
ФИФА-гийн ёс зүйн хороо Аргентины шигшээ багийн тоглогчдын гаргасан үйлдлийг шалгана
Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийнхан өнгөрсөн лхагва гарагт Английн шигшээ багтай хийсэн тоглолтынхоо дараа талбай дээр “Фолклендын арлууд аргентинчуудынх” гэж бичсэн лоозон барьж зогссон асуудлыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны дэргэдэх Ёс зүйн хороо шалгахаар болжээ.
Атлантын далайд байрлах Фолклендын арлуудыг Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улс болон Аргентин улс тус бүр өөрсдийн эзэмшлийнх хэмээн үздэг бөгөөд 1982 онд дээрх хоёр улс Фолклендын арлуудын төлөө хоорондоо дайтаж, Их Британи улс ялалт байгуулж байсан юм. 2013 онд Фолклендын арлуудын иргэд бүх нийтийн санал асуулгад оролцож дийлэнх нь Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улсад нэгдэхийг зөвшөөрч байжээ.
2014 онд Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг Словенийн шигшээ багтай хийсэн тоглолтынхоо өмнө мөн ижил утга агуулга бүхий лоозон барьж зогссон явдлаас болж ФИФА Аргентины Хөлбөмбөгийн холбоог 27 мянган ам.доллароор торгож байсан аж.
ФИФА-гийн дүрэмд ДАШТ-д оролцож буй тоглогчид улс төрийн акцад оролцож болохгүй гэж заасан байдаг ба уг дүрмийг зөрчсөн тоглогчдыг тэмцээнээс хасах хүртэл шийтгэл ноогдуулдаг юм байна. Нөгөөтэйгүүр ФИФА-гийн ёс зүйн хорооны шийдвэр энэ удаагийн ДАШТ дууссаны дараа гарах төлөвтэй байгаа тул Аргентин-Испанийн аваргын төлөөх тоглолт хуваарийн дагуу болж өнгөрөх аж.
Орчуулагч, редактор С.Энхзаяа









