
Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул ард иргэддээ цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг уриалжээ. Тэрээр Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал эрчим хүчний салбарт нөлөөлж буйг онцлон, иргэдээс гэрээсээ ажиллах, хувийнхаа автомашинаар аль болох бага зорчиж, нийтийн тээврээр зорчих эсвэл carpool буюу нэг зүгт явдаг хүмүүс нэгнийхээ машинд дайгдаж явахыг уриалжээ.
Тэрээр нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Тайланд улс нь бусад улс орнуудтай харьцуулахад газрын тосны нөөц ихтэй ч импортын газрын тос, байгалийн хийнээс өндөр хамааралтай тул эрчим хүчний салбар нь хямралд өртөх эрсдэлтэйг онцолж, газрын тосны нөөцдөө өмнөх шигээ үрэлгэн хандаж болохгүйг анхааруулжээ.
Түүний хэлснээр Тайландын засгийн газар ард иргэдээ хямралд өртөхөөс хамгаалахын тулд чадах бүхнээ хийх аж.
Ираны дайны улмаас Азийн орнууд эхнээсээ эрчим хүчний хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч эхлээд байна. Шри Ланка, Филиппин зэрэг орнууд цахилгаан эрчим хүчээ хэмнэх үүднээс төрийн албаны ажлын өдрүүдийг богиносгосон бол Вьетнамын эрх баригчид иргэдийг гэрээсээ ажиллахыг уриалжээ.
Тайландын засгийн газар төрийн албан хаагчдын гадаадад хийх томилолтуудыг цуцалж, эйр кондишны хэрэглээг бууруулахын тулд албан хаагчдадаа ажил дээрээ богино ханцуйтай цамц өмсөхийг зөвшөөрчээ. Өнгөрсөн даваа гарагт Индонез улс агаарын хөлгийн түлшний үнэ 28 хувиар нэмэгдэж буйг зарлаж, агаарын тээврийн компаниудад тасалбарынхаа үнийг 13 хүртэлх хувиар нэмэхийг зөвшөөрчээ.
Тайландын худалдааны яам энэ мягмар гарагаас далдуу модны түүхий тосны экспортоо чангатгаж, био түлшний эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор дотоодын нөөцөө хамгаалахын тулд савласан далдуу модны тосны үнийг хянана гэжээ.
Энэ 7 хоногт Тайландад дизель түлшний үнэ 50 батаар нэмэгдсэн байна. Уг үнийн өсөлт фермерүүдэд болон зам тээвэр, аялал жуулчлалын салбарт хүндээр тусжээ.
Онгоцны тасалбарын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Тайландын уламжлалт шинэ жилийн Сонгкран баярт ирэх жуулчдын тоо цөөрөх магадлалтай байгаа нь тайландын аялал жуулчлал, үйлчилгээний салбарынхны санааг зовоож байна.
Эх сурвалж: The Guardian







