
2025 оноо амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, 2026 оноо зорилго зорилтоо төлөвлөн эхлүүлж буй эрхэм уншигч танд зориулан 2025 онд Үндэсний бөхийн салбарт болж өнгөрсөн оны онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Оны онцлох бөх Э.Батмагнай.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар спорт” хороо, Эм Си Эс групп, Тэргүүн богд дэвжээний бөх Э.Батмагнай ес даван түрүүлж Улсын арслан цол хүртэж бөхөд хайртай монголын ард түмнийг огшоолоо.
Баянхонгор аймгаас улсын наадмын түрүүг 1949 оны улсын баяр наадмаар П.Аюуш түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан бол 72 жилийн дараа улсын наадмын түрүү хүртэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Б.Орхонбаяр нарын 24 насандаа Улсын арслан цол хүртэж байсан түүхийг давтсан юм.
Түүний хувьд улсын наадамд түрүүлснээс гадна Өндөр гэгээний 390 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадмын 512 бөхийн барилдаанд түрүүлж, Эзэн богд Чингис хааны цомын төлөөх барилдаанд түрүүлж од нь гийсэн жил болж өнгөрсөн юм. Түүнийг бөх сонирхогчид Н.Батсуурь Дархан аваргын дараах 11 дэх Дархан аварга болно гэх найдлага тавьж буй юм.


Өнөө жилийн Улсын баяр наадмаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай аймгуудаас Улсын цолтой бөхчүүд төрөв.
Тодруулбал: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээ, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 016 дугаар анги, Алтан жолоо группийн бөх Монгол Улсын харцага О.Наранбаатар Аймгийн хурц арслан О.Хангайгаар тав давж Улсын начин, Улсын гарди Ө.Бат-Оршихоор зургаа давж Улсын харцага цолтны эгнээнд багтав.
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат “Дорнын хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх Аймгийн арслан М.Бэлгүтэй нутгийн заан Д.Анараар тав давж Улсын начин, Улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж Улсын харцага цолтны эгнээнд багтав.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат “Хан Хэнтийн аварга” дэвжээ, Хилийн цэргийн 0208 дугаар анги, Эбэг ХХК-ын бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс нутгийн арслан Улсын арслан Э.Оюунболдоор тав давж Улсын начин цол, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Улсын начин цолны болзол хангав.


Жил бүр цэргийн цол, чимэг олгодог “Бүх цэргийн наадам” зургаадугаар сарын зургааны өдөр Монгол бөхийн өргөөнд болов. Тус барилдаанд зодоглосон Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж “Бадрангуй” чимэг нэмлээ. Түүнийг бөх сонирхогч түмэн олон Улсын цолонд ойрхон бөхийн нэг хэмээн үздэг юм.


Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Жавхлант” дэвжээ, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, Эвт чулуу ХХК, “Нэгдэл” клубийн бөх Монгол Улсын гарди Н.Өсөхбаяраас S1 төрлийн бодис илэрч 2025 оны 12 сарын эхээр түүний барилдах эрхийг 4 жилээр хасаж, Улсын гарди цолыг нь хураах саналыг баяр наадам зохион байгуулах комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх боловч ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу аймаг, дүүргийн наадамд барилдаж тав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах заалтын дагуу явцын шинжилгээгээр Аймгийн заан С.Цогтсүмбэр тэргүүтэй 10 бөх допингийн шинжилгээнд бүдэрч 3-6 жилээр барилдах эрхээ хасуулав.


11-р сарын 14-ний өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хураалдаж нэр бүхий бөхчүүдийн бүх шатны барилдаанд барилдах эрхийг тодорхой хугацаанд хасах шийдвэр гаргасан юм.
Тодруулбал: Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр бусдыг үл хүндэтгэн танхайрсан гэх “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч Улсын начин С.Багахүүд хоёр жил, Аймгийн арслан Г.Батнямд нэг жилийн хугацаанд МҮБХ-оос зохион байгуулах бүх төрлийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасав.
Мөн өнөө жилийн Сэлэнгэ аймгийн баяр наадмын үзүүр, түрүүнд барилдаж байх явцдаа барьц салах агшинд өрсөлдөгч бөхөө араас нь тэвэрч унаган давсан гэх Аймгийн заан Э.Алтанбаяр, Увс аймгийн цол, чимэг олгох наадмын үеэр өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн гэх Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг 3 сараар тус тус хасах шийдвэрийг гаргасан юм.


Дорноговь аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 29.30-ны өдрүүдэд болов. Аймгийн цол, чимэг олгох 128 бөхийн барилдаанд зодоглохоор Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд зодоглосон нь бөх сонирхогчид “Цөлийн шуурга” хэмээн нэрийдэхэд хүргэсэн юм.
Тус Аймгийн цол, чимэг олгох барилдааны тавын даваанд ам авах үйл явцыг шууд дамжуулах үеэр Улсын харцага Б.Зоригтбаатар “О.Зундуйг авч давуулах уу?” гэх яриа нь цахим сүлжээнд тархаж түүнийг дэмждэг дэмжигчдийн урмыг нь хугалсан үйлдэл болсон юм. Өдгөө “Цөлийн шуурга” ажиллагаанд гар бие оролцсон бөхчүүдэд хариуцлага тооцоогүй байна.


2015 оны улсын баяр наадамд 22 настай түрүүлж, 2019 оны улсын баяр наадамд түрүүлж Улсын аварга цол хүртсэнийхээ дараа допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ тодорхой хугацаанд хасуулж, 2023 онд давтан допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ хасуулаад байсан Улсын арслан Э.Оюунболд дөрөвдүгээр сарын 19-нд зохион байгуулагдсан урт гарт М.Лхагва арслангийн нэрэмжит барилдаанаас эхлэн барилдаж эхэллээ. Түүнийг бөх сонирхогчид дутуугаа гүйцээж, аварга цолоо нэр төртэй авна хэмээн хүлээж байгаа нь ойлгомжтой.


- 2023 онд Үндэсний Pepsi “Алтан цом”-ын барилдаан зохион байгуулагдаж байсан бол өнөө жилээс эхлэн хоёр жил тутам “Алтан цом”-ын барилдаан зохион байгуулж байхаар болсон юм.
Тэгвэл энэ жилийн “Алтан цом”-ын барилдаан үндэсний үйлдвэрлэгч компаниудын нэр дээр найман баг үүсгэж өрсөлдөж байгаа юм.
Дөрвөн тойргийн дараах байдлаар:
Апу скайтел баг гурван ялалт, нэг ялагдал, 64 даваа.
Од групп баг гурван ялалт, нэг ялагдал, 58 даваа.
Хатант интернэншнл гурван ялалт, нэг ялагдал, 58 даваа.
М Си Эс энержи баг гурван ялалт, нэг ялагдал, 58 даваа.
Хамаг Монгол хоёр ялалт, хоёр ялагдал, 49 даваа.
Эв Монгол нэг ялалт, гурван ялагдал, 47 даваа.
Хубилай хаан баг нэг ялалт, гурван ялагдал, 45 даваа.
Хүлэгү баг дөрвөн ялагдал 21 даваа тус тус авчээ.







Монгол Улсын харцага О.Наранбаатар Аймгийн хурц арслан О.Хангайгаар тав давж Улсын начин, Улсын гарди Ө.Бат-Оршихоор зургаа давж Улсын харцага цолтны эгнээнд багтав.
О.Хангай нь Улсын аварга цолтой шүү. Аймгийн хурц арслан байгаагүй