Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Монгол Улсын хилийн 827-830 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талдаа хилээс хоёр км-ын зайд хээрийн түймэр гарч байна, хил давж орох магадлалтай байна гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 14:15 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч 18:15 цагт, Хэнтий аймгийн Дадал сумын мэргэжлийн ангийн долоон албан хаагч 19:35 цагт, Онон-Балжийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны найман ажилтан 19:30 цагт, нийт 30 хүн, гурван автомашинтай “Ульхан” хилийн заставт тус тус очсон байна. Улсын хилийн 833-1 дугаар тэмдэгтээр 0.1 км урттай, 2 км өргөнтэй хээрийн түймэр Монгол Улсын хилийг даван ирснийг хилийн 5 дугаар заставын 11 алба хаагч, орон нутгийн таван малчинтай хамтран 20:10 цагт унтраажээ.
Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Бууралын шивэрт гэдэг газар ойн түймэр гарсан дуудлагыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 43 иргэн, нийт 67 хүн, мөн өдрийн 21:00 цагт түймрийг хяналтад авч бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 60 орчим га талбай шатсан.