
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр нар тус тус танилцуулав.
Хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг хүүхэд бүрд бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах энэхүү анхдагч хуулийн төсөл 5 бүлэг, 20 зүйлтэйг төсөл санаачлагч гишүүн тодотгосон. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна. Мөн хүүхдийг өөрийгөө хөгжүүлж бие даасан хувь хүн болж төлөвших, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэхийг зэрэгцээ үүнд зориулах тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, боловсрол сургалтын байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын олонх буюу 65.4 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 80.7 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, А.Ариунзаяа, Ө.Шижир, Х.Баасанжаргал, Т.Мөнхсайхан, Д.Энхтуяа, О.Батнайрамдал, П.Сайнзориг, Б.Жаргалан, О.Саранчулуун, О.Номинчимэг, Н.Наранбаатар, Ш.Бямбасүрэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн хөгжих, сурах тэгш эрх хангагдаж чадах эсэх, төслийн хамрах хүрээг зөвхөн 6-18 насны хүүхдүүдэд чиглүүлсэн шалтгаан нөхцөл, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хуулийн хэрэгжилтэд судалгаа хийсэн эсэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн нарийвчилсан зүйл, заалтыг оруулсан эсэхийг тодруулж байлаа.
Төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан “Айл өрхийн амьжиргааны түвшнээс шалтгаалан хүүхдийн мөнгө харилцан адилгүй зарцуулагдаж байгаа тул төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулж болно. Тухайлбал, хүүхдийн мөнгийг ваучер хэлбэрээр өгч болох юм. Ингэснээр хүүхэд өөрийн карт, ваучераа сонирхсон дугуйландаа зориулбал тэдний 100 мянган төгрөг өрхийн хэрэглээ, бусад зүйлст зарцуулагдахгүй” гэв Түүнчлэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орнуудын хийсэн судалгаагаар манай улсын 6-18 насны таван хүүхдийн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан” хэмээн хариулав.
Мөн төсөл санаачлагч гишүүн М.Бадамсүрэн хуулийн төсөлд хүүхдэд тэдэн төгрөг зарцуулна гэсэн зохицуулалтыг тодорхой тусгах боломжгүй гэв. Учир нь Хүүхдийн эрхийн тухай хуульд нэг хүүхдэд ногдох хүүхэд хөгжүүлэх үйлчилгээний зардал, нормативын хэмжээг Сангийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Энэ зохицуулалтаар зуны сургалт бусад хөгжлийн үйл ажиллагаанд дунджаар 71-105 орчим мянган төгрөгийг баталсан байгаа юм. Инфляцаас хамааран нэг хүүхдийг сургах зардлыг тооцож гаргадаг тул тодорхой мөнгөн дүнг төсөлд тусгах боломжгүй гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бусад хуультай сайтар уялдуулж ажиллахад анхаарах, төсөл нь тунхгийн шинжтэй байгаа тул процессын хэм хэмжээнүүдийг тусгах талаар санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хөгжсөн хүүхэд хамгаалагддаг, хамгаалагдсан хүүхэд хөгждөг гэх энэ ойлголт хортой, сөрөг үр дагавартай гээд хөгжсөн, авьяастай чадвартай сайн хүүхдүүд ч хүчирхийлэлд өртдөг олон тохиолдол байдгийг онцлов. Иймд хүүхдийн эрхийн үндсэн чухал асуудлаар буруу ойлголт төрүүлэх хандлагыг нийгэмд тарааж болохгүй, үүнд онцгой анхаарах шаардлагатайг сануулж байв.
Ингээд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг маргаашийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо
Улсын Их Хурлын тамгын газар.








