
ОХУ дизель болон агаарын хөлгийн түлшний экспортод хориг тавихаар төлөвлөжээ
ОХУ-ын засгийн газар дизель түлш болон агаарын хөлгийн түлш болох керосины экспортод хориг тавих боломжуудыг судалж буй талаар Оросын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолжээ. Уг асуудал өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын шадар сайд Александр Новакийн холбогдох албан тушаалтнуудтай дотоодын түлшний зах зээлийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх үеэр хөндөгджээ.
Оросын эрх баригчид дизель түлш болон агаарын хөлгийн түлшний экспортыг 1-2 сарын хугацаатай хориглох шийдвэрийг ойрын хугацаанд гаргаж болзошгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр зах зээл дээр дизель түлшний нөөц хангалттай байгаа тул ОХУ-ын засгийн газар дизель түлшний экспортод хориг тавих магадлал бага аж. Өнгөрсөн сарын 1-нээс ОХУ 7-р сарын 31 хүртэл бензиний экспортдоо хориг тавьсан билээ.
Энэ нь нэг талаасаа Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас болж бензин, түлшний үнэ өссөнтэй холбоотой. Нөгөө талаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дроны цохилтуудад өртсөнөөс болж өнгөрсөн 3-р сард ОХУ-ын зарим мужуудын шатахуун түгээх станцууд бензиний хомсдолд орсонтой ч холбоотой юм байна.







