
Өглөөний 07:00 цагт Өрөг.мн сайтын сурвалжлах баг Хан-Уул дүүрэгт байрлах 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг 28 дугаар цэцэрлэгийг зорин ирсэн билээ. Үүдээр орж ирэхэд жижүүр, эрхлэгч, тогооч гээд бүгд бараг л дуу гаргахгүй шивнэж ярьж байлаа. Учир нь энд хүүхдүүд унтаж байгаа, тэд хараахан сэрэх болоогүй.
Тус цэцэрлэгийн хүүхдүүд ижил хувцсаар жигдэрсэн байна, учир нь ялгаа гаргахгүй гэж. Энд хэн ч хэнээс ч илүү биш.
Манай улсад 24 цагийн цэцэрлэгт хүүхэд хамрагдах нь тэдний эрхийг хамгаалж буй хэлбэр гэж үздэг, учир нь энд суралцах хүүхдүүдийн ихэнх нь хагас болон бүтэн өнчин, гэр нь хол эсвэл аав ээжийнх нь аль нэг нь архины хамааралтай.
Манай баг хамгийн эхлээд бэлтгэл бүлгээр зочилсон юм. Энгийн найман цагийн цэцэрлэг нэг том өрөөтэй, унтах цагтаа хөнжил, гудасаа газар дэвсэж, зарим нь багшийн тусламж авч хувцсаа тайлж, өмсдөг бол 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд “Гэгээн өглөө сайн байна уу” дуугаар сэрдэг, хэн нэгнээс тусламж хүлээлгүй ор, дэрээ өөрсдөө хурааж хувцсаа сольж, шүдээ угааж, өөртэйгөө энэ тэнцүү сандлаа зөөж, жижүүр хоёр сурагч найзууддаа хоол, цайг нь тарааж өгнө. Уг нь энэ насны хүүхдүүд гутлаа зөв, буруу зөрүүлж өмсөж, цэцэрлэгтээ явахгүй гэж ээжийнхээ энгэрт зүүгддэг.
Хүүхдүүд эхлээд бидэнтэй ярилцах битгий хэл нүд рүү ч эгцлэн харахгүй байсан, магадгүй нүд рүү эгцэлж харах нь эмээх зүйл юм шиг санагдсан байж мэдэх ч танихгүй хүнтэй үг сольж болохгүй гэдгийг маш сайн сурчээ.
Бид тус цэцэрлэг яагаад 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг, ямар нөхцөл байдалтай хүүхдүүд байдаг талаар эрхлэгч Т.Сарантуяатай ярилцсанаа хүргэе.
Тэрбээр “Манай цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд бусад найман цагийн хүүхдүүдийг бодвол харьцангуй биеэ даасан байдаг учир нь тэдэнд бэлэн юм байхгүй, бусад хүүхдүүд цэцэрлэгээ тараад дулаан гэрт халуун хоолтой, ээж аав нь толгойн оройноос хөлийн ул хүртэл анхаарал тавьдаг бол манай хүүхдүүд энд тав хонохдоо багш нар нь тодорхой хэмжээнд тусалдаг ч тэд өөрсдөө л юм аа хийдэг. Энэ нь давуу тал боловч таван настай хүүхдэд ахадсан л зүйлс. Хүүхдүүд маань энд тав хоночхоод гэртээ хоёр хоноод ирэхэд л хөл, гар нь хөлдсөн ирдэг, зарим нь нүүрс ч идсэн байдаг. Цагдаа нар уулзана гэж ирэх л хамгийн сэтгэл шимшрэм байдаг даа. Яахав салах гэж байгаа ээж аавынхаа хэнийг дагаж явах вэ гэж л асуудаг байх, би сайн мэдэхгүй байна.” гэлээ.
Энэ цэцэрлэгийн 24 цагийн ангид суралцдаг хүүхдүүдийн асран хамгаалагчид лхагва гариг бүр ирж уулзаж болдог байсан, гэтэл зарим хүүхдүүдийн гэр бүлээс хэн нэгэн ирж уулзахгүй байх нь хүүхдэд хий горьдлого бий болгож, ээж аавтайгаа уулзсан найзынхаа авсан чихрээс горьдох, сэтгэлээр унах, дутуугийн мэдрэмж түрүүлж байсан гэх шалтгаанаар ковидоос хойш тухайн уулзалтыг цэцэрлэгийн дотоод журмаас хассан аж.
Дунд бүлгийн багш Б.Чимэгмаа “Цэцэрлэгийн хүүхдүүд юу ярих, ярихгүй гэдгээ хараахан мэддэггүй тул эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал болж, хариуцлагатай эцэг эх байхыг хүсэж байна. 24 цагийн хүүхдүүддээ дасчихдаг, төгсөөд явахаар нь хоосон санагддаг, манай хүүхдүүд жоохон учраас эргэх холбоо тийм ч сайн биш дараа нь холбоо барьж ирж уулздаг нь ховор, гэхдээ энэ хүүхдүүд сайн сургуульд орж, мундаг хүмүүс болсон байдаг юм билээ.” хэмээв.
Хүүхдүүд цайны цагаасаа өмнө олон янзын бүтээл хийж, дуу дуулж, бүжиглэдэг, энэ дундаас гар урлалаар цэцэг хийж байсан ангид орж хүүхдүүдтэй хэсэгхэн ярилцсан юм.
Тэд “Миний хамгийн сайн найз тэнд сууж байна, би тэр охинд/хөвгүүнд хайртай, бид хоёр гэрлэчихсэн, үгүй ээ би энэ хөвгүүнд хайртай тэгвэл би хоёр эхнэртэй болчихъё.” гэх мэт “хөөрхөн” яриа ярина. Харин энэ дунд туранхай, жартгар нүдтэй, бор охин “Миний ээж, аав хоёр тамхи татдаг, би их гайхаж байсан, аав архи уухаараа муухай ааштай болчихдог.” гэж ярьж байв.
Хүүхдүүдээс гэртээ байх гоё уу, гэртээ байх гоё уу гэж асуухад цэцэрлэгтээ байх гоё, энд найзуудтайгаа тоглоод гоё байдаг, харин сургуульд орвол сургуульдаа илүү дуртай байна гэж дуу нэгтэй хэлж байсан юм. Тэднээс хамгийн хайртай хүнийг нь асуухад би эмээдээ хайртай гэж нэгэн хүү хариулна, яагаад гэвэл эмээ намайг хайрладаг, харин нөгөөх нь би ах даа илүү хайртай, агаа намайг бүхнээс хамгаалдаг гэх хүүгийн хариулт ч энгийн хэр нь ихийг бодогдуулах шиг.
Туслах багш Ц.Болор-Эрдэнэ “Хүүхдүүдтэй ажиллах маш гэгээлэг байдаг, тэд унтаад сэрэхдээ зүүдэлсэн зүүдээ нуулгүй ярьж өгдөг, хамгийн хөөрхөн хиргүй цав цагаан цаас бол миний хүүхдүүд, гэрээс ч илүү дотно болсон байдаг.” гэж ярьж байсан юм.
Хүүхдийн нүдэнд долоон гайхамшиг биш долоон сая гайхамшиг харагддаг гэх үг бий, харин энэ хүүхдүүд юу мөрөөддөг бол…
Магадгүй халуун хоол, дулаан гэр, мөрөн дээрээ суулгаад явах аав, өглөө гэрээсээ цэцэрлэгтээ ирэх, тэр өдрөө буцаж гэртээ харих, гутлынх нь үдээс тайлагдахад үдэж өгөх асран хамгаалагч… Тэд хэрсүү, хариуцлагатай, харин хэн хайрлаж, хамгаалж, цэцэрлэгтээ өдөр идсэн хоол, хайртай охин/хөвгүүнээ хэнд ярих вэ?
Хүүхэд маш сайн даган дуурайгчид. Тэдэнд сайныг даган дуурайх гайхалтай боломжийг олгож сайн эцэг эх байхыг бидний зүгээс хүсэж байна.
Видео үзэх линк











