
1. Хууль зүй, дотоод хэргийн яамны ТЗУГ-ын дарга асан (суралцах үеийн албан тушаал) Баттөмөр овогтой Энхбаяр нь БСШУ-ны сайдын 2007 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/292 тушаалаар Боловсролын зээлийн сангийн зээлийн бүрэн санхүүжилтээр АНУ-ын University of Northern Virginia буюу Хойд Виржиниагийн их сургуульд суралцах эрх авсан сонгон шалгаруулалт дараах шаардлагыг хангасан эсэх талаар үндэслэл бүхий дэлгэрэнгүй мэдээлэл.
Үүнд:
- АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд тэнцсэн талаарх сургуулийн албан ёсны урилгатай байсан эсэх;
- БСШУ-ны сайд, Сангийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А310/290 тоот хамтарсан тушаалаар баталсан “Өндөр хөгжилтэй оронд магистрантур, аспирантур, докторантурт суралцагчдын зардлыг санхүүжүүлэх журам”-ын дагуу шаардлага хангаж, тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Төрийн захиргааны төв байгууллага, Сургалтын төрийн сантай байгуулсан гэрээ шаардлага хангасан эсэх;
- БСШУ-ны сайдын 2005 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/52 тоот тушаалаар баталсан “Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам”-ын 5-д заасан “… зарласан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавраас доошгүй боловсролтой /сурлагын голч дүн нь 3.5-аас доошгүй байна/, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн” гэх шаардлагын дагуу тус журмын 10-т заасны дагуу захиалагчаас 2007 оны 8 дугаар 01-ний дотор БШУЯ-нд хүргүүлэх баримт бичгийн сонгон шалгаруулалтын дүн, сайдын зөвлөлийн хурлын шийдвэр, гэрээ болон холбогдох бусад материалын талаар;
- Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт холбогдох хууль, журмын дагуу гарсан эсэх;
2. Зээлдэгч Б.Энхбаярын суралцан төгссөн гэх АНУ-ын Хойд Виржиниагийн их сургууль, төгсөгчийн диплом болон бусад дагалдах материалууд шаардлага хангасан эсэх. Тухайн их сургуулийн талаар олон улсын эх сурвалжид дурдсанаар:
- АНУ-ын боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага болох Accrediting Council for Independent Colleges and Schools (ACICS)-ийн магадлан итгэмжлэлээ 2008 онд алдсан бөгөөд түүнээс хойш магадлан итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан;
- 2011 оны 7 дугаар сард АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Департмент-аас (US Department of Homeland Security) тус их сургууль шалгалт, нэгжлэг хийж, үйл ажиллагаанд нь хуулийн ноцтой зөрчил байж болзошгүй нөхцөл байдал илэрч байсан;
- 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Виржиниа мужийн Дээд боловсролын зохицуулах байгууллага (State Council of Higher Education for Virginia, SCHEV)-аас тус сургуулийн лицензийг цуцалж, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, улмаар тус их сургууль тухайн жилдээ бүрэн хаагдсан:
- Тухайн үед нийт оюутны 90 орчим хувь Энэтхэг Улсын иргэд байсан ба олон улсын хэвлэл мэдээллээр “Sham university” буюу “хулхи их сургууль” гэж тодорхойлсон, мөн албан тушаалтнуудын түвшинд “diploma mill” буюу “хуурамч диплом” үйлдвэрлэгч гэж олон эх сурвалжаар тодорхойлж байсан зэрэг.
3. Энэхүү их сургуульд суралцсан зээлдэгч Б.Энхбаярын сургалтын төлбөрт 2007, 2008 онд шилжүүлсэн нийт 32,000 ам.доллар буюу 114.0 сая орчим төгрөгийн зээлийн санхүүжилт Боловсролын зээлийн сан (Төрийн захиргааны төв байгууллага, тухайн үеийн нэршлээр Сургалтын төрийн сан)-гаас суралцагч Б.Энхбаярын хувь данс руу шилжүүлсэн. өмнөх жилийн сурлагын дүнгийн хуудас ирүүлсэн, Б.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сантай байгуулсан гэрээг 2008 онд сунгасан зэрэг асуудал холбогдох журмын дагуу явагдсан эсэх талаарх үндэслэл бүхий дэлгэрэнгүй мэдээлэл;
4. Боловсролын зээлийн сан (тухайн үеийн нэршлээр Сургалтын төрийн сан)-тай гэрээ байгуулсан зээлдэгч Б.Энхбаярын сургалтын төлбөрийн зээлийн барьцаанд барьцаа хөрөнгө байршуулсан эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
5.Зээлдэгч Б.Энхбаярын авсан нийт 32,000 ам.долларын зээлийг Боловсролын сайдын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/555 тоот тушаалаар бүрэн чөлөөлүүлсэн. Энэхүү тушаал нь 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэн заалтыг илт зөрчсөнийг хууль, хяналтын байгууллагаас 2023, 2025 онд тогтоосон байна.
Авлигатай тэмцэх газраас 1997-2016 онд Боловсролын асуудал эрхэлсэн сайд нарт хамаарах хууль бус тушаалуудыг хүчингүй болгох талаар тухай бүр албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл шаардлагууд болон Засгийн газрын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 22 тоот хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлж, зөрчлийг арилгах талаар Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
6. “Хулхи их сургууль” хэмээн 2013 онд хаагдсан Хойд Виржиниагийн их сургуулийн дипломтой гэгдэж 2018 онд ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байх үедээ авсан зээлээ хууль бусаар 100 хувь чөлөөлүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт Ерөнхий сайдын хувьд ёс зүйн ямар арга хэмжээ авах, олгосон зээлийн хуримтлагдсан хүүг хэрхэн төлүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбарыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаанд хариу ирүүлэхийг хүсье, гэсэн байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьсан О.Батнайрамдал гишүүний энэхүү асуултанд байгаа хулхи их сургууль (“sham university”), хуурамч диплом үйлдвэрлэгч (“diploma mill”) гэдэг нь олон улсын эх сурвалжууд дээр бичигдсэн тодорхойлолтууд гэдгийг тэрбээр өөрөө тайлбарласан байна.










