
Фермийн аж ахуй эрхлэгч Жуо Сяоён өнгөрсөн сарын сүүлээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн хотоос 300 км зайд 2000 га талбай бүхий бэлчээрт 3000 хонь хариулах хоёр малчин ажилд авна гэсэн зар нийтэлсэн нь Хятадын нийгмийн сүлжээнд 59 сая үзэлттэй болж, 700 гаруй хүн малчнаар ажиллах хүсэлтээ илгээжээ.
Жуо Сяоён ажлын зардаа малчнаар ажилд орох хүмүүс нь өвлийн улиралд малдаа өвс тэжээл тавьж өгөх, цэвэрлэгээ хийх ажлыг гүйцэтгэнэ гэдгийг онцолж, сарын 8000 юань буюу 1180 ам.долларын цалингаас гадна байр, хоолыг нь даана гэжээ.
Жуо Сяоёны санал болгосон цалинтай харьцуулахад Хятадын томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудын дундаж цалин 6000 орчим юань байдаг аж.
Тэрээр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа түүний нийтэлсэн зарын дагуу 700 гаруй хүн ажилд орос хүсэлтээ илгээсэн тухай дурджээ. Ажилд орох хүсэлт илгээсэн хүмүүсийн 10 орчим хувь нь дөнгөж их дээд сургуулиа төгссөн залуус байсан ба үлдсэн нь үйлдвэрт ажилладаг хүмүүс, мөн оффисын өндөр ачаалалтай, нэгэн хэвийн ажлаас залхсан хүмүүс байсан гэжээ.
БНХАУ-ын Статистикийн Үндэсний хороо өнгөрсөн 3-р сард тус улсад 16-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин 5.2 хувь байгаа тухай зарласан юм. Хятадын компаниуд ажилтнуудаа 7 хоногийн 6 өдөр өглөөний 9 цагаас оройны 9 цаг хүртэл ажиллуулдгаас болж залуус оффисын ажлаас залхах, оффист ажиллахаас зайлсхийх хандлагатай болоод байгаа ба Жуо Сяоёны зар олон сая хүнд хүрсэн нь ч үүнтэй холбоотой байх өндөр магадлалтай аж.
Тэрээр, “Миний санал болгож байгаа цалин өндөрт орох ч ажилд орох хүн маань удаан хугацаанд ажиллаж, өвлийн улирлыг давж чадах эсэх нь хамгийн чухал юм.” гэжээ. Ажлын зар нь олон тооны хүнд хүрч, ажилд орох хүсэлтүүдэд дарагдсан тухайд Жуо Сяоён, “Зар маань ингэж олонд хүрнэ гэж бодоогүй. Хүмүүст ажил олдохгүй хэцүү байгаа юм байна гэдгийг одоо л ойлголоо.” гэжээ.
Жүо Сяоён эцэст нь фермд ажиллаж байсан туршлагатай хоёр хосыг ажилд авчээ.
Эх сурвалж: The Guardian








