
Өнөөдөр /2026.03.24/ дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой хэвлийн бага хурал боллоо.
Хэвлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинбүрэн сүрьеэ өвчин нь Монгол Улсад тулгамдсан эрүүл мэндийн асуудлын нэг хэвээр байгааг онцолж, эрт илрүүлэлт, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг дурдлаа.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч сүрьеэ бол дэлхий дахинд халдварт өвчнөөр нас баралтын гол шалтгааны нэг хэвээр байгааг онцолж, дараах статистик мэдээллийг танилцууллаа.
Дэлхийн хэмжээнд жил бүр ойролцоогоор 10 сая орчим хүн сүрьеэгээр өвчилж, 1.3 сая орчим хүн нас барж байна.
Харин Монгол Улсын хувьд жилд дунджаар дөрвөн мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сүрьеэ нь агаараар дамждаг халдварт өвчин бөгөөд удаан хугацааны ханиалга, халуурах, жин буурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.
Тиймээс иргэд эрүүл мэнддээ анхаарч, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг уриалж байна.Сүрьеэ өвчин нь бүрэн эмчлэгддэг бөгөөд эрт илрүүлэлт хамгийн чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Б.ИТГЭЛ






