, ямар сонголт хийх бол гэдгийг сонирхох хүн олон байна.
Энэ удаагийн сонгуулиар саналаа өгөхөөр ирж буй иргэддээ дараах зөвлөмжийг БНСУ-ын Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан байна. Энэ нь:
1. Бичиг баримтаа бэлтгэх
2. Бага насны хүүхдийг сонгуулийн байр руу авч явахгүй байх
3. Санал авах байр руу очихын өмнө гараа савандаж, 30 секундийн турш угаах
4. Маск зүүх (Бичиг баримтын тулгалт хийж шалгах үед л маскаа түр авах)
5. Санал авах байранд орохдоо халуунаа үзүүлэн гараа ариутган, нэг удаагийн бээлий өмсөх
6. Санал авах байрны гадна, дотор нэг метрийн зай барих
7. Санал өгөх байрны гадна болон дотор хоорондоо аль болох ярилцахгүй байх
8. Халуурах болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түр санал өгөх байранд санал өгсний дараа эрүүл мэндийн төв рүү очих
2020.04.15, БНСУ, Сөүл хот