
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл аж.“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглохоор болжээ.
Бид Екатерина Шихова хэмээх залуу найруулагчтай цөөн хором ярилцлаа.
-Монголд өмнө нь ирж байв уу, та?
-Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Есдүгээр сард жүжгийнхээ ажлаар долоо хоногийн хугацаатай ирээд явсан. Монгол орон надад маш их таалагдаж байна. Монголыг маш их хүйтэн гэж бодсон. Даарах болов уу гэтэл их дулаахан юм гээч. Намайг халуун дулаанаар угтан авч, жүжгийн эхний бэлтгэлүүдээ бид монгол гэрт хийсэн. Морь, тэмээ унаж Монгол соёлтой танилцсан.
-Жүжигчдийн бүрэлдэхүүнийг “Про” театрын зүгээс санал болгосон уу. Эсвэл та өөрөө сонгосон уу?

-”Про” театраас уран бүтээлчдийн зураг явуулсан. Сонголтоо хийхдээ нүдийг нь харсан. Монголд ирээд жүжигчидтэйгээ хамт ажиллахад “Энэ жүжигчин энэ дүрд тохироод энийг хийж чадах юм байна” гэсэн миний мэдрэмж зөв байсан.
-Монгол уран бүтээлчидтэй ажиллах хэр байна?
-Хамгийн түрүүнд хэлмээр байгаа юм гэвэл монголчууд их сайхан сэтгэлтэй юм байна. Монголд ирээд дотоод гэрэл гэгээг маш их мэдэрч байна. Сайхан сэтгэл, дотоод гэрэл гэгээ, хайр гэж зүйлгүйгээр урлаг гэж үгүй. Жүжигчдээсээ түүнийг маш их мэдэрч байна. Монгол жүжигчдийн авьяасыг байгальтай харьцуулмаар юм. Их өөр юм. Жүжигчдийнхээ юу ярьж байгааг хөндлөнгөөс ойлгохыг маш их хичээж байгаа. Одоохондоо “Сайн уу” гэдэг үгтэй л сууж байна.
-Эх орноо санаж байна уу. Эсвэл театр таны гэр учраас санах мэдрэмж нэг их төрөхгүй байна уу?


-Сүүлийн үед яагаад ч юм гэрээ санаж байна. Дэлгүүр ороход, гадуур явахад Оросоор ярьж байгаа хүнтэй тэр бүр таарахгүй байгаа учир жаахан хоосон мэдрэмжтэй л. Орос дуугаа сонссон шиг ээ л байна. Театрт чи аль улсынх, ямар хэлээр ярьж байгаа нь хамаагүй, бүгд нэг хэлээр ярьж эхэлдэг. Тэр утгаараа театр бол миний хувьд аврал.
Өсвөр насныханд зориулсан жүжиг ховор байдаг. Өөрсдийнх нь асуудлыг үнэнчээр харуулж, харилцаж байгаа гэдгээрээ энэ жүжиг онцлогтой. Мөн томчуудад ч гэсэн сонирхолтой байх болно. Хүн бүхний дотор хүүхэд бий. Та бүхэн театрт ирж бидний жүжгийг үзээд өөрийнхөө доторх хүүхдийг хараарай.
Монголчуудаа үргэлж одоогийнх шигээ сайхан сэтгэлтэй байгаарай. Бас театрт очдог, жүжиг үздэг байгаарай.






