
БНХАУ болон Монгол Улс хамтран 2025 оны 12 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд урд хөршийн Чунцин хотод олон улсын мотокроссын тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү уралдаан нь сүүлийн жилүүдэд хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйн бодит илэрхийлэл юм. Чунцин хотод болсон Хятад-Монголын хамтарсан тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Казахстан, Киргизстан, Туркменистан зэрэг нийт 7 орны баг тамирчид оролцож, гурван төрлийн ангиллаар хурд, ур чадвараа сорьсон байна.

Монгол Улсаа төлөөлөн Б.Жигмэддорж ахлагчтай баг амжилттай оролцож, багийн дүнгээр 4-р байрт шалгарсан амжилтыг улиран одсон ондоо үзүүлэв. Манай багаас Б.Мэндбилэг, Ө.Сандагдорж, С.Ариундаваа, Б.Тэмүүжин, З.Жанчивдорж, Г.Мянганбаяр нар уралдаанд хүч үзсэн бөгөөд багийн менежерээр Т.Баярмагнай, Б.Ангараг нар ажиллав. Багийн бүрэлдэхүүн нийтдээ 20 гаруй хүнээс бүрджээ.


Ингээд Монголын Автомашин, мотоциклийн спортын мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, багийн ахлагч Б.Жигмэддорж болон Мотоспортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин С.Ариундаваа нартай ярилцсанаа хүргэе.


Багийн ахлагч Б.Жигмэддорж: Авто, мотоспортыг шинэлэгээр харах боломжийг POWER EXPO & FESTIVAL олгодог
-Сайн байна уу? Юуны өмнө оны төгсгөлд урд хөрштэй хамтран зохион байгуулсан арга хэмжээ болон Монголын тамирчдын мото спортод үзүүлж яваа амжилт, бүтээлийн талаар ярилцлагаа эхлэе?
-Сайн байна уу. Намайг Батжаргалын Жигмэддорж гэдэг. Өөрийнхөө хоббигоор 13-14 жил ажиллаж буй Монголын автомашин болон мотоспортын чиглэлээр олон зохион байгуулалтын ажлыг амжуулахыг хичээж яваа. Хамгийн гол нь залуучууддаа гоё боломжийг бий болгож яваа гэдэг үүднээс бол POWER EXPO & FESTIVAL арга хэмжээ нь Монголд болон ерөнхийдөө Ази тивд нэлээн танигдаж байгаа.
-Та бүхэн Монгол Улсаа төлөөлөн тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан гэсэн үг үү?
-13 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ. Бид нар холбооныхоо зүгээс болон Монголын автомашин мотоциклын спортын холбоотой хамтран, Хятадын ерөнхийдөө бас автомашин мотоциклын холбоо, Хятадын Чунцин дахь автомашин, мотоциклын холбоо гээд маш олон байгууллагуудтай хамтраад зохион байгуулсан нь анхных.
Мөн энэхүү фестиваль нь Монголд зохион байгуулагддаг юм. Жил бүрийн 5 сард авто худалдааны цогцолбор төв дээр зохион байгуулагддаг. Нэмээд онцлог нь экстрим буюу яг энэ автомашин, мотоциклын чиглэлээр тэмцээн уралдаануудыг зохион байгуулдахдаа илүү энтертайнмент буюу залуучуудад зориулсан хөгжмийн арга хэмжээ мөн экспо буюу бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, бараа материалын үзэсгэлэн худалдаа гэсэн байдлаар зохион байгуулагддаг.
Ингэхдээ 5 сарын 8-наас 10-ны өдрүүдэд авто худалдааны төв дээр Азийн 8 орныг хамарсан байдлаар зохион байгуулагдсан. Жил бүр цар хүрээгээ өргжүүлэн тэлсээр Азидаа нэлээн алдартайгаар шилдэг тамирчин, инфлюнсерүүдийг Монголдоо урьж авчраад зохион байгуулсан.


-Монголд цогц байдлаар зохиогддог энэ арга хэмжээ, сая оны өмнө урд хөршид болохдоо ямар онцлогтой байв?
-Хятад Монголын хамтарсан мотокроссын тэмцээнийг бид нар анх удаа хамтран зохион байгуулагчаар БНХАУ-тай хамтдаа ажиллаж үзлээ.
Анх удаа олон улсын мото кроссын тэмцээнийг хамтдаа зохион байгуулсан гэдгээрээ сайхнаар бичигдэж үлдэж байгаа ийм гавьяатай. Мото кроссын болон эндуро кросс мөн одоо бид нарын нэрлэж заншсанаар суррон буюу цахилгаан мотоциклын гэсэн гурван төрөлд дэлхийн 8 орны баг тамирчид оролцож өрсөлдсөн. Монгол Улсаа тус тэмцээнд чадварлаг баг тамирчид, шилдгүүд маань хамт яваад оролцоод ирсэн.
-Монгол тамирчид амжилттай оролцож, туршлага, ур чадвараа нэмээд иржээ?
-Монголд авто болон мотоспорт маань хөгжөөд 2025 онд 70 жилтэйгээ золгосон. Өнгөрсөн он цагуудад олон шилдэг тамирчид төрөн гарахын зэрэгцээ 1 сарын 4-ний өдөр Саудын Арабад эхлэх “Дакар ралли-2026” уралдааныг Монгол Улсаас Гавьяат тамирчин Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн нар зорсьон. Мотоциклын баг тамирчид дэлхийн баг тамирчдаас бол дутахааргүй. Монголын хувьд ер нь чадварлаг ийм баг тамирчид төрөн гарч буйд баяртай байдаг. Магадгүй ингээд хобби сонирхлоор нэгдээд уралдах гэхээсээ илүүтэйгээр нийт массын хэмжээнд спортоо энэ энтертайнментын төрлүүдтэйгээ хослуулаад хэрхэн, гоё онцлогтойгоор зохиоин байгуулж болдгийг тус томоохон фестиваль харуулж байгаа.
Ер нь бол бид нэлээн олон жил бас хичээж зүтгэж байна. Ялангуяа сүүлийн 2 жил баг тамирчид, холбооны хүмүүс маань Монгол улсад тус фестивалийг зохион байгуулах боломжтой гэдгийг олж харсан. Тиймээс 2026 онд мотоспортын тамирчдаа оролцуулах тэмцээнийг энтертайнментээ хослуулаад, ур чадварыг нь дээшлүүлэх гэдэг ч юм уу төлөвлөсөн хамгийн том бодит ажил бол POWER EXPO & FESTIVAL. Энэхүү арга хэмжээгээ 5 сард зохион байгуулахаар бид төлөвлөж байна. Үүгээр дамжуулан аялал жуулчлалаар Монгол Улсдаа татах, эх орноо сайхнаар сурталчлах хамгийн сайхан боломж гэж харж байгаа.
Нөгөө талдаа дан ганц аялал жуулчлалаас гадна экстрим энтертайнментын чиглэлийн талаар сонирхдог залуучуудыг эх орондоо татах, өөрийн орны тамирчин залуусын ур чадварыг харилцан нэмэгдүүлэх гол зорилго, алсын харааг тээж яваа.
Ярилцсанд баярлалаа.


Энэхүү тэмцээн нь Монгол Улсаас БНХАУ-тай хамтран мотоспортын олон улсын уралдаан зохион байгуулсан анхны тохиолдол бөгөөд ирээдүйд хамтын ажиллагаа илүү өргөжиж, улам олон хамтарсан арга хэмжээ зохион байгуулагдах эхлэл болжээ.
Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулагддаг POWER EXPO & FESTIVAL олон улсын наадмыг зорин ирэх Хятадын тамирчид, үзэгчид, зочдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь энэ хамтын ажиллагааны хөгжил, итгэлийн баталгаа юм. Ийнхүү хоёр улсын итгэлцэл спортоор дамжин бодит үр дүнд хүрч, хамтарсан тэмцээн зохион байгуулах түвшинд хүрсэн ажээ.


Мотоспортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин С.Ариундаваа: Мотоспорт бол хүний адерналинийг ихээр ялгаруулдаг, эрч хүчний тэсрэлт юм


-Сайн байна уу? Юуны өмнө Олон улсын томоохон фестивальд багаараа ам жилттай оролцоод ирсэнд нь баяр хүргэе.
-Сайн байна уу. Баярлалаа. Намайг Сэлэнгийн Ариундаваа гэдэг. Мотоспортын 1 дүгээр зэрэгтэй тамирчин. Миний хувьд мотокросс болон эндора кроссын төрлөөр хичээллэдэг.
Хятад Монголын хамтарсан мотокроссын тэмцээнд Монгол улсаас нийт 6 тамирчин оролцохдоо 3 төрөлд гарч уралдсан. Уралдсан төрлүүд нь
- Суррон
- 250 сс
- 300 сс гэсэн 3 төрөлд уралдаж, багийнхаа нийлбэр дүнгээр 4 дүгээр байрт шалгарсан амжилттайгаар бид 2025 оны төгсгөл тэмцээндээ оролцоод ирсэн.
-Тамирчдын хувьд олон тэмцээнд оролцох тусам тэр хэрээр туршлагажиж, ур чадвар нь ахидаг. Тэгвэл тус тэмцээний зам бартаа, саад хэр байв?
-Тийм. Тэр тэмцээниий тухайд жижиг замд цэвэрхэн байдлаар шийдсэн, мотокроссын замын тойрог нь нэлээн тийм харайлт, үсрэлт, буулт гээд л бүгдийг нь нэг дор шийдээд өгчихсөн байсан.
Бид нарт нэлээн туршлага болоод ирсэн. Тэгээд Хятад Монголын хамтарсан тэмцээндээ 2026 онд манай улсад болно. Мөн тэр тэмцээнийг миний бие уралдахаас гадна зохион байгуулалтын ажлуудад амжилттай оролцоод ирсэндээ баяртай байгаа.
Нийт 8 орны 50 гаруй тамирчин 3 төрөлд холилдож өрсөлдсөн.


-Өөрийн тань хувьд мотоспортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Би мотоцикл унаад 6 жил, харин уралдаж эхлээд 3 жил болж байна. Үзүүлсэн амжилтын хувьд эндурогийн улсын аваргаас алт, мөнгөн медальтай, мотокроссын улсын аваргын цуврал тэмцээнүүдэд бас 1, 2 дугаар байрт шалгарч байсан. Тэгээд уралдахаас гадна тэмцээн уралдааны зохион байгуулалт хийгээд явж байна.
-Мотоспортын гоё сайхан, тэр гайхамшгийг тодорхойлж хэлбэл?
-Эндуррогийн төрөл нь бартаат замд маш олуулаа нэг дор гарч уралдана, цагаараа уралдана, нэг кроссын зарчимтай адилхан. Тэр бартаа саад ихтэй замд хэн нь их авхаалж самбаа гаргаж чадна, хэрхэн нягт няхуур явах вэ гэдгээс шалтгаална.
Мотокросс нь болохоор дээд, өндөр хурд, үсрэлт, харайлт, огцом эргэлт гээд ерөнхийдөө үүгээрээ ялгаатай. Шинээр энэхүү спортыг сонирхонч гарч ирж буй тамирчдад хандаж хэлэхэд мэргэжлийн сургалт бол хамгийн тэргүүнд байх ёстой. Мэргэжлийн сургалт авснаараа гэмтэл бэртэл авахаас сэрэмжлэх, тамирчдын хувь хүний үзүүлэлт ахих, тэмцээнүүдэд байр эзлэх магадлал тун өндөр болж өсөн дэвждэг.
Эрч хүчний тэсрэлттэй, бас тамирчин хүнд маш гоё эрч хүч өгөхийн зэрэгцээ адерналин ихээр ялгаруулдаг онцгой спорт л доо.
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






