
Сувилагч би:
Хүнлэг энэрэнгүй, эелдэг зөөлөн ариун сэтгэлтэй байж
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж
Үйлчлэгчийнхээ зовиур шаналал эмгэгийг анагаахын төлөө
Эрдэм мэдлэг авъяас чадвараа дайчлан ажиллах
Өндөр чадвартай мэргэжилтэн байхаа
Эх орон ард түмнийхээ өмнө андгаалан тангаргалъя! хэмээн сувилагч бүхэн “Тангараг” өргөдөг.
Тэд сувилахуйн эрдэмд шамдан суралцаж, ажлын байран дээр маш чухал хариуцлагатай албыг хашдаг. Эрүүл мэндийн салбарын ачааны хүндийг үүрэлцэж, хамтдаа зүтгэдэг, хүндэлмээр мэргэжилтнүүд бол “Сувилагч” билээ.
Иймдээ ч галын шугаман дээр тэд нүд цавчилгүй, амрах эрхгүйгээр зүтгэдэг нарийн мэргэжлийн хүмүүс юм. Ингээд олон олоон хүнийг эдгээж, эрүүл энх амьдрах боломжийг олгодог онцгой ачтан сувилагч нараас
Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн Диспансер, хяналтын тасгийн Аргазүйч-Чих, хамар, хоолойн сувилахуйн сувилагч, Дэд ахлагч Ц.Борхүүг энэ удаад онцлоё.

Түүний хувьд Цэргийн төв эмнэлэгт Аргазүйч-Чих, хамар, хоолойн сувилахуйн сувилагчаар ажилладаг. Тус эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид “Хос тангарагтан”. Учир нь тэд цэргийн болон эрүүл мэндийн салбарын гээд хоёр тангарагийг хослуулан өргөдгөөрөө онцлогтой.
Ингээд Уншигч авхай та бүхнийг сувилагчийн ажлын хэсэгхэн ертөнцөөр аялуулъя.


-Сайн байна уу? Ажил үйлс нь өндөр үү? Яг хэзээнээс сувилахуйн албанд хүчин зүтгэхээр зорьсон бэ?
-Сайн, сайн байна уу. 2018 оноос сургуулиа дүүргээд л Цэргийн төв эмнэлэгт чих, хамар, хоолойн сувилагчаар ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл энэ албандаа зүтгээд явж байна. Бидний ажил бол нарийн мэргэжлийн гэж тодотгогдож явдаг.
-Та бүхний ажил мэргэжил бас их онцгой. Цэргийн байгууллагад давхар ажилладаг учраас тушаал буусан цагт биелүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг?
-Тийм. Бид бол “Хос тангарагтан” хүмүүс. Дарга тушаал буулгана, бид гүйцэтгэж, биелүүлнэ. (инээв) Үнэхээр бахархмаар сайхан ажил даа.
-8 жилийн хугацаанд ажиллахдаа шантармаар, бэрхшээлтэй зүйлүүд юу байв?
-Анх сургуулиа төгсчихөөд ажлын байран дээр гарлаа. Яг л ид ковид цар тахлын үед ажиллаж байсан учраас шантармаар, бэрхшээлтэй зүйлүүд багагүй тохиолдож байлаа. Гэсэн ч энэ бүхнийг даваад гарсан.
Миний хувьд мөн 2024-2025 оны хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад албаа хааж байлаа. Энэ томилолт бол надад ажлын маш их туршлага болж өгсөн дөө.


Сувилагч Ц.Борхүү: Эдгэрсэн үйлчлүүлэгч “Баярлалаа” гээд гарах нь бидэнд эрч хүч бэлэглэдэг
-Хүн ажил мэргэжлийг голохгүй, харин эндээс туршлагажин, их зүйлийг суралцаж мэдэж авах нь чухал. Мэргэжил бүхэн сайхаан. Сувилагчийн мэргэжлийн сайн сайхан, онцлог нь юу вэ?
-Бидний ажил мэргэжил үнэхээр сайхан. Хүнийг эдгээж, эмчлээд, инээсэн сайхан төрх, баярлалаа гэж хэлэх үгс үнэхээр урам зориг өгдөг.
Чих, хамар, хоолой бол хоорондоо салшгүй холбоотой, маш нарийн эрхтэн. Тэр тусмаа хүний тархи толгойн хэсэг байрладаг учраас эмзэг талдаа байдаг. Иймээс бага гэлтгүй өвдсөн л бол эмнэлгийн байгууллагыг зорьж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байхыг зөвлөе.
Хамар бол хүний нүүрний маш чухал эрхтэн. Гоо зүй талаасаа ч нүүрний зөв төрхийг тодорхойлдог. Тиймээс хүн өөртөө хайртай байж, тоолгүй цаг хугацаа алдах биш ямар нэгэн зовиур илэрсэн үед анхан шатны тусламжийг зөв авах, мэргэжлийн эмчид эхлэл үед ирж үзүүлэх нь хүндрэлээс эрт урьдчилан сэргийлэх нөхцөл болж өгнө.
Манай поликлиник тасагт хамрын цус алдалт, хатиг, үрэвсэл гээд л олон шалтгаант өвчлөлтэй үйлчлүүлэгч ирж эмнэлгийн тусламж, оношилгоо, эмчилгээг авдаг.


Ц.Борхүү: Бидний ажил цаг наргүй, амаргүй хэдий ч ажилдаа үнэхээр дуртай
-Арга зүйч-чих, хамар, хоолойн эмч гэдэг албан тушаалд ажилладаг юм байна. Арга зүйч гэдгээ тодорхой тайлбарлавал?
-Би Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн Диспансер, хяналтын тасгийн Арга зүйч-чих, хамар, хоолойн сувилагчаар ажилладаг. Яг энэ тасгийнхаа хамт олныг арга зүйгээр хангах, удирдах, манлайлах чиглэлээр ажиллаж байгаа.


-Цаашдаа залуу хүний хүсэл зорилго, тэмүүлэл юу вэ?
-10 жилээ төгсөөд л Сувилагч болно гээд бодоод төлөвлөчихсөн байсан. Хичээлээ маш сайн бэлдээд л, оноондоо хүрч энэ сайхан мэргэжлээрээ суралцаж төгсөөд, ажлын байран дээр гарчихсан амжилттай ажиллаж байна. Цаашдаа мэргэжлээрээ цол зэргээ ахиулах зорилго мөрөөдөл бий.
Сувилагч мэргэжил нь хүнийг эдгээж, хүнд тусалж байна гэдэг нь надад маш гоё санагддаг. Тийм болохоор л энэ мэргэжлийг сонгосон доо.
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:
Сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач О.Батболд







