Уржигдар Монгол улсын 1,002,052 хүүхдийн гурав нь, нэг эхээс зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс бурхан орныг зорилоо. Талийгаач хүүхдүүдийн ээж, аав, эмээ, өвөө гэр бүл төрөл төрөгсдөд Өрөг.мн сайтын хамт олон гүн эмгэнэл илэрхийлье.
Тэд Монгол төрийн бодлогын алдаа, шинэ нийгэмдээ үл таарах хуучинсаг сэтгэлгээний золиос болж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Хүүхдүүдийн амиа алдах болсон шалтгаан НЭГ:
Хүүхдүүдийн амьдардаг байрны угаалтуурын хэсэг бөглөрч,ус хальж газарт байсан тогтой утас, устай “уулзаж”. Ингээд эгч дүү гурав хэзээ ч эргэж ирэхгүйгээр ээж ааваа орхиод явсан.
Үүнд хүүхдүүдийн ээжийг буруутгамааргүй. Ээжид нь даргын үг тушаал тул хариуцлагагүйдээ биш аргагүйдээ хүүхдүүдээ түгжээд гарсан байх. Бид цаашдаа хүүхдүүдээ том болсон гэж бодолгүй өөрсдөөр нь харуулаад үлдээж болохгүй гашуун “сургамж”. Бид тэднийг өлсгөхгүй, дааруулахгүй үндсэн үүргээс гадна аюулгүй байдлыг нь сайн хангахгүй бол болохгүй тийм л нийгэм. Гэрээ тойроод л гүйдэг, чулуугаар тоглож хүн болдог цаг үе ард үлдсэн шүү дээ.
Хүүхдүүдийн амиа алдах болсон шалтгаан ХОЁР:
Коронавирусийн дэгдэлтээс үүдэж хөл хорио тогтоогоод, цэцэрлэг сургуулийн үүдийг барьчихсан атлаа ажилтнуудаа “амраасангүй”. Тэд дуртайдаа амаръя гээгүй. Дэлхий даяар дэгдсэн өвчнөөс сэргийлэх гэж гэнэтийн зүйлсээс улбаалж “амрахад” хүрсэн. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нь талийгаач хүүхдүүдийн ээж, үйлчлэгч эмэгтэйг ажиллуулсан. Шалтгаан нь цэцэрлэгийн ойг угтаж, урлагийн үзүүлбэр бэлдсэн гэх. Баяр наадамд дуртай бид жорлон барихдаа ч тууз хайчилдаг нь үнэн. Аливааг сүртэй тэмдэглэж, жигд хувцсаар гангарч, дуулж хуурдаад орой нь архиддаг нь Монгол байгууллагын ойн баяр гэхэд хилсдэхгүй. Энэ бол социализмийн нийгмээс үлдсэн “уламжлал”. Шинэ нийгэмд үл тохирох, хэрэгцээгүй “соёл”.
Нөгөөтээгүүр ажиллагсдынхаа ар гэр нийгмийн байдлыг анзаарч, гурван нялх хүүхдээ цоожлоод гарахаас аргагүйд хүрсэн ээжийг менежер нь захирал нь хамт олон нь мэдэж, санаа тавьсан бол гэж аргаа барсандаа бодож сууна. Нэг дээвэр дор ажиллаж, нэг тогооноос хооллож буй бид зөвхөн л хар амиа бодож, бусдынхаа харцыг ядаж ажиглах сөхөө байдаг бол. Амьддаа бие биенээ хайрлая гэх үгс л санаанд бууна.
Хүүхдүүдийн амиа алдах болсон шалтгаан ГУРАВ:
Салбар яам буюу БСШУЯ сургууль цэцэрлэгийг хаачхаад, эцэг эхийг нь ажиллуулчхаад хүүхдүүд нь өөрсдийгөө харж хандаг гэж бодсон хэрэг үү? Багш, ажиллагсад бол Монгол.
Шат дамжлага бүрдээ идэж уудаг авилгын систем, буруу бодлого гүн шингэсэн Монгол төр, дуу шүлэг, байгууллагын ой мэтийн хэлбэрт бүхнээ зориулдаг хуучинсаг сэтгэлгээний гор бидэнд олон гай тарьж буй. Түүнийг гурван хүүхэд амиараа “нотоллоо”.
2019 онд Монгол улсад 4922 хүүхэд томчуудад хүчирхийлүүлж, 60 орчим хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, сард хоёр хүүхэд томчуудын буруугаас үүдэж бурханд залардаг. Дарханд амиа алдсан гурван хүүхэд ч Монгол төрийн үл хайхрах хүчирхийллийн золиос боллоо. Уг нь тэд бидний үргэлжлэл байв… Харуусаад өнгөрөхгүй хийх сэн.