Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги аймгийн Эмч нарын нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Эрүүл мэндийн сайн үйлсийн аян 2026”-г энэ сарын 1–4-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Аяны хүрээнд БНСУ-ын туршлагатай нарийн мэргэжлийн эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран дотор, мэдрэл, мэс засал, шүд, арьс, гоо засал, хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, уламжлалт эмчилгээ, хөх болон бамбай булчирхайн хэт авиа, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө үзүүлж, давхардсан тоогоор 4293, нийт 2517 иргэнд үйлчилгээ хүргэлээ. Мөн хүүхэд багачуудад амны хөндийн эрүүл мэндийг дэмжих сургалт, зөвлөгөө зохион байгуулсан байна.
Түүнчлэн БНСУ-ын эмч нар орон нутгийн эмч нартай хамтран шаардлагатай иргэдэд нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж, төрөх болон эмэгтэйчүүдийн тасагт орчин үеийн арга технологи ашиглан нийт 25 мэс засал амжилттай хийжээ.
Мөн БНСУ-ын Гёнги аймгийн Эмч нарын нийгэмлэгийн төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын чиглэлийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэхүү сайн үйлсийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги аймгийн Эмч нарын нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлэв. Тэрбээр цаашид энэхүү хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.










