
Хорвоогийн хамгийн хөөрхөн хүмүүс бол хүүхэд, багачууд. Тэдний буй газар инээд хөөр цацарч, аз жаргалаар бялхаж, гэрэл гэгээлэг болдог учиртай. Иймдээ ч томчууд бид “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”-д эргэн суухыг хүсдэг.
Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, хүүхэд бүхэн эрүүл энх, инээд баяраар бялхаж байгаасай гэж би хувьдаа хүснэм. Гэр дүүрэн хайр, жаргалаар бялхуулдаг хүүхэд, багачууд энэ л амьдралын тод ялгарах онцгой өнгө гэрэл нь билээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн манай редакц албаны хурал хийж, эл өдрөөр ямар сонирхол татам, бяцхан гэгээлэг ертөнцөөр дүүрэн, хэрхэн контент бэлтгэхээ ярилцан, сэдвүүдээ хувааж авлаа.
Уламжлал ёсоор спортын сэтгүүлч хүний хувиар Жюү жицү болон Жүдо бөхийн сургалтыг явуулдаг тамирчин хүүхдүүдийн инээд хөөр, дуун цангинасан “Thunder Bjj” академийг зорилоо.

Тус академийн багш, дасгалжуулагчаар жүдо болон жюү жицүгийн тамирчин, Б.Хулан ажилладаг. Хамгийн гэрэл гэгээтэй, өхөөрдөм ертөнцөд шилдэг олон тамирчдыг бэлтгэн төрүүлж яваа түүний хувьд Монгол Улсын шилдэг тамирчдын нэг, сайхан ээж, сайн багш, сайн гэргий юм.


Ингээд бид багш, дасгалжуулагч Б.Хулангийн том хүү Ч.Дамдиндорж болон Б.Аз-Эрдэнэ нартай бэлтгэлийнх нь үеэр цөөн хором ярилцсанаа ийн хүргэж байна.


Жюү жицүгийн саарал бүстэй тамирчин Ч.Дамдиндорж: Спортоор хичээллэхэд медаль авах, барилдах ёстой гоё
-Бүх хүүхэд, найзууддаа Хүүхдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
Би шүлэг унших дуртай, бас бүжиг бүжиглэдэг. “Болжмор” шүлгийг найзууддаа уншиж өгье.
Болжмор болжмор хөөрхөн дөө
Боов боорцгонд дуртай даа
Өвөл болохоор даардаг даа
Өвсөн доогуур шургадаг даа
Жив жив дуугардаг даа
Жижигхэн хөөрхөн болжмор доо
Миний хамгийн сайн хийдэг мэх бол өчих, гурвалжин, дөрвөлжин боох.
Манай багшийг Хулан гэдэг. Манай ээж. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ барилддаг. Би дүүтэй болоод их баярласан. Маш гоё байсан. Дүү маань бас том болоод барилддаг болно байх. Аав, ээждээ маш их хайртай шүү. Намайг жюү жицүгийн саарал бүстэй болгож өгсөнд баярлалаа.
Ч.Дамдиндоржийн амжилт:
- СХД-ийн аварга шалгаруулах тэмцээнээс 2024 мөнгө
- СХД-ийн аварга шалгаруулах тэмцээнээс 2026 алт
- MNUE Open алт
- БНСУ-д болсон Олон улсын тэмцээнээс 2 алтан медаль тус тус хүртсэн.


Жюү жицүгийн тамирчин Б.Аз-Эрдэнэ: Би жюү жицүгээр 2 медаль авсан
-Бүх хүүхдүүддээ, клубийнхээ найзууддаа Хүүхдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
Намайг бэлтгэлдээ ирэхэд ээж, аав хоёр ээлжилж хүргэж өгдөг. Бэлтгэлдээ очихын тулд нэг талдаа 40 гаруй минут зарцуулдаг. Жюү жицүгээр хичээллээд 2 медаль авсан. Медаль авах нь их гоё. Би тэмцээнд түрүүлээд, медалиа зүүчихээд буцаад алхаж явахдаа нойр хүрсэн бичлэгийг багш интернэтэд тавиад 10 мянган хүн үзсэн байналээ.
Барилдахыг заадаг багш нартаа баярлалаа. Аав, ээждээ хайртай шүү. Би өчих, боох мэхийг сайн хийдэг.
Б.Аз-Эрдэнэ амжилт:
- СХД-ийн аварга шалгаруулах тэмцээнээс 2026 мөнгө
- “Erlian Ajp tour” ОУ-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн.
Найзуудаа сайхан баярлаарай. Жюү жицү, мөн жүдо бөхөөр хичээллээрэй.
Ярилцсанд баярлалаа.








