
Наадам дөхсөн энэ өдрүүдэд бөхийн барилдаанд хэн түрүү, үзүүрт хүрч барилдах бол гэсэн яриа олны дунд өрнөж байна.
Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тохиож байгаа учир тэгш ой гэдэг утгаараа 1024 бөх барилдахаар болсон. Үүний улмаас хэн бүхэн илүү хичээх нь дамжиггүй.
Бөхийн галууд ч сорилго барилдаанаа зарлаж, түмэн олноо хэн, ямархуу барилдах вэ гэдгээ сонирхуулж, сонжуулж байна.
Увс аймгийн “Увс нуур” гал өнгөрөгч бямба гарагт галынхаа сорилго барилдаанаа хийлээ. Увс аймаг бол бөхийн өлгий нутаг Ардын цэнгэл баяр наадамд 19 түрүүтэйгээрээ Монгол орны хамгийн олон түрүүлсэн аймаг, галаар тодроод буй.
Энэ нутгаас Зууны манлай Монгол бөх Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга, ардын багш О.Балжинням, Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат зэрэг олон аваргууд мэндэлсэн болохоор яахын аргагүй бөхийн өлгий нутаг юм.
“Увс нуур” галынхан жилийн жилд Харзтай гэх газар гардаг байсан бол энэ жилээс Ар гүнтийн “Basu sport complex” дээр гарч эхэлж байна. Батсуурь аварга тэргүүтэй 60 гаруй бөхчүүд бэлтгэл сургуулилтад хамрагджээ.
Галын сорилго барилдаан учир бөх сонирхогчид олноор ирсэн байв. Амралтын ойр хавьд машин байрлуулах зайгүй болтлоо бөх сонирхогчид хуран цуглаж, Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн ирэх наадмын өнгийг сонжиж, өөр өөрсдийн тааврыг дэвшүүлцгээж байлаа. Бөхчүүд ч сайхан борлочихсон, биеийн болон сэтгэл зүйн бэлтгэлээ сайн базааснаа үзэгч олонд харуулж, уран барилдааныг үзүүлж эхэллээ.
Галын зориго барилдаан залууу болон сумын цолтой бөхчүүдийн хувьд том боломж, яагаад гэвэл амраг хайр, Аав ээж, Ах дүү, найз нөхөд, багшдаа өөрийгөө хэн болсныг харуулах завшаан юм.
Галын сорилго барилдаанд Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга П.Бүрэнтөгс нар үгүйлэгдэж байв.
П.Бүрэнтөгс аваргын хувьд өнгөрсөн жилээс эхэлж Увс нуур гал дээр наадмын бэлтгэлээ хийхээ больж, тусдаа гарч байгаа билээ.
“Энэ жил манай нутгаас түрүү бөх тодроосой, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Л.Энхсаруул нарыгаа дээшээ гарч барилдах болов уу гэж харч байна” гэлээ. Ямартай ч Увсынхан хоёр аваргаас гадна Л.Энхсаруул начингаа их харж байгаа сурагтай
Энэ жил Увс аймгийн “Увс нуур” гал өргөн фронтоор дайрч, Улсын наадмын түрүү, үзүүрт хүч үзэхийн төлөө барилдана. Яагаад гэвэл энэ цаг үед буюу сүүлийн арван жил ноёрхсон Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нар байгаа юм. Mөн тэгш ойтоо жил “Увсынхан” одтой наадамлаж ирсэн. Түүнийг өнгөрсөн үеийн түүх гэрчилж байна.


Түүнчлэн энэ галаас улсын цолонд ойрхон бөхчүүд байна.
Аймгийн арслан Г.Цоггэрэл, Б.Цагаанбанди, аймгийн заан Т.Батсүрэн нарын олон бөхчүүд байна.
Энэ хэдийгээ багш, дасгалжуулагч нар нь ихэд харж байгаа сурагтай. Энэ талаар Увс нуур галын дасгалжуулагч, Улсын харцага Т.Баасанхүү ярихдаа, “Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт жигдэрсэн сайхан байна. Ямартай ч бэлдсэн хэдэн шавь нар маань санасан цолондоо хүрэх байх гэж бодож байна” гэлээ.
Ийнхүү тус сорилго барилдаанд 64 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын начин Ж.Ням-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул үзүүрлэсэн юм.














