"Бизнес өрөг" нэвтрүүлэг энэ удаа АНУ-ын Вашингтон.ДС хотод санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Imposta” компанийн үүсгэн байгуулагч, захирал Г.Османовыг онцолж ярилцлаа.
Тэрээр анх эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалахаар Гүржээс АНУ-д ирж, сурч байхдаа сургуулиа орхин өөрийн санхүүгийн компаниа байгуулсан байна.
Америкийн зах зээл дээр амжилттай ажиллаж байгаа олон гадаад иргэдийн нэг түүнтэй Америкийн татварын нөхцлийн давуу тал, санхүүгийн зөвлөх үйлчилгээний бизнесийнх нь талаар ярилцлаа.
Зочин хөтлөгч:
- Ц.Цогоо
Вашингтон.ДС хотод үйл ажиллагаа явуулдаг Home Design компанийн захирал
- Live Person компанийн инженер М.Сонинбаяр
Хэрэглэгчийнхээ цагийг хэмнэж, бага зардлаар илүү их бүтээмжийг гаргахын тулд бизнестээ технологи нэвтрүүлж бизнес моделоо дахин загварчилсан
Таны хувьд АНУ-д бизнес эрхэлж байгаа гадаад иргэдийн төлөөлөл. Яагаад заавал Америкийг сонгож бизнесээ эхлүүлэхээр шийдсэн юм бэ?
2002 онд анх АНУ-д ирж байсан. Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалахаар Вашингтон ДиСи-д их сургуульд сурахаар ирж байсан ч дундаас нь сургуулиа орхиж, бодлоо өөрчилсөн. Ерөөсөө докторт сурахаа больё гэж шийдсэнээсээ хойш хэд хэдэн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг сонирхож ажиллаж үзлээ. Тэгээд л би санхүүгийн чиглэлээр ажиллаж, өөрийгөө илүү хөгжүүлэх ёстой юм байна гэж шийдэж компаниа байгуулж байсан.
Зорилгодоо бууж өгөх цаг юм биш юм байна, үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэхийн тулд технологийн дэвшилтэй хослуулаад үзье гэж бодсон. Ингэж л бүх юм эхэлсэн дээ.
Америкт анх бизнесээ эхлүүлэхэд хэр таатай нөхцөл байдал угтсан бэ? Таны бизнест Америкийн татвар төлөлтийн систем их нөлөөлсөн юм шиг харагдаж байна?
Тийм ээ. Бизнес том, жижиг, ер нь ямар байхаас шалтгаалахгүйгээр, бүгдээрээ л татвараа төлдөг байх ёстой. Үхэх нь үнэн, татвараа төлөх нь үнэн гэсэн Америкийн эртний үг байдаг. Бизнес рүү “ханцуй шамлаж” орсон ч хэн ч бай татвараа дааж, үүрч чадах тийм хэмжээний хариуцлагатай л байх ёстой.
Анх бизнесээ гэрээсээ ганцаараа эхлүүлж байсан. Тэгээд өргөжөөд одоо 15 ажилтантай. Хамгийн том тулгарч байсан асуудал цаг хэмнэх, харилцагчаа татах, холбоо харилцаа тогтоох гээд асуудлууд үүсч байсан. Нэг үе “ер нь бид хий дэмий юманд цагаа зарцуулаад байна уу даа гэж бодох үе байсан л даа. Үнэндээ хоногийн 24 цаг хүрэхгүй байсан юм. Тийм болохоор, бизнестээ анхнаасаа л технологи нэвтрүүлэх тал дээр анхааръя гэж зорьцгоосон. Ингэснээр, бичиг цаасны ажлууд маань багасч, үйлчлүүлэгчдэдээ илүү ойр ажиллах боломжийг бидэнд нээж өгсөн. Тэрийг ойлгоод бизнес моделоо дахин загварчилж байсан.
Бизнес эхлүүлж байгаа хүнд хоёр сонголт тулгардаг. Асар богино хугацаанд ашиг олох, нөгөө нь, аажмаар урт хугацаандаа тогтвортой ажиллах. Би хоёр дахь замыг нь сонгосон
Бизнес нь хэдий хугацаанд хүссэн хэмжээнд ашигтай ажиллаж эхэлсэн бэ?
Бизнесээ эхлүүлж байгаа хүмүүст хоёр сонголт тулгардаг.
- Нэг бол асар богино хугацаанд ашиг олох.
- Нөгөө нь, урт хугацаандаа тогтвортой ажиллах гэсэн ийм л хоёр зам байсан. Би хоёр дахь замыг нь сонгосон. Ашигтай ажиллаж эхлээд, дахин хөрөнгө оруулалт хийгээд амжилттай ажиллахад нийтдээ 5-7 жилийг зарцуулсан.
Санхүүгийн зөвлөх үйлчилгээ, татвар бодох гэхээр ямар үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг вэ? Энгийнээр тайлбарлаж өгөөч.
Манайх нягтлан бодох, санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани. Америкт компаниас гадна иргэд өөрсдөө татвар төлдөг учраас жил бүр татвараа бодуулдаг. Бид жижиг бизнесүүд, хувь хүн гээд л санхүүгийн үйлчилгээ эрхэлж буй бүхий л хэсэгт хүрч ажилладаг, тэднийг татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээгээр ханган ажиллахыг зорьдог юм.
Америкт компанийн хэлбэрээс хамаарч шаталсан системээр татвар төлдөг. Компанийнхаа ч, хувь хүнийхээ нэр дээр ч татвараа зэрэг төлөөд явдаг. Америкийн татварын систем жижиг дунд бизнесүүдээ маш их боломжийг олгодог
Америкийн татварын нөхцөл жижиг дунд бизнесүүдэд их таатай гэж сонссон. Үйл ажиллагааны зардлаа хасаад үлдсэн татвараа хувь хүн дээрээ бодуулах сонголттой байдаг гэсэн?
Америкт Партнершип, Корпораци гээд компанийн хэлбэрээ хамаарч шаталсан системээр татвараа төлдөг. Компанийнхаа ч, хувь хүнийхээ нэр дээр ч татвараа зэрэг төлөөд явдаг. Энэ нь нэг талаар бусад зах зээлтэй харьцуулахад компаниудад илүү их боломжийг олгож байгаа юм.
Татварын яг ямар нөхцөл нь гарааны болон жижиг бизнесүүдэд давуу тал болдог вэ?
Америкт бизнест эрхлэхийн нэг давуу тал нь компани байгуулах процесс харьцангуй амархан. Гэхдээ төрөөс дэмжлэг болгоод юу юугүй татвар хөнгөлөөд, “май” гээд л мөнгө атгуулчихгүй шүү дээ. Харин зарим нэг салбарын бизнесүүдэд грант буюу мөнгөн тусламж, буцалтгүй зээл олгодог. Үүсгэн байгуулагдсан компани ашиггүй ажилласан жилийнхээ татварыг ашигтай ажилласан жилдээ суутгуулж болно.
Манай Монгол улсад компаниуд том жижиг гэлтгүй бүгд 10 хувийн татвар төлдөг. Энд олон шатлалтай юм байна. АНУ-д компаниуд дунджаар хэдий хэмжээний татвар төлдөг юм бэ?
Америкт “та компаниа анхнаасаа яаж байгуулсан бэ” гэдгээсээ хамаараад татварыг өөр өөрөөр тогтоодог. Жишээ нь, хязгаарлагдмал хариуцлагатай компани байгууллаа гэж бодъё. Энэ тохиолдолд компанийнхаа олсон орлогыг хувь хүн өөр дээрээ мэдүүлдэг. Харин корпораци бол өөр. Өмнө нь Корпорациуд 35 хүртэлх хувийн татвар төлдөг байсан бол 2017 онд гаргасан шинэ хуулиар татварыг 21 хувь болгож багасгасан.
Жижиг компанийн жишээнээс харахад, иргэнээ бодож татвараа тогтоодог улс юм байна гэж ойлголоо. Ингэж харж болох уу?
Тийм ээ. Та аль салбарт ажилладаг, Таны бизнес хэр зэрэг том бэ гэдгийг заавал харгалзаж байж татвар төлүүлнэ. Дээрээс нь, иргэн та хэн бэ гэдгээс хамаарч татвар нь өөр өөр байна. Энгийнээр тайлбарлах юм бол, та гэрлэсэн үү, сарын орлогын хэмжээ нь ямар вэ, хэдэн хүүхэдтэй вэ гэх мэтээр харж үзээд зохих татварыг нь ногдуулдаг. Энэ нь дан ганц бизнес эрхлэхэд ч гэлтгүй амьдрахад ч таатай нөхцөл нь болж өгдөг юм.
Америкт иргэн бүр татвараа маш сайн төлдөг соёл тогтчихсон юм байна. Эргээд төлсөн татварынхаа үр дүнг хүртэж чаддаг учраас энэ систем сайн бүрдсэн гэж ойлгож болох уу?
Тийм ээ. Америкт татвар гэдэг бол тухайн компанийн тухай, хувь хүний тухай ч бүгдийг нь хэлээд өгөх “толь” гэж хэлж болно. Тийм учраас ч татвар хэр зэрэг төлсөн бэ гэдгийг нь хараад дүгнэх нь нийтлэг. Жишээ нь, банкууд компаниудад зээл олголоо гэхэд эхлээд “төлсөн татварыг чинь харъя” гэдэг. Хамгийн чухал нь татвар. Борлуулалт бол үүний дараагаар яригдах асуудал байдаг. Борлуулалт хэд ч байж болно. Өөр бас нэг зүйл нь, улс төрч хүн байлаа гэж бодъё л доо. Тэглээ гэхэд, тухайн хүний төлсөн татварыг нь үзээд итгэл үзүүлэх эсэхээ шийддэг байх жишээтэй. Тэгэхээр, татвар төлнө гэдэг нийгмийн нэг соёл, том үнэлэмж байдаг гэж хэлж болох юм.
Татварын системийн талаар нэлээн ойлголт авлаа. Одоо таны бизнесийн талаар яриагаа үргэлжлүүлье. Энэ өрсөлдөөн дунд танай компани юугаараа ялгардаг вэ?
Манай компанийн хувьд, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээрээ ялгардаг. Ингэхдээ бид үйлчилгээгээ технологийн дэвшилтэй уяж чаддагаараа ижил төрлийн компаниудаас давуу гэж бодож байна. Энэ бол нэг талаар ялгарал. Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бусад компаниуд одоогоор технологийн дэвшлийг ашиглахад төдийлөн анхаарахгүй байна. Мэдээж, Америкийн том зах зээл дээр янз бүрийн л компаниуд байна л даа.
Одоо компанийнх нь бүтэц ямар болж хөгжсөн бэ?
Одоогоор компанидаа арван тавуулаа ажиллаж байна. Эхэлж байгаа бизнесийн хувьд ажилтнуудын тоо бага байх тусам зардал нь мэдээж бага тусна. Ер нь, манай компани анхнаасаа технологийн компани биш учраас манайхтай хамтарч ажиллаж байгаа компани бидний хүссэн үр дүнг гаргаж өгч, сайн ажиллаж байна уу гэдэг дээр нэлээд анхаарч, ажилладаг.
Хэчнээн үйлчлүүлэгчтэй вэ? Ихэвчлэн хувь хүний татвар боддог уу?
Ойролцоогоор 1500 үйлчлүүлэгчтэй гэж тооцвол 40 хувь нь бизнесийн компаниуд, 60 хувь нь хувь хүн байна.
Америкт жижиг дунд бизнесүүд маркетинг, IT, санхүүгийн үйлчилгээгээ өөрсдөө хийх гэж “зоволгүй”, мэргэшсэн байгууллагаас нь авчихдаг. Санхүүгийн хувьд ч энэ нь давуу талтай
Танай хэрэглэгчдийн 40 орчим хувь нь бизнесийн компаниуд байдаг гэлээ. Компаниуд өөрсдөө нягтлан бодогч авалгүй мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэхийн давуу тал юу вэ?
Байгууллагадаа нягтлан бодогч авч ажиллуулна гэдэг бол зардал ихтэй сонголт л доо. Нягтлан бодогч багтаа авлаа гэхэд, тухайн хүн санхүү, татварын системийн талаар тийм ч хангалттай мэдлэггүй байж болно шүү дээ. Харин санхүүгийн зөвлөх үйлчилгээ авбал бүхий л талаар мэргэшсэн зөвлөхүүдийн туслалцаа авч, үр дүнтэй ажиллах боломжтой гэсэн үг. Ямар ч байсан компаниуд үйлчилгээ авснаараа ашиг, үр өгөөж нь илүү байдаг гэдгийг хэлэх байна. Америкт жижиг дунд бизнесийн байгууллагууд санхүү, маркетинг, IT-аа мэргэжлийн газраас нь гэрээт байдлаар авч ажилладаг.
Америкт татвараас зугтаах, татвараа нуух тохиолдол хэр гардаг уу?
Яг тодорхой нарийн жишээ хэлж мэдэхгүй байна. Энд хоёр ойлголт яригдана. Нэг нь компаниуд татвараа нуун дарагдуулах, эсвэл, хуулийн дагуу бага хэмжээгээр төлөх арга байна. Амозон компанийн жишээ байнга яригддаг шүү дээ. Тэрбум тэрбумаар нь ашиг олдог мөртлөө яагаад ийм бага татвар төлдөг юм бэ гэж… Тэгэхээр би энд юу хэлэх гээд байна вэ гэхээр, төлөвлөж л чадвал татвараа арай бага хэмжээгээр төлөх боломж байна. Мэдээж, Хууль, ном журмынхаа дагуу шүү дээ.
Монгол хэрэглэгчидтэй юу? Монголын бизнесийнхэнтэй хэр зэрэг хамтарч ажилладаг вэ?
Өнөөдрийн байдлаар, Монголоос 10 гаруй хувь хүнд үйлчилгээ үзүүлж байна. Мөн манай татварын зөвлөх маань Монгол хүн бий.
Монголын зах зээлийн талаар хэр зэрэг мэдэх вэ? Монгол руу бизнесээ тэлье гэсэн бодол байдаг уу?
Монголын зах зээлийн талаар ер нь мэдээлэл авдаг л даа. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Улс төр, эдийн засгийнх нь нөхцөл байдлыг нь ерөнхийд нь анзаараад харахаар, Монголд хөрөнгө оруулж болох салбар олон гарч ирж байна гэж харсан.
Гэхдээ Монголын компаниуд одоог хүртэл нягтлантай байдаг. Зөвлөх үйлчилгээний давуу талыг юу гэж тайлбарлах вэ?
Монголын бизнесийн жижиг болон томоохон компаниуд санхүүгийн үйлчилгээгээ гаднаас авна аа гэвэл өртөг зардлын хувьд мэдээж асуудал тулгарна. Гэхдээ, технологид тулгуурлаж хөгжвөл илүү үр өгөөж, бүтээмжтэй үйлчилгээг авч чадах болно гэдгийг хэлмээр байна.
Намайг хурцалсан зүйл гэвэл миний нэр хүнд, хувийн амбиц, гэр бүл, улс орон минь байсан юм. Америкт цагаачлан амьдарч байгаа миний ард миний эх орон, элэг бүтэн гэр бүлийн минь нэр хүнд байгаа. Тэд маань намайг харж байгаа шүү дээ гэдэг тэмүүллээр урагшилсан даа
Америкийн зах зээл дээр бизнес эрхлэхэд өнөөдрийг хүртэлх хугацаанд тулгарч байсан гол бэрхшээл нь юу байсан бэ?
Америкт бизнесээ анх эхлүүлээд би нэг зүйлийг нэлээд ухаарсан. Тэр нь юу вэ гэхээр, өөрийнхөөрөө үзээд алд, битгий бууж өг гэдэг хүчтэй бодлыг тархиндаа суулгаад хөдөлж эхлэх ёстой юм байна аа гэж. Нэлээн шантарчихсан явж байхдаа би Breaking bad нэртэй кино үзсэн юм. Тухайн кинонд хүндээр өвдсөн, хоёр жилийн настай гэдгээ мэдсэн нэгэн багш “Үхэхийн хооронд өөрийгөө чөлөөлье. Өөрийнхөөрөө байя” гэж шийдээд хүссэнээ хийж, эрсдэлтэй нүүр тулж байгаа тухай гардаг юм. Ингэснээрээ тэр хэцүү нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлж чаддаг. Яг үүн шиг л би оролдоод үзье гэж зориглодог.
Намайг хурцалсан өөр нэг зүйл гэвэл миний нэр хүнд, хувийн амбиц, гэр бүл, улс орон минь байсан юм. Америкт цагаачлан амьдарч байгаа миний ард миний эх орон, элэг бүтэн гэр бүлийн минь нэр хүнд байгаа. Тэд маань намайг харж байгаа шүү дээ гэдэг тэмүүллээр урагшилсан даа.
Та түрүүн Америкийн бизнесийн орчны таатай нөхцөлийн талаар дурдлаа. Харин эсрэгээрээ асуудал болдог зүйл нь юу вэ?
Мэдээж, хүндрэл бэрхшээл байлгүй яах вэ. Ерөнхийдөө, тухайн бизнесийн компанийн байршил, хууль эрх зүйн орчин гээд л олон хүчин зүйлс нөлөөлнө л дөө. Хамгийн гол асуудал нь Америкт ажиллах хүч үнэтэй. Энэ нь хүндрэлтэй. Мэдээж, ямар бизнес байхаас их хамаарна.
Цаашид бизнесийн чиг хандлага ямар болж өөрчлөгдөнө гэж харж байна вэ?
Дэлхий нийтээрээ бизнесийн чиг хандлага хиймэл оюун ухаанд суурилсан тал уруугаа явж байна. Компаниуд ч бүхий л салбарт үүний үр өгөөжийг ашиглахыг зорьж байна. Товчхондоо, компаниуд хэрэглэгчид файлаа боловсруулах гэж өөрсдөө хугацаа алдаж суудаг биш, бэлэн файлаа илгээхэд л серверээс асар богино хугацаанд боловсруулаад буцаагаад илгээдэг тийм хэлбэр лүү шилжиж байна. Жишээ нь, Майкрософт компанийн Азур гээд систем байна л даа. Тэнд хэрэглэгч сар, жилээр нь төлбөрөө төлчихөөд клауд систем рүүгээ бэлэн файлаа өгчихнө. Ингэхэд тухайн клауд систем дэх том серверүүд ажиллаад ганцхан минутын дотор тухайн файлыг нь боловсруулаад өгчих жишээтэй. Хэрэгтэй үедээ мөнгөө төлөөд үйлчилгээгээ авна. Хэрэглэгчид заавал нүсэр технологи, өндөр хүчин чадалтай компьютер хэрэгсэл хэрэггүй болж байгаа юм. Манай компани ч ийм жишигт шилжиж эхэлсэн. Сараар төлбөрөө төлөөд л үйлчилгээгээ авчихдаг. Тэгэхээр цаг мөнгө хэмнэхээс гадна, ажлын бүтээмж нэмэгдэж эхэлж байгаа юм.
Ойрын хугацаанд бизнесээ яаж өргөжүүлье, тэлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ? Америкийн зах зээлд амжилттай яваа бизнес өөр орны зах зээлд нэвтрэх боломж нь нээлттэй гэж харж байна. Таны төлөвлөгөө юу байна?
Хамгийн эхний том зорилго бол Америкийн үндэсний хэмжээний компани болох. Цаашлаад бизнесээ Канад, Англи, Австрали, Шинэ Зеланд руу гаргаж өргөжүүлэх зорилго тавьж байна. Эдгээр улсууд бүгд англи хэлтэй учраас харилцахад амар. Бас, татвар, санхүүгийн үйлчилгээний хувьд ижил төстэй байдаг. Тэгэхээр бид эхний ээлжид Америкийн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа өргөжүүлээд авчихвал эдгээр улсын зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж нь нээгдэнэ гэж харж байгаа.
Нутаг уруугаа буцах уу? Хувь хүнийхээ хувьд ямар зорилготой байна? Ирсэн зорилгоо гүйцэлдүүлж чадлаа гэж харж байна уу?
Ойрын ирээдүйд эх орон уруугаа буцъя гэсэн бодол байхгүй ээ. Би Америкт байснаараа эндээ, эндхийн зах зээлд миний сурсан мэдсэн бүхэн хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж төрөлх нутаг оронд минь ч миний мэдлэг, хувь нэмэр хэрэгтэй. Аливаа шинэ зүйлд суралцъя, хөгжье гэсэн зорилго, мөрөөдөл маань хэвээрээ байгаа.
Та Монголын зах зээлийг судалж, сонирхож байгаа гэсэн. Монголын зах зээлийн давуу талыг юу гэж харж байгаа вэ?
Монгол гэхээр, шууд л байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг санаанд минь бууж байна л даа. Мэдээж үүнийг дагаад уул уурхайн салбарт боломж ихтэй. Нөгөө талаар, Дэлхийн хоёрдогч том зах зээл, БНХАУ-ын зах зээлд ойр. Энэ нь Монголын хувьд маш том давуу тал юм.
Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Биднийг зорин ирж , нэвтрүүлэгтээ урьж ярилцсан та бүхэнд бас баярлалаа. Яриа өрнүүлэхэд таатай байлаа.