“БИЗНЕС ӨРӨГ”-ИЙН ЗОЧИН М.ИТГЭЛИЙН ТУРШЛАГА БА АНУ-Д БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖУУД
“Бизнес өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор АНУ-ын Сиэтли хотод рестораны бизнесээ амжилттай эрхэлж буй, “Сора Сүши” рестораны Ерөнхий захирал М.Итгэл оролцлоо. 18 жилийн өмнөөс Америкт хөл тавьж, долоон жил “хүний дор” ажиллаж хуримтлуулсан хуримтлалаараа өөрсдийн ресторанаа нээж байжээ. Эдийн засгийн хямралыг “боломж” болгон ашиглаж бизнесээ эхлүүлсэн түүний ярилцлагын онцлох хэсгүүдийг хүлээн авна уу.
- 2002 оны хоёрдугаар сард эхнэр хүүхдийнхээ хамтаар АНУ-д ирж байлаа. Солонгос ресторонаас ажлын гараагаа эхэлсэн. 6 өдөр 12 цагаар ажиллаж байсан. Солонгос эзэдтэй газрын онцлог нь ажилтнуудаа цалин өгч байгаа учраас сайн ажиллах ёстой гэсэн зарчимтай, нэг минут ч зүгээр суулгадаггүй байлаа. Тэнд “ажил хийж сурсан”, ачаалал дааж сурсан. Мах хэрчих, ая угаахаас авахуулаад нарийн чимхлүүрт ажилд суралцсаар туршлагажиж, тогооч болж чадсан.
- Солонгос, Америк, Япон ресторанд ажиллаж, алхам тутамдаа өөрийгөө хурцалж, зүтгэсэн. Өөр илүү цалинтай газар ажиллаач гэж хэлсэн найзууддаа “Би цалинтай тогоочийн курсэд сурч байгаа гэж хэлдэг байлаа. Ингэж л тууштай ажилласныхаа үр дүнд эхнэрийнхээ хамтаар 2009 онд ресторанаа нээсэн.
- 2007 онд Америкийн эдийн засгийн хямрал ёроолдоо хүрч олон үйлчилгээний газрууд хаалгаа барьж, олон хүн ажилгүй болж байлаа. Би ч мөн цомхтголоор ажлаасаа гарсан. Үүнийг боломж талаас нь ашиглаж үзье гэж шийдээд өөсрдийн ресторанаа нээсэн юм. “Гэр бүл, найз нөхөд олон хүн надад итгэж найдаж байгаа. Би зам гаргах ёстой” гэж хичээсэн. Түүнээс хойш энэ замаараа олон хүнийг оруулсан. Монголчууд нэгдэж нийлбэл болдог юм байна гэдгийг харуулахыг зорьсон.
- Америкт ирээд долоон жил хүний дор ажиллаж хуримтлуулсан 160 мянган доллар /одоогийн ханшаар 430 сая төгрөг/-аар бизнесээ эхлүүлсэн.
Итали хоолны рестораныг худалдан авч Япон ресторан болгож өөрчилсөн.
- Шантармаар үе ч байсан. Гэхдээ бууж өгөөгүй. 2011 онд Японд Атомын цахилгаан станц дэлбэрэх үед өдөрт 2,3-хан үйлчлүүлэгтэй өнжих үе ч байсан. Японоос гол бүтээгдэхүүнээ авдаг учир хэрэглэгчид айж эхэлсэн. Зарим нь танай хүнс хоргүй гэдгийг баталж, амлалт өгч чадах уу гэж хүртэл асууж байсан. Үүнээс хойш, зургаан сар болж байж жигдэрсэн.
- Ресторанаа нээгээд таван жилийн дараагаас л ашиг олж эхэлсэн. Гэхдээ бид анхнаасаа ашгийг нэгдүгээрт тавиагүй. Зөвхөн ашгийн төлөө ажиллабал эхнэр бид хоёр их зовж амьдрах байх. Америкт 10 ресторан шинээр нээгдэхэд гурван жилийн дотор 9 нь хаагддаг гэсэн судалгаа байдаг. Манай ресторан тэр нэгт нь багтаад амжилттай явж чадсан нь эхнэр бид хоёр мөнгөгүй үедээ бие биенээ сайн ойлгодог байсан.
- Мэргэжлийн тогооч хүний хувьд хэлэхэд, Сушины ресторанд хэрэглэгч болгоноо мэдэрч ажиллах чухал. Үйчлүүлэгч бүр өөр. Жишээ нь, Ази хүн орж ирлээ гэхэд будаагаа багасгаж өгнө. Зөөгч ч маш чухал. Энэ хүнд 30-50 хувиар амтыг нь нэмж өгөх үү, бууруулах уу гэдгийг тэр хүн анх хараад л мэддэг, мэдэрдэг байх ёстой. Дээрээс нь харилцаа чухал. Инээмсэглэсэн найрсаг хүн байвал хоолонд нь “амт орно”. Үүгээрээ олон соёлыг түгээж байдаг.
- Рестороны бизнес чимхлүүр ажил ихтэй. Гэхдээ хэзээ ч шантардаггүй. Мөлхөөд босгож ирсэн бизнесээрээ бахархдаг. Олон хүнд итгэл урам өгч, зам нээж өгч байгаадаа баярладаг. АНУ-д ирэх гэж буй хүмүүст “Олон хүн зам гаргаж өгөөрэй” гэж хэлмээр байна.
- Олон хүн франчайзингаар рестораны эрхээ өгөөч гэж хандаж байсан. Би одоог хүртэл өгөөгүй байгаа. Зөвхөн мөнгө нь байгаад рестораны бизнесийг аваад явчихдаг юм биш. Тухайн рестораныг ажиллуулах чин эрмэлзэл, үйлчлүүлэгчээ тэргүүнд сэтгэлтэй байхыг нь хардаг. Тэгж байж бидэнтэй гар нийлнэ гэсэн үг.
- 2009 оны байдлаар, “Сора сүши” ресторан:
– 60 гаруй мянган долларын худалдааны татвар
– 12 мянган долларын цалин хөлсний татвар
– 22 мянган долларын орлогын татвар
– Нийтдээ 100 орчим мянган долларын татвар төлсөн байна.
– Ажилтнууддаа 3-5 мянган долларын цалин олгодог.
Нэвтрүүлгийг бүтэн үзэх линк:
https://www.youtube.com/watch?v=pPhOw2RS7iE