
Өвлийн Олимп 2026 онд Европ тивд эргэн ирж байна. Ингэж тодотгосны учир нь хамгиийн сүүлд буюу 2010 онд Канад улсын Ванкувер хотноо өвлийн олимп зохиогдож байв. Тэр цагаас хойш 2010 онд ОХУ-ын Сочи, 2014 онд БНСУ-ыг Пёнчан, 2022 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотуудад тус тус зохион байгуулж байсан.
Тэгвэл энэ удаад Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад XXV Өвлийн Олимпын наадмыг 2026 оны 2 дугаар сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. “Милано-Кортина 2026” нэрээр нэрлэгдсэн энэхүү наадамд 93 орны 3,500 тамирчин оролцож, 16 төрлийн спортоор 116 медалийн төлөө шилдгүүд медалийн тавцанд зогсоно.
Хамгийн анх Монгол Улсын баг тамирчид Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпын наадамд хөл тавьж байсан түүхтэй. Уг наадамд гүйлтийн цанаар Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, биатлоны төрлөөр Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, гүйлтийн тэшүүрээр Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав нар оролцсон нь олимпын наадамд анх удаа хурд, хүчээ сорьсон монгол тамирчид болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.
Энэ удаад Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 2 тамирчин, уулын цанын төрөлд 1 эрэгтэй тамирчин тус тус өрсөлдөнө.
Монголын баг тамирчид:
Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс Гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцох эрх аваад буй.
- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
- Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг
Ингээд “Өрөг.mn” сайтын зүгээс 3 дахь өвлийн олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах, анхны олимпийн цасан цагаан замд уралдах, Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг нартай цөөн хором ярилцсанаа хүргэе.

Э.Ариунтунгалаг: Анхны олимптоо өрсөлдөх гэж байгаа учраас бүх хүчээ дайчлан өрсөлдөх болно


-Сайн байна уу? Италид болох өвлийн олимпын наадамд оролцох эрх нь яг хэзээ баталгаажиж, Олон Улсын цанын холбооноос ирүүлсэн бэ?
-Сайн сайн байна уу. Олимпт оролцох албан ёсны эрх 2026 оны 1 дүгээр сарын 18-нд баталгаажаад 19-нд хаагдана.
-Бэлтгэл сургуулилт нь хэр байна вэ?
-Бэлтгэл сургуулилт сайн хангагдаж байгаа. Энэ жил Скай ресорт цанын бааз маань эрт нээгдээд дотооддоо цасны бэлтгэл хийх боломжтой болсон. Ингэснээр цасны бэлтгэлдээ өмнөх жилүүлээс эрт гарсан. Ингэхдээ эх орондоо бэлтгэлдээ эрт гарсан нь маш таатай байгаа.


Э.Ариунтунгалаг: Цанын спорт бол тууштай байдал, тэсвэр тэвчээрийн оргил юм
-Саяхан оролцсон тэмцээн олимпын наадмын бэлтгэлийн нэг хэсэг болж өгсөн болов уу?
-Сая шигшээ багийн тамирчид 11 сарын 26, 27-ны өдрүүдэд Францад болсон тэмцээн, мөн 29, 30-нд Италид болсон тэмцээнд тус тус оролцсон. Мэдээж олимпийн наадмын өмнө хэд хэдэн тэмцээн оролцоно гэдэг нь өөрөө маш том бэлтгэл сургуулилт болж өгнө. Олимпын бэлтгэлээ дотооддоо хийж байгаад, гадагшаа тэмцээнүүдэд явж хангаж байна.
-Дараагийн тэмцээн хэзээ, хаана хүлээж байгаа вэ?
-2026 он гараад 1 сарын 18, 19-нд Германд Дэлхийн цомын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Тэндээсээ Италид очиж, бэлтгэлээ хийж байгаад л Олимпдоо оролцоно. Бид 1 сарын 10 гэхэд Европын орныг зорих юм.
-Э.Ариунтунгалагийн хувьд анхны олимпийн наадам. Иймээс маш их догдолж байгаа болов уу?
-Миний анхны Олимп учраас мэдээж сэтгэл зүйгээ аль болох сайтар бэлдэхийг хичээж яваа. 14 дэх жилдээ цанын спортоор хичээллэж байна. Дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөх учраас бүх хүчээ дайчлан өрсөлдөх болно.
-Цанын спортын гайхамшиг, эндээс мэдэрдэг мэдрэмжээ нэг өгүүлбэрээр тодотговол?
-Цанын спорт нь цасан цагаан замд уралддаг. Иймээс ч цаначдыг цагаан мөртэй хэмээн нэрийддэг. Цанын спортыг би “Тууштай байдал, тэсвэр тэвчээрийн оргил” хэмээн тодорхойлно.


Энэ цагийн цанын спортын өнгийг яахын аргагүй тодорхойлж яваа, 3 дахь өвлийн олимпдоо өрсөлдөхөөр бэлтгэж буй шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрахтай ярилцсанаа хүргэе.
Б.Ачбадрах: Цасны болон хүчний бэлтгэлээ хамтатган хийж байна
-Сайн байна уу? Олимпын эрхийн тухайд хэрхэн баталгаажиж ирэх вэ?
-Сайн байна уу. Өвлийн олимпын XXV наадмын эрх 2026 оны 1 сарын 18-нд баталгаажаад, 19-нд хаагдана.
-Бэлтгэл нь ямар түвшинд хангадаж байна вэ?
-Бэлтгэл сургуулилт сайн хангагдаж байгаа. Энэ жил хүчний бэлтгэлээ Ган спорт төв дээр хангаж байгаа бол цасны бэлтгэлээ Скай резорт цанын бааз дээр хийж байна. Олимпын бэлтгэлээ дотооддоо хийж байгаад, он гаргаад гадагшаа гарч хийхээр төлөвлөж байгаа.
-Саяхан тэмцээнд оролцоод ирэв үү?
-Тийм. 11 сарын 26, 27-нд Франц улсад, харин 29, 30-нд Италид тэмцээнд оролцсон.
-Өвлийн олимпын өмнө өөр тэмцээнд оролцох уу?
-12 сарын 18-19-нд БНСУ-д болох Азийн цом тэмцээнд оролцоно. 1 сарын 18, 19-нд Германд Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Цомын тэмцээн дуусгаад Италид бэлтгэлээ хийнэ.


Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд 3 дахь олимптоо оролцох нь өвлийн спортод нэгэн шинэ түүх бүтээнэ
-Олимпын наадмын гүйлтийн цанын төрлийн тэмцээн болох хугацааг сонирхоё?
-2 сарын 6-наас 2 сарын 22-нд болж өндөрлөнө.
-Б.Ачбадрахын хувьд 3 дахь олимптоо өрсөлдөх гэж байна. Сэтгэгдэл хэр байна вэ?
-Би өмнө нь 2018 оны Пёнчаны олимп, 2022 оны Бээжингийн олимпод тус тус оролцож байсан. Олимпын өмнө Италид очиж бэлтгэл хийх нь цасны нөхцөл байдал, цаг агаарын байдалтай танилцах, дасан зохицох гол зорилготой. Аль болох тэргүүлэгчээс хэдийчинээ бага хоцорно, төдий хэрээр амжилтын байр, чансаа маань урагшилна гэсэн үг.
Өвлийн олимпыг дэлхийн өнцөг булан бүрт харан суугаа үзэгч, спорт сонирхогчдын нүдний өмнө Монгол Улсынхаа төрийн далбааг том цэнгэлдэхэд нээлтийн үйл ажиллагаагаар мандуулаад орох нь тамирчин хүний нэр төрийн хэрэг, басхүү огшмоор онцгой мэдрэмж бий.
Ярилцсанд баярлалаа.








