
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр эхэллээ.
“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, тухайн асуудалтай холбогдох дуудсан гэрчүүдээс Түр хорооны гишүүд асуулт асууж харилут сонссон юм.
Сонсголын эхний өдөр дуудагдсан гэрчүүд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Онтре компанийн асуудалтай холбогдох хамгийн чухал хүмүүс байсан бөгөөд тэдний амнаас гэрээ батлах үеийн олон мэдээлэл нээлттэй болно гэсэн хүлээлттэй байсан ч эхний өдрөөсөө тийм хүлээлтэд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, гэрчүүдийн олонх нь нууцад хамаарна, үндэсний аюулгүй байдлын түвшинд хаалттай ярилцах асуудлууд, сонгууль хулгай луйвар гээд ярих юм их байна гэж орхих хандлага их байлаа.
Сонсголд,
- Нийт дуудагдсан гэрч 166
- Мэдэгдэх хуудас хүргүүлсэн 153 Мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй 13
- Сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн 37
- Оролцвол зохих 116
Эхний өдрийн сонсгол 09-21 цаг хүртэл үргэлжилсэн.
Сонсголын үеэр хэн юу хэлэв?
УИХ-ын гишүүн, Хяналтын сонсголын ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал
“Хянан шалгах хороо хуралдаад 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Нийтдээ 12 удаа хуралдсан. Та бол анхны Монгол захирал, баяр хүргэе. Бид түр хороо мөртлөө байнгын хороо шиг 7 хоног болгон хуралдсан. Учир нь бидэнд маш олон асуулт байсан учраас бид нар хэлэлцэх асуудал ч их байлаа. Нийтдээ бид 28 орчим төрийн болон холбогдох байгууллагын төлөөлөлттэй уулзсан. Энэ дунд нэг байгууллагад 6 удаа санал тавьсан боловч хүлээж аваагүй. Парламентын хяналтын хороо дуудаж байхад ирэх ёстой. Парламентыг үл хүндэтгэнэ гэдэг байх ёсгүй зүйл. Оюу Толгой компанийг бид хүрэлцэн ирж албан ёсоор хариулт өгөөч ээ гэж дуудахад парламентыг үл хүндэлж ирээгүй. Яагаад ирээгүй вэ.
Энэ шийдвэрийг та гаргасан уу. Энэ талаар та тайлбар өгөх ёстой. Оюу Толгой-н орд бол ард түмний өмч. Ард түмний төлөөлөл болсон Хянан шалгах хороо дуудсан юм. Бид Хянан шалгах хорооны хурал дээр 92467 хуудас нотлох баримтыг бид цуглуулсан. Гэвч харамсалтай нь 54 хувь нь маш нууц, байгууллагын нууц, төрийн нууц гэсэн тамга дарагдсан учраас бид энэ талаар нээлттэй ярьж чадахгүй, өнөөдрийн сонсгол дээр ярьж чадахгүй байна. Яагаад хуудас болгон дээр нууцны тамга дарсан юм бэ. Ард түмний мэдэх эрхийг хангах ёстой. Та шинэ захирлаар ирээд хэд хэдэн мэдээлэл өгсөн байна. Тухайлбал, нэг сайтад өгсөн мэдээлэлдээ Оюу толгойн өр бол монголын өр биш гэж та ярьсман байна. Яагаад өр биш байдаг билээ. Таниас эдгээр асуултуудад хариулт авмаар байна.
Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх
“Би хоёр долоо хоногийн өмнөөс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон. Албан ёсоор 2-р сарын 1-ээс үүрэгт ажлаа хүлээн авна. Оюу Толгой төслийн 20 жилийн түүхийг би нарийн мэдэхгүй. Техникийн мэдээллийг нь бас сайн мэдэхгүй. Түр хорооны хуралдаанд яагаад ирээгүй вэ гэдэгт, компани дотроо хуралдаад багийн шийдвэр гаргасан. Яагаад оролцохгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн. Ингэхдээ
- 1-рт, Онтрэ болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хэлэлцээр эхэлж байсан. Хэлэлцээрийн тактикт талуудын байр суурь, хэлэлцээрийг үр өгөөжтэй байлгах тал дээр Засгийн газартай хамтран ажиллахдаа олон газар мэдээлэл гаргахгүйгээр, буурь суурьтай байх үүднээс нээлттэй хурал дээр энэ талаар ярих нь зохисгүй юм болов уу гэдэг үүднээс шийдвэр гаргасан байгаа.
- 2-рт, Компанид өөрчлөлт орж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн. Мөн бидэнд тодорхойгүй зүйлүүд байсан учраас дотолд шалтгаанаар оролцох боломжгүй юм байна гэж үзсэн.
- 3-рт, Компани дотор ажилд ирэх дуудагдах хүмүүст бас тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан зүйлүүд бий.
Шинжээч нартай уулзаж, тулж бүх тооцоолол зэрэг олон асуултуудад хариулт өгөөд явсан. Компанид нээлттэй мэдээллүүд бий. Зарим нь олон нийтэд шаардлагагүй мэдээллүүдийг хэлж байгаа юм. Гэхдээ бидний зүгээс холбогдох бүх бичиг баримт болон шаардлагатай материалуудыг өгсөн.
“Онтрэ” компанийн ерөнхийлөгч Стефен Скотт
“Бид 2004 оноос эхлээд Оюу Толгой ХХК-тай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарч ажиллаж ирсэн. Бид 2010 оноос хойш боловсруулсан ТЭЗҮ болоод нөөцийн үнэлгээ, уулын төлөвлөгөөгөө бэлдэж, нэгдсэн баримт бичгүүдээ үйлдэж, энэ дагуу бид хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бид тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой, үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой бүх татвар, төлбөрийг хуулийн дагуу биелүүлж байгаа.
2004 онд Онтрэ болоод Оюу Толгой тухайн үед Айванхоу Майнз компанитай хувь оролцооны тохиролцоонд хүрсэн юм. Энэ тохиролцоо нь бидний хооронд хамтын ажиллагааны гэрээ болж хөгжсөн. Уг гэрээнд тусгагдсан бүх зүйл заалт бүхий гэрээ нь 2008 оны хөрөнгө оруулалтын гэрээнд заалт болж орсон байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлүүдэд Онтрэ, Оюу Толгой тэр үед Айванхоу Майнз ямар нөхцөл зарчмаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг бүгдийг нь тусгасан байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир
Оюу толгойн менежментийн төлбөр 6 хувь гэхээр маш өндөр. Дахиад тодорхой асууя. Үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр хэдэн ам.долларыг хэчнээн компанид өгдөг байсан бэ. Тодорхой хэлээд өгөөч. 138 сая ам.доллар дээр хоёр тал тохиролцсон гэхээр монголын талын оролцоо үүнд ямар байгаа юм бэ. Монголын тал хэдий хэмжээний ашиг хүртэх вэ. Манай талын эрх ашиг хангагдаагүй байна, энгийн логикоор. Хүүгээс хүү боддог санхүүгийн бизнес эрхлээд байгаа юм биш үү.
Онтрэ ХХК-ийн эзэмшиж байгаа лицензийг тухайн үед Монгол газар ХХК эзэмшиж байсан гэдгийг шинжээчийн дүгнэлт дээр дурдсан. Уг лиценз нэлээн олон шилжих хөдөлгөөн хийгдсэн байна. Онтрэ ХХК-ийн лиценз 10.5 сая орчим ам.долларын үнэлгээтэйгээр борлуулагдсан гэдэг мэдээлэл бий. 2003 оноос хойших бүх мэдээлэл хөрөнгийн бирж дээр ил бий. Хувийн хэвшил зарах нь өөрийнх нь эрх ч зарахдаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлсөн эсэхийг түр хорооны гишүүд тодруулаа.
“Монгол газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяр
“2001 онд “Онтрэ” компанийг үүсгэн байгуулсан. Анод банкнаас 3 сая ам.долларын зээл авсан. Монголбанкнаас “Зээлээ яаралтай хаа” гэдэг шаардлага тавьсан. Зээлээ хаах зорилгоос лицензээ зарсан. 2003 онд Канадын талд 5 сая ам.долларыг бэлнээр, 5 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр зарсан түүхтэй. 23 жилийн өмнөх татварыг бол санахгүй байна. Тайлан, санхүү бүртгэл дээр тодорхой байгаа байх” хэмээн хариулт өглөө.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
Тухайн үед ҮАБЗ-өөр хоёр удаа лав хэлэлцэж байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна. М.Энхболд даргын үед танилцуулсан гэрээг харьцангуй сайн гэрээ байна гэж байсан. Иймээс тухайн гэрээг илүү сайжруулах зөвлөмж өгсөн. Харин С.Баяр сайд илүү улайрсан байдалтай гэрээг танилцуулж байсан. Тэгээд илүү сайжруулах ёстой гэж байр сууриа би илэрхийлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг би бол дэмжие гэдэг албан тушаалтан байсан.
Гэхдээ илүү цааш нь яриад үзэхээр Монголд ашиггүй юм шиг санагдаж эхэлсэн. С.Баярын байгуулсан ажлын хэсэгт тодорхой чиглэлүүд өгч байсан. 51 хувийг Монгол, 49 хувийг нөгөө тал авъя гэхэд бүтэхгүй гэсэн. Иймээс хувиа багаар эхлээд аажмаар нэмэгдүүлье гэсэн. Гэтэл Эрдэнэт үйлдвэр дээр харахад Монгол Улс тухайн үед бага хувь эзэмшиж байгаад их өрийг дарсны дараа хувиа нэмэгдүүлж чадсан. Иймд Оросууд шиг байгаад аажмаар хувиа нэмэгдүүлье гэдгийг зөвшөөрөөгүй. Иймээс ерөнхийлөгчийн хувьд сайн судалъя гэдэг үүднээс буцааж байсан.
Сангийн сайд асан С.Баярцогт
“Би Оюу Толгойтой холбоотой нийт 13 гэрээ, УИХ-ын хэлэлцүүлгийн бүтэн протокол гээд бүгд бий. 15, 16 жилийн дараа учраас манай дарга нар санахгүй байж магадгүй. Би бол энэ асуудлаар шалгагдаж байсан хүн учраас сайн санаж байна. Онтрэ компанийн асуудлыг УИХ-аар оруулаад хэлэлцэж байсан юм. Би шинжээчтэй санал нэг байгаа. 34 хувиа тусгай роаялтигаар солиад, хөрөнгө оруулалтын гэрээ ч хийх шаардлагагүй юм. АМНАТ-аа аваад л явахад болохоор. Тухайн үед нэг рояалти орлогын албан татварын 4 хувьтай тэнцдэг.
Цаашид хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр байх учраас үүн дээрээ хяналт тавих шаардлагатай. Бидний алдаа юу вэ гэвэл өөрсдөө ажлаа хариуцахгүй урд тал руугаа чихээд байдаг. 2009 онд гэрээг байгуулж, 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулаад 2019 онд сайжруулсан. Өнөөдрийн түр хорооны сонсголоор дахиад сайжруулах байх. Монголчууд нэг тал болж ажиллах ёстой. Тэгэхгүй өөр дотроосоо буруутан хайгаад хүний идэш болдог. Би өнөөдөр маш олон зүйлийг ярьж чадахгүй байгаа.
Яагаад гэхээр Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа учраас. Гэхдээ үр өгөөжийн асуудлыг ярих үед би санал бодлоо ярина. Энэ сонсголыг хаалттай хийвэл би юу болсон, өмнөх хоёр гэрээ яагаад унасан юм яримаар байна. Үнэхээр үүлэн чөлөөний нар шиг юман дундуур явж байж гэрээг хийж чадсаныг, хаанаас ямар шахалт ирснийг ярина. Яагаад бид цаг алдаад, цаг алдах тусам зардал нь өсөөд байсан юм. Эс үйлдэл, үйлдэл хоёр хоёулаа үр дагавартай. Өнөөдөр маш олон хүн ирсэн байгаад би баярлаж байна” гэлээ.
2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар
2007 болон 2009 оны гэрээ хоёр өөр нөхцөлд байгуулагдсан шүү гэдгийг хэлье. 2007 онд Миеэгомбын Энхболдыг Ерөнхий сайд байхад хэлэлцээр хийх ажлын хэсгийг Сангийн яамны ТНБД байхдаа ахалж байлаа. Богино хугацаанд Монгол Улсад хэрэгтэй хөрөнгө оруулалтын гэрээг оруулж ирсэн. Тэр үед дэлхийн эдийн засгийн өсөлт 4.4 хувьтай байлаа. Зэсийн үнэ ч 8000, 9000 гарчихсан байсан. Хэлэлцээр хийхэд таатай нөхцөл үүссэн байсан. Монголд ашигтай зүйлсийг шахаж оруулахад амархан байсан. Амархан ч юу байхав.
2007 оны гэрээнд 34 хувийг Монголын Засгийн газар үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах заалт байсан. Дээр нь зэс хайлуулах үйлдвэр барих. Харамсалтай нь, УИХ Хөрөнгө оруулалтын гэрээг унагаасан. Тухайн үеийн сөрөг хүчнийг би зарлаж чадна. Арай дэндүү байсан шүү. Зааланд оруулж ирээд биднийг элдэв бусаар л хэлж байсан. Би тэр үед ЗГХЭГ-ын дарга байгаагүй. Долгор гэдэг хүн байсан гэдгийг хэлье. Санжийн Баяр гэдэг Ерөнхий сайдтай байлаа. Зэсийн үнэ 3000 доош орчихсон хүнд үед оруулж ирж батлуулж байсан.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
“Оюутолгойтой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад манай ЗГ руу “гал ирсэн”. Ярих юм их байна. 2 жил Ерөнхий сайд хийсэн би 1 минутад 1 жилийнхээ юмыг ярьж амжих уу” гэж шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
“9%-аас дээш хувьтай хүүтэй бол авбал дампуурлын ирмэгт хүргэдэг. Гэтэл манайх өнөөдөр 11,3%-д хүрчихсэн байна.
Цаашид бидэнд ямар үр дагавар гарах вэ? Нөгөө Жасрай гуайн хэлдгээр, хонгилын үзүүрт гэрэл харагдах болов уу, үгүй юу? Ер нь ард түмэн Оюу толгойгоос ноогдол ашиг авах уу, үгүй юу?
Сая танилцуулгаас харахад гадаадад мэдээлэл нь зөрүүтэй гардаг юм байна. Та нар тодорхой хариулах хэрэгтэй. Яагаад тойруулаад мэдээлдэг юм бэ? Яагаад Молбиденоо дотооддоо мэдээлэхгүй мөртлөө гадаадад мэдээлдэг юм бэ? Ноогдол ашиг авах болохоор уурхайн хүчин чадал эрс буурна гэж юу гэсэн үг вэ?
ТЭЗҮ-гүйгээр 10 жил үйл ажиллагаа явуулсан байна. ТЭЗҮ дээр мэдүүлсэн мэдээллээсээ яагаад зөрүүтэйгээр техник тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажилласан юм бэ? Мөн олон асуулт байна. Та нар эдгээрт тодорхой хариулах ёстой.” гэв.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан
С.Мөнхсүх захирал хүч түрсэн шийдвэрийг Оюу толгойн ТУЗ гаргадаггүй гэж өнөөдөр үдээс өмнө хэлсэн нь худлаа. “Онтрэ”-гийн хоёр тусгай зөвшөөрлийг Оюу толгой руу шилжүүлэх тогтоолыг хүч түрэн гаргасан. Арбитрын шүүх эдгээр лицензийг Оюу толгой руу шилжүүлэх шийдвэрийг яг нэг жилийн өмнө гаргасан. Ингэхдээ Монгол Улсын хуулийн дагуу байх ёстойг шүүгч онцолсон. Тэр шүүх хуралд Монголын Засгийн газрын төлөөлөл оролцоогүй. Шүүгч нь гайхаад “Нэг нь лицензээ өгөх, нөгөө нь авах хүсэлтэй юм бол яагаад та нар шүүхэд хандав” гэсэн юм.
“Хайгуулын хоёр лицензийг сунгах, ашиглалтын лиценз болгохдоо хууль зөрчсөн гэдэг ноцтой мэдээллийг би өнөөдөр харж байна” гэж С.Мөнхсүх захирал хэлсэн нь бас л худлаа. Би энэ асуудлаар удаа дараа хэвлэлд ярилцлага өгсөг. Компанийн асуудлыг ил тод гаргалаа хэмээн Оюу толгой Засгийн газарт гомдол гаргасан байсан. Монголчууд эдгээр лицензийг ярилцах, мэдэх эрхтэй гэв.
Усны газрын дарга З.Батбаяр
Манай улсад ус бохирдуулсны төлбөр төлдөггүй цорын ганц компани байдаг нь Оюутолгой юм.
Учир нь тус компанийн Засгийн газартай байгуулсан гэрээнд энэ төлбөрийг оруулаагүй гээд төлдөггүй. Кэмп дэх ажилчдынхаа хэрэглэсэн усны төлбөрийг мөн төлдөггүй. Даланзадгад хотын иргэдтэй ижил хэмжээний усыг кэмпийн ажилчид ашигладаг. Хаягдал усны хоёр далантай. Тэдгээрээс ус шүүрч эхэлсэн. Гурав дахь даланг барих гэтэл талбай байхгүй байгаа. Энэ мэт устай холбоотой асуудлууд дэлхийн хэмжээний компанид бий гэхээр ичгэвтэр.
Усны дахин ашиглалт нь хамгийн сүүлийн мэдээгээр 87 хувь байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт
“Бидэнд ямар ч материалтай танилцах боломж олгоогүй атлаа 20 жилийн өмнөх үйл явдлуудыг асууж байна. Түүнээс нээлттэй сонсгол явуулах нь зөв. Би дэмжиж байна. Бид урьдчилаад материалтайгаа танилцсан бол та бүхний ажилд ч нэмэртэй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ажиллах дүрэм бий. Тухайн үед яагаад Оюутолгой, Онтрэгийн талбайг нийлүүлж, тайлан авсан бэ гэхээр том төсөл учир нэгтгэж, том зургаар нь харах нь зөв гэж бид шийдсэн. Уул уурхайн ордын заагийг байгалийн хилээр тогтооно.
Тухайн үед буюу 2009 онд манай эдийн засаг хасах руу орчихсон, нэг өрхөд ногдох орлого 300 орчим ам.доллар байв. хэдий гэрээ байгуулсан ч энэ төслөөс бид орлого төвлөрүүлж эхлээгүй байсан” гэв.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Энэ сонсголоор ОТ-н нийгэм, эдийн засагт оруулсан нөлөөг ярихгүй. ОТ бол манай улсын хамгийн том хөрөнгө оруулалт мөн. Гэхдээ сонсголоор энэ асуудлыг хэлэлцэхгүй. Том төсөл гээд хууль зөрчиж болохгүй шүү дээ. Бид өнөөдөр хуулийн дагуу ажилласан уу гэж асууж байна” гэв.
Сонсгол өнөөдөр үргэлжилнэ.






