
Боловсролын үндэсний зөвлөл өнгөрсөн баасан гараг /01.16/ -т хуралдаж, бага боловсролын хөтөлбөрийг шинэчилсэн юм. Бид Боловсролын сайд П.Наранбаяраас бага ангийн боловсролын хөтөлбөрт ямар, ямар өөрчлөлт оруулж буй талаар тодрууллаа.
Тэрбээр “Нэгдүгээрт бид эрүүл мэнд гэдэг хичээлийг бие дааж оруулахаар болж байгаа. Зарим хичээлийг нэгтгэсэн. Хичээлийн тоог цөөлж буй. Дижитал судлал гэдэг хичээл нэмэгдэхээр болсон. Мөн нэмэлтээр англи хэлийг гуравдугаар ангиас үзнэ. Хөтөлбөрүүдийн дагуу шинэ сурах бичгийг боловсруулах ажил эхэлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд заавал унших ёстой номын жагсаалт, унших бичгийг гаргана. Хоёрдугаар ангиас эхлэн сурагчид унших бичигтэй болно. Нэг үнэт зүйл, үзэл санаатай үндэстэн бүрэлдэхэд багадаа үзсэн дуу, шүлэг, зохиол бүтээл чухаг нөлөөтэй. Нэгдмэл монгол, нэг монгол байхад энэ туйлын чухал. Унших номын жагсаалт, унших бичиг тийм зорилгоор гарна. Түүний зэрэгцээ унших чадварыг нэмэгдүүлэх зорилготой” хэмээв.
-Эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын багш орох тохиолдол их байдаг. Хүний нөөцийг нь хэрхэн шийдэх вэ?
-МУБИС-д 2+2 хөтөлбөрөөр эрүүл мэндийн багш бэлтгэгдэж буй. Мөн сургуулийн эмч нарыг эрүүл мэндийн хичээл заах боломжоор хангана. Түүнчлэн бага ангийн багш нар өөрсдөө судлагдахуунаа үзээд, зааж болно гэх мэт шилжилтүүдийг хийхээр төлөвлөж байна.
-Бага ангийн сурах бичигт зурагт агуулга муу, жендерийн болон хүний эрхийн мэдрэмжгүй үг, зурагтай гэх шүүмжлэл тасардаггүй…
-Энэ мэт алдаа мадгийг засаж, магадалж харсан цомхон чадварлаг багийг томилно. Нэгдүгээр ангийн сурах бичгийг нэг баг, хоёрдугаар ангийн сурах бичгийг нэг баг, гуравдугаар ангийн нэг баг гэж хийдгээс болоод анги хоорондын уялдаа багатай сурах бичиг хэвлэгддэг. Тиймээс одоо бид судлагдахуун бүрээр нь өөрөөр хэлбэл анги харгалзахгүй хичээл бүрээр нь нэг баг хийдэг систем рүү шилжинэ.
-Сурах бичиг боловсруулах багийг хэрхэн сонгон шалгаруулах вэ?
-Судлаачид, багш нарын төлөөлөл байна. Мөн хэрэглэгчийн нүдээр харахгүй бол болохгүй. Хэрэглэгчийн төлөөллийг багтаана. Хэвлэлийн компанийн төлөөлөл ч байна. Бүгд гар бие оролцож хийнэ. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хариуцаад хийлгэх юм.
Цаашдаа бид сурах бичгийг хувилбартай болгох нь зүйтэй гэж харж байгаа. Жишээлбэл, маш сайн сурах бичиг хийх чадвартай хувийн компани байж болно. Яам тэр сурах бичгийг нь магадлаад, зөвшөөрөо олгоно. Ингээд ирвэл өрсөлдөөн бий болно.
–Дижитал судлал гэдэг хичээл нэмэгдэж байгаа гэлээ. Сумдын сургуулиудад компьютер хүрэлцээгүйн улмаас мэдээлэл зүйн хичээл дээрээ зөвхөн ном л хуулж бичдэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ жил 74 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн зардал болгон тавиулсан. Сургуулиудыг цахим танхимтай болгох дээр онцгой анхаарч байгаа. Бүх сургуулиуд цахим танхимтай болно. “Google” компанитай хамтран ажиллаж “Chromebook”-ийг угсардаг үйлдвэрийг Монголд байгуулах ажил яригдаж байна. Үүний үр дүнд багш, сурагч болгон компьютертой болно. Сургууль бүр цахим танхимтай болно.






