
Урьтал: Ирэх долоо хоног бүхэлдээ Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголоор амьсгална.
УИХ дахь Хянан шалгах түр хорооноос зохион байгуулах уг сонсголоор 2009 онд батлагдсан Монголын анхны гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний цаана улс төр, бизнес, гаднын томоохон компаниуд манай улсын алт, зэсийн томоохон орд Оюу толгойн баялгийг Монголчуудад нь хэрхэн үр өгөөжгүй болгосон асуудал яригдах болно. Энэ улс эх орны эрх ашиг нэлээдгүй хөндөгдөх халуун сэдвүүдийн нэг болж таарна.
Тэгвэл яг энэ эгзэгтэй үед УИХ дахь Хянан шалгах түр хороог ахалж буй О.Батнайрамдал “Өрөг” ярилцлагад оролцлоо.
Ярилцлагын дөрвөн том агуулга:
- Оюу Толгой одоогийн нөхцөл байдал
- Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломж байгаа юу
- “Оюу Толгой” болон “Онтре Голд”-ын талбайн эзэмшлийн маргаан болон ордтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай эсэх
- Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломжууд
-Оюу толгойтой холбоотой асуудлыг ярьж попордог гишүүд ихэнхдээ худалдагдаж, чимээгүй болдог гэж хүмүүс шүүмжилдэг. Танд худалдагдахгүй гэх баталгаа бий юу? Танд мөнгөний амлалт, санал ирсэн үү?
-Санал ирэхгүй байгаа, ирсэн ч үгүй гэж бодож байна. Ялангуяа хянан шалгах процесс бие даасан явах ёстой, ямар ч нөлөөлөл орж болохгүй. Хэрэвзээ ингэвэл хууль зөрчих асуудал болно. Тийм учраас би анхнаасаа нээлттэй хэлсэн. Хэрэв ямар нэгэн нөлөөлөл орвол би олон нийтэд нээлттэйгээр хэлнэ, хэн ч надад шахалт үзүүлсэн байсан ялгаа байхгүй гэж.
Тэгэхээр энэ бол нээлттэй процесс, ямар ч гаднын нөлөө байж болохгүй. Хэрэв худалдагдах байсан бол Оюу толгойн энэ том сэдэв рүү анхнаасаа яах гэж орох билээ дээ.
-Тэгвэл яагаад Оюу толгойтой холбоотой асуудлыг гэнэт барьж авсан юм бэ? Үе үеийн парламентад Оюу толгойг шүүмжилж, попордог гишүүд байдаг. Тэдэн шиг оноо авах гэв үү?
-2024 оны 12 сарын 19-ний өдөр, одоогоос 11 сарын өмнө миний gmail хаяг руу нэгэн мэйл ирсэн. Монголтой холбоотой гадаад мэдээ гарах бүрд миний мэйлээр мэдэгдэл ирдэг. Тухайн үед “Оюу толгой арбитрын шүүх дээр ялагдлаа” гэсэн мэдээ гарсан байсан. Нэг ёсондоо Онтре гэх компани Оюу толгойг Канадын Ванкувер хот дахь арбитрын шүүх дээр ялсан тухай мэдээлэл байв. Энэ мэдээ бүх зүйлийн эхлэл болсон. Ингээд би ямар шүүх ажиллагаа явагдсан, энэ нь Монгол Улсын эрх ашигт ямар ач холбогдолтой вэ гэдгийг судалж эхэлсэн. Бараг сарын турш энэ талаар ухсан юм.
“МОНГОЛЫН СТРАТЕГИЙН ОРДЫН АСУУДАЛД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ОРХИГДОХ ЁСГҮЙ”
Тэгээд судалж байтал 2021 онд Оюу толгойг арбитрт өгсөн байсан. 2004 оноос хойш 20 жил хийгдээгүй Оюу толгой, Онтре хоёрын 20/80-ийн ашиг хуваах гэрээ арбитрын шийдвэрээр албажсан. Тухайн үед би хэлж байсан, Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ? Стратегийн орд байхад хоёр гадаад компани ашиг хуваах гэрээ байгуулаад арбитрын шийдвэрээр албажуулчихсан байхад Монгол Улсын эрх ашиг огт дурдагдаагүй, орхигдсон байна гэж. Энэ гэрээ байгуулагдсаны дараа татварын асуудал яригдаж эхэлсэн. Оюу толгой Онтрегийн 2 лицензийг шилжүүлж авах хүсэлтээ татварт өгсөн. Хэрвээ энэ мэдээг сарын дараа олж мэдсэн бол татварын бодолт дуусаад, лицензүүд аль хэдийн Оюу толгой руу шилжчих байсан. Тэгвэл өнөөдөр бид Оюу толгой дээр төрийн эзэмших хувь хэмжээний талаар ярих боломжгүй болох байлаа. Тиймээс Монгол Улс эрх ашгаа хамгаалж, стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз Монголд хамаарч байгаа тохиолдолд Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 8.1.7-д заасны дагуу манай эрх ашиг яригдах ёстой. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэтэл УИХ-ын гишүүд мэдээгүй, шийдвэр гараагүй байхад лиценз шилжих үйл ажиллагаа аль хэдийн явагдаж байсан. Иймд энэ асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Ингээд хянан шалгах түр хороо байгуулагдсан.
-Рио Тинто талаас “Онтрегийн 2 талбайг хөрөнгө оруулалтын гэрээндээ Оюу толгойн бүлэг ордод хамааруулна гэж маш тодорхой заасан. Энэ дээр маргах зүйл байхгүй. Монголын Засгийн газар Оюу толгойн 34%-ийг эзэмшдэг шигээ энэ 2 ордын ч гэсэн 34%-ийг л эзэмших ёстой” гэдэг. Гол маргаан нь юу юм бэ?
-Рио Тинто болон Оюу толгойн зүгээс “Бид 20/80-аар хуваачихсан. Та нар 34%-ийг эзэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр үлдсэн 20%-д л 34%-ийн эзэмшлээ ярь” гэж байгаа. Гэтэл бидний зүгээс “Монгол Улсын 34%-ийн эзэмшил нь ашиг хуваах 20/80-аас эхлэх хуулийн үндэслэл байхгүй. Энэ нь логик болон хууль зүйн хувьд алдаатай” гэж үзэж байна. Тиймээс энэ асуудал сонсголын гол сэдвийн нэг болж гарч ирнэ.
-Манай Засгийн газар 20/80-аар хуваасныг зөвшөөрөхгүй гэсэн үг үү?
-Монгол Улсын 34%-ийн эзэмшлийн асуудал шийдэгдсэний дараа Оюутолгой өөрийн эзэмшил дээр хэнтэй, хэдэн хувиар хуваах нь тэдний асуудал. Харин 34%-ийн төрийн эзэмшлийн асуудал шийдэгдээгүй байхад 20/80-аар ашиг хуваах гэрээ байгуулж, үүнийгээ Монгол Улсад тулгах нь хууль зүйн алдаатай. Тиймээс энэ асуудлыг хянан шалгах түр хорооны сонсголын үеэр мэргэжлийн шинжээчийн урьдчилсан дүгнэлттэйгээр илүү нарийвчлан авч үзнэ.
-Тэгвэл сонсголоор энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах уу? Анх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа яагаад эдгээр хоёр ордын талаар тодорхой тусгаагүй, ийм маргаан үүсэх нөхцөлийг үлдээсэн юм бол?
-Яг энэ асуултад таван минутад хариулахад хэтэрхий урт. Энэ асуултын яг хариултыг зориудаар үлдээсэн мэт сонсогдоно. Сонсголоор бид илүү нарийвчлан харах болно. Энэ нь үйл явцаас эхлээд олон үйл ажиллагааг дэлгэрүүлэх боломж л гэсэн үг. Үүнийг хууль зүйн хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж буйг нарийвчлан ярьж байж эцсийн шийдвэрийг гаргана. Дүгнэлтээ үндэслэн УИХ-ын тогтоол болгох ёстой.
“ОНТРЕ КОМПАНИ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭРХ ЗҮЙН ЭТГЭЭД БИШ”


-Түрүү бид Рио Тинто талаас тавьдаг агуулгыг хөндсөн. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол хувь эзэмшлийн асуудлыг дахин хэлэлцэх боломжгүй болчихож байгаа юм биш үү?
-Онтре компани 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн тал биш байсан бөгөөд гэрээнд гарын үсэг зураагүй. Тус компаниас нэг ч хүн тус гэрээнд оролцоогүй.
Тиймээс тус компани хэлэлцээрийн үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн этгээд биш юм. Иймд Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй.
Гэсэн хэдий ч, хэрэв Оюу Толгойн бүлэг ордын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаараагүй лицензийг хамруулах тохиолдолд, Оюу Толгой компани болон хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээгээр шийдвэрлэнэ гэсэн 15.6 дугаар заалт тодорхой тусгагдсан байдаг. Одоогийн байдлаар бидний авсан нотлох баримтаас үзэхэд, Оюу Толгой компани болон хөрөнгө оруулагч талаас Онтре компанийн лицензийг Хөрөнгө оруулалтын гэрээнд хамааруулах тухай албан хүсэлт Монгол Улсын Засгийн газарт ирүүлээгүй байна.
-Оюу Толгойн бүлэг орд нь таван бүлэг ордоос бүрддэг бөгөөд эдгээр нь тус бүр лицензтэй. Онтре Голд компани нь эдгээр таван бүлэг ордын хоёрт нь хамаарах лицензийг эзэмшдэг үү? Мөн Оюу Толгойн талбайн бүлэг ордуудын хил хязгаар тодорхой тогтоогдсон уу?
-Оюу Толгойн бүлэг ордод нийт таван лиценз байдаг. Үүнээс гурван лицензийг Оюу Толгой компани, хоёр лицензийг Онтре компани эзэмшдэг. Эдгээр нь тус тусдаа хуулийн этгээдүүд юм.
-Уул уурхайн бүтээгдэхүүний нөөцийн хувьд эдгээр хоёр ордод их хэмжээний нөөц төвлөрсөн гэж ярьдаг нь үнэн үү?
-Оюу Толгойн бүлэг ордын нийт геологийн нөөцийн 32% нь Онтре компанийн эзэмшлийн талбайд хамаардаг. Үүнээс алтны 41%, молибдены 94%, мөнгөний 28%, зэсийн 29% нь тус тус багтаж байна. Энэ нь маш том геологийн нөөц юм.
Мөн хоёр сарын өмнө Канадын Northern Miner уул уурхайн сэтгүүлд хамгийн шилдэг 20 зэсийн ордын хайгуулын дүнг жагсаахад Онтре компанийн талбай Онтре Ресурс нэгдүгээрт жагссан байна.
2024 онд хамгийн өндөр агууламжтай, дэлхийн шилдэг хайгуулын үр дүн Онтре компанийн талбай дээр гарсан байна. Цаашид ч энэ талбай нь илүү томрох, их хэмжээний нөөц илрүүлэх өндөр потенциалтай гэж үзэж байна.
-2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой заасан зүйлсийг дахин сөхөж, асуудал болгон ярилцах нь хөрөнгө оруулагчдыг үргээх, олон улсад Монгол Улсыг муухай харагдуулах эрсдэлтэй гэж зарим хүмүүс ярьдаг. Гэрээний заалтаас няцах нь олон хүний шүүмжлэлд ч өртөж байна. Онтре Голд компанийн маргаантай холбоотойгоор Монголын эрх ашгийг хэрхэн хамгаалж, зөв гэрээ байгуулах вэ гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу Толгой анхнаасаа хамаарахгүй гэж үздэг байсан бөгөөд үүнийг бид нотлох баримтаар харуулна. Харин далд уурхайн бүтээн байгуулалт Онтре компанийн талбай руу ороход ашигтай болсон тул хамаарна гэсэн маргаан гарсан. Монголын тал энэ асуудлыг олон удаа сөхөж байгаагүй.
“МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭНД ХАНГАГДАХ ЁСТОЙ”


Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг ч Онтре компанийн талбай 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь хоёр талд маргаантай асуудал боловч шийдвэрлэх ёстой. Ингэхдээ Монгол Улсын эрх ашиг Үндсэн хууль болон хууль тогтоомжийн хүрээнд хангагдах ёстой.
Хянан шалгах түр хороо энэ хоёр асуудлыг гаргаж ирж шийдвэрлэснээр хөрөнгө оруулагчдыг үргээх бус, харин ч үл ойлголцлыг арилгаж, хуулийн цоорхой үлдээхгүйгээр хоёр талд илүү ойлгомжтой болгох харилцан ашигтай хувилбар юм. Ингэснээр Монголд хөрөнгө оруулалт ойлгомжгүй байдал үүсгэхгүй, урт хугацаанд хоёр тал түншлэх нөхцөлийг бүрдүүлнэ
Оюу толгойн гэрээний талаар ярих нь хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэсэн ойлголт нь сүүлийн 20 жилд тогтсон буруу ойлголтын стратеги юм.
“ОНТРЕ КОМПАНИТАЙ ШИНЭЭР ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ОЮУТОЛГОЙГООС ХҮРТЭХ МОНГОЛЧУУДЫН АШГИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ”
-Онтре Голд компанийн эзэмшлийг 100% гэж үзвэл, Монголын тал 34%-ийн эзэмшлээ авснаар ноогдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?
-Оюу Толгой дээр Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж, стратегийн ордын хувьд 34%-ийн эзэмшилтэй байхаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ зарчим Онтре Голд дээр ч мөн адил хэрэгжих ёстой. Тиймээс Монгол Улс Орано компанитай гэрээ байгуулсантай адил Онтре компанитай гурав дахь шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай.
-Оюу Толгой дээр 34%-ийн эзэмшилтэй байгаа ч ноогдол ашиг авах хугацаа тодорхойгүй байна. Тиймээс Онтре Голд дээр 34% эзэмших шаардлагатай юу, эсвэл өндөр АМНАТ тогтоох нь зүйтэй юу?
-Миний хувийн байр суурь бол Монгол Улсад хоёр боломж байна. Нэг нь 34%-ийн эзэмшилтэй байх, нөгөө нь эзэмшлийн оронд өндөр АМНАТ авах. Жишээлбэл, давуу эрхийн хувьцаа эсвэл алтан хувьцааны эрхтэйгээр гэрээ байгуулах боломжтой. Аль хувилбар нь Монгол Улсад илүү үр өгөөжтэй болохыг сайтар судлах хэрэгтэй. Хэрэв бид зардлаа хянаж чадахгүй бол өндөр АМНАТ авах нь зүйтэй байж магадгүй. Өнөөдрийг хүртэл Оюу Толгойн зардлыг бид хянаж чадаагүй, мэдээлэл нь ил тод биш байсан. Тиймээс Онтре Голд дээр алдаанаасаа суралцаж, илүү сайжирсан гэрээ байгуулах боломж бидэнд байна.
-Та сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюу Толгойн бүх баримтыг нууцад хамааруулсан тухай мэдээлэл өгч байсан. Яг хэн, юуг нууцалж байгаа талаар тодруулж өгнө үү?
-Хянан шалгах түр хороо байгуулагдсанаас хойш таван сар өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд 30 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгжээс нийтдээ 92,117 хуудас нотлох баримт ирсэн. Эдгээрийн дийлэнх буюу 50-иас дээш хувь нь “маш нууц”, “төрийн болон албаны нууц”, “байгууллагын нууц” гэсэн тамгатай байна. Өөрөөр хэлбэл, 92 мянган хуудас баримтын ихэнх нь нууцын зэрэглэлтэй байна.
-Тэгэхээр нууц болохоор та үзэх боломжтой юм уу?
-Таны хэлсэнчлэн, Оюу Толгойн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ирсэн 30-35 мянган хуудас баримт бичиг нь “байгууллагын нууц” гэсэн тамгатай тул олон нийтэд ил болгох боломжгүй байдаг. Энэ нь хууль, журмын дагуу нууцлалын зэрэглэлтэй холбоотой юм. Тиймээс та эдгээр баримтын агуулгыг нийтэд дэлгэх эрхгүй бөгөөд энэ нь хууль зөрчихөд хүргэнэ.
-Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаатай компанийнхаа мэдээлэлтэй танилцах боломжгүй гэсэн үг үү?
-Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаатай компанийнхаа мэдээлэлтэй танилцах боломжгүй байсаар ирсэн. Жишээлбэл, ТУЗ-д байгаа Монголын талын гишүүд хүртэл баримтаа бүрэн авч чадахгүй, эсвэл хурлын өмнөх орой нь л өгдөг зэрэг асуудлууд 20 жилийн турш үргэлжилж байна.
-Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК юу хийдэг, ямар мэдээлэлтэй танилцдаг байсан юм бэ, дэндүү хаалттай биш үү?
-Оюу Толгой тэр битгий хэл Монголын талыг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд ч гэсэн 34%-ийг төлөөлж байгаа учраас яг адилхан мэдээллээр хангагдах ёстой. Тэгэхээр ТУЗ-ийн гишүүд ч гэсэн олон удаа “Бид хангалттай мэдээлэл авч чадахгүй байна, ил тод биш байна” гэж ярьдаг байсан. Гэтэл баримтуудыг харахаар 92 мянга гаруй хуудасны талаас илүү нь нууцад авчихсан байхаар аргагүй шүү дээ.
“ХАМГИЙН НОЦТОЙ АСУУДАЛ НЬ ОЮУТОЛГОЙН БҮХ БАРИМТ БИЧИГ НУУЦЫН ЗЭРЭГТЭЙ!”


Хэрэв үүнийг хөөгөөд үзвэл 2009 оны 10-р сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Тууз хайчилж, баяр ёслол болсон. Гэтэл яг тэр өдөр Хувь нийлүүлэгчийн гэрээ гэж бас нэг тусдаа гэрээ ард нь байгуулсан байдаг. Тэр гэрээг хэн ч ярьдаггүй, мэддэггүй, орхигдсон. Яагаад гэвэл тэр гэрээ яг тэр өдрөө нууцын тамга дарагдсан байдаг.
-Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж сүүлийн жилүүдэд их яригдах болсон шүү дээ?
-Анхны нууцын тамга дарсан гэрээг 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон нь тухайн үеийн Засгийн газрын шийдвэр байсан бөгөөд энэ нь тухайн гэрээг нууцад авах үндэслэл болсон байж болзошгүй. Гэрээг нууцад авсан шалтгаан нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн ашиг сонирхол, олон нийтийн санаа бодлын нөлөөллөөс зайлсхийх зэрэг хүчин зүйлстэй холбоотой байж болно.
Харин 2011 оноос хойш гэрээг ил болгох шийдвэр гарч, аажмаар нээлттэй болгож эхэлсэн нь цаг хугацааны явцад нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой байж болох юм. Таны дурдсанчлан, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлууд 16 жилийн турш нууцлаг байдлаар явагдаж ирсэн нь тодорхой стратегийн нэг хэсэг байсан бөгөөд энэ нь тухайн үедээ амжилттай хэрэгжиж байсан гэж үзэж болохоор байна. Өнөөдөр ч гэсэн энэ стратеги үргэлжилсээр байгаа нь ажиглагдаж байна
-Монгол Улсын Оюу Толгой төслийн 34%-ийг эзэмшдэг учраас төслийн үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээлэлтэй танилцах эрхтэй юу. Бүх мэдээллийг компанийн дотоод журам, нууцлалын бодлогоор хаацайлж болох уу?
-Танилцаж болно. Гэхдээ энэ асуудлын талаар би өнөөдөр олон нийтэд ил тод ярьж болохгүй. Жишээ болгон хэлэхэд, Оюу толгой компаниас Хянан шалгах түр хороонд ирүүлж буй албан бичгийн ихэнх нь нууцын тэмдэглэлтэй байдаг тул агуулгыг нь үзүүлэх, ярьж тайлбарлах боломжгүй.
Рио Тинто болон ОТ бол хоёр тусдаа компани хэдий ч нэг бланк дээр хоёр лого ашиглан албан тоот илгээдэг. Рио Тинто 66 хувийг, Монголын тал 34 хувийг эзэмшдэг. Гэвч эдгээр баримтуудыг нууцын тэмдэглэлтэйгээр илгээж байгаа нь ил тод байдалд нийцэхгүй гэж үздэг.
Сүүлийн 16 жилийн хугацаанд Оюу толгойтой холбоотой бичиг баримтууд, мөн Засгийн газар, УУЯ, Сангийн яам, ЗГХЭГ болон архивд хадгалагдаж буй олон материал нууцын зэрэглэлтэйгээр явж ирсэн нь иргэдийн мэдээлэл авах эрхийг зөрчиж, ихээхэн хохирол, алдагдлыг халхалсан.
Өнгөрсөн 20 жилийн туршид яригдах ёстой асуудлууд ил гаралгүй, шийдвэргүйгээр өнөөдрийг хүртэл хэвээр хадгалагдсан нь бодит байдал юм.
“ОЮУ ТОЛГОЙТОЙ ХОЛБООТОЙ ҮЗЭХ ЁСТОЙ БАРИМТЫН ИХЭНХ НЬ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ТУЛ БИД ТЭДГЭЭРИЙГ ХЭЛЭЛЦЭХ, ОЛОН НИЙТЭД ТАЙЛБАРЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА”


Долоо хоногийн дараа Хянан шалгах түр хорооны 11 гишүүний хамт сонсгол хийхээр бэлдэж байгаа. Гэвч бидний үзэх ёстой баримтын ихэнх нь нууцын зэрэглэлтэй тул бид тэдгээрийг хэлэлцэх, олон нийтэд тайлбарлах боломжгүй байна.
Ийм нөхцөлд бид хоёр гар, хоёр хөлөө хүлүүлсэн хүн шиг сонсгол хийх гэж байгаа хэрэг. Ард иргэдийг мэдээллээр хангахын тулд сонсгол зохион байгуулах гэж буй атлаа баримтаа ашиглах боломжгүй байна.
Оюу толгой компаниас баримтуудыг нууцаас гаргаж өгөхийг хэд хэдэн удаа хүссэн ч одоог хүртэл нэг ч хуудас гаргаагүй. Засгийн газарт ч мөн адил хүсэлт тавьсан, өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөгдөөгүй. Сонсголын бэлтгэлд шаардлагатай баримтуудыг нууцаас гаргах хүсэлтээ аль аль талд нь тавьсан боловч үр дүн гараагүй.
Гэсэн ч бид ямар ч нөхцөлд ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах үүднээс сонсголоо заавал хийнэ. “Юу ч яригдахгүй сонсгол болох уу” гэх эргэлзээ байгаа ч бидэнд 40 гаруй мянган хуудас баримт бий. Тэдгээрт тулгуурлан бид дүгнэлт гаргаж, асуудлыг олон нийтэд боломжийн хүрээнд тайлбарлах боломжтой.
Тиймээс бид дүгнэлтээ ямар ч нөхцөлд гаргаж, ард иргэдийг мэдээллээр хангах үүргээ биелүүлэх ёстой. Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд тодорхой заасан. Иймээс ард түмний өмч хэрхэн захиран зарцуулагдаж байгааг ард иргэдээс нь нууцлах, мэдээллийг нь хязгаарлах нь байж боломгүй зүйл.
-Бүх бичиг баримтыг нууцлаад, нууцын ард хулгай, луйвраа хийдэг юм байна гэх агуулга гарч ирэх нь. Байгууллага мэдээллээ нууцлах тохиолдол байж болно. Гол асуудал нь нууцад байгаа материалын тоо баримт нь Оюутолгой компанийн өөрсдийн нээлттэй мэдээлдэг ашиг, зарцуулалт, зардал, зээлийн хүү зэрэг тоон үзүүлэлтүүдтэй зөрчилдөж байгаа эсэх юм.
-Тэр асуудал үнэндээ зөрж байгаа зүйл биш. Зүгээр л бид мэдээллээ ил тод болгох ёстой шүү дээ, та ч мэдэж байгаа. Өнөөдөр жишээлбэл нүүрсний хулгай гэх мэт олон асуудлыг ярьлаа. Мөн томоохон гэрээнүүд дандаа нууцлагдсан, зарим нь маш нууц хүртэл хадгалагдсан байдаг. Үүнийг бид бүгд ойлгож байна.
Тэгэхэд Оюу толгойн төслийн хувьд ийм хэмжээний том төсөл дээр юуг нь нуугаад байгаа юм бэ? Энэ бүхнийг ил тод явуулах ёстой. Иймээс цаашид шийдэл нь бол Оюу толгой компани одоо нээлттэй, ил тод байх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчдэдээ бүх зүйлээ нээлттэй мэдээлэх нь чухал.
-Та нууцын тамгатай энэ баримтуудаас ноцтой зүйл олж чадсан уу?
-Ноцтой баримтууд олон удаа гарч ирнэ. Сонсголоор ноцтой дүгнэлтүүд ч гарч магадгүй. Гэхдээ бид нууц дотор байгаа баримтуудыг ярьж чадахгүй шүү дээ. Агуулгыг би өнөөдөр бүгдийг нь ойлгож байгаа ч хэлж болохгүй.
Нууцтай холбоотой хуулийн зохицуулалтуудыг илүү төгөлдөржүүлэхгүй бол үнэндээ нууцын тамгын ард ард түмний мэдэх эрх ноцтой зөрчигдөж байна. Үүнийг би дахин дахин онцлон хэлмээр байна.
-Одоогийн гол гэрээ хөрөнгө оруулалтын гэрээгээр л зохицуулагддаг биз дээ?
-Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчийн гэрээгээр зохицуулагддаг. Харин цаашаагаа нарийвчлах юм бол хэдэн зуун гэрээ гарч ирнэ. Ихэнх нь нууц гэрээ.
-Одоо хөрөнгө оруулалтын гэрээнд гол хоёр заалт тодорхой тусгагдсан байгаа нь зээлийн хүүгийн зохицуулалт, нөгөө нь ашгаас бус зардлын 6%-аар тооцогддог. Эдгээр хоёр том заалт хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан учраас бид үүнд өөрчлөлт оруулах боломжгүй.
Мөн Монголын тал Оюутолгойн 34 хувьд ноогдол ашиг хэзээ хүртэх нь одоогоор тодорхойгүй байна. Зээлийн хүү нь хүүгээс хүү дамжин өсөж байгаа ба менежментийн зардлыг бид хянах боломжгүй. Энэ бүх зохицуулалт хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагддаг тийм үү?
-Тэрнээс гадна бид Дубайн гэрээ гэж бас нэг асуудалтай, хууль бус гэрээ байгуулсан. Уул нь тэр гэрээг цуцалсан ч, хавсралтад нь менежментийн төлбөрийн зохицуулалтууд үлдсэн тул өнөөдөр цуцалсан мөртөө менежментийн төлбөр одоо хүртэл үргэлжилж байна. Ийм олон асуудал бий.
Америкийн Нью-Йоркийн шүүх дээр “Pentwater” гэдэг Америкийн хөрөнгө оруулагч Рио Тинтог шүүхэд өгсөн нэхэмжлэлийн баримт байгаа. 2024 оны 2 сарын 28-ны өдөр гаргасан энэ баримт олон нийтэд нээлттэй, залуучууд Google-д хайж үзэх боломжтой. Баримт нь кино шиг үйл явдлуудыг харуулж байна.
“2018 ОНД РИО ТИНТОГИЙН ДОТООДЫН “PROJECT BRAKUDA” ТӨСЛӨӨРӨӨ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХААЛТТАЙ БОЛГОЖ, ТӨӨРӨГДҮҮЛСЭН”


Тухайлбал, 2018 оны 3 сард Монголын Засгийн газар болон УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, Дубайн гэрээ болон Оюутолгой төслийг шалгасан. Рио Тинтогийн дотоодын “Project Brakuda” буюу Бракуда /махчин загас/ төслийг тухайн үед хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь төслийн менежментийн зарим үйл ажиллагааг далдлах зорилготой байсан.
Шүүхийн баримтаас харахад, 2018 онд далд уурхайн бүтээн байгуулалтын менежментийн алдаанаас болж 1.9 тэрбум долларын нэмэлт зардал гарч, төсөл 22 сараар хойшилсон. Энэ мэдээллийг хөрөнгө оруулагчдад бүрэн илтгээгүй тул хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэж шүүхэд өгсөн. Өнөөдөр шүүх 138 сая долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ.
Энэ бүх үйл явдал нь хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ, менежментийн төлбөрийн асуудал хэрхэн холбоотой болохыг харуулж байна.
-Энэ сүртэй нэртэй төслийн хүрээнд юу хийсэн бэ, Монголын Засгийн газарт зардал яагаад хэтэрсэн, хугацаа яагаад сунасан гэдгээ хэлэхгүй, тайлбарлахгүй гэсэн компанит ажил юм уу?
-Тийм. Ер нь тэр зүйлээ Монголын талаас нууж, Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр бүх арга хэмжээг ав гэж байгаа хэрэг. Дотроо нууцад авах нь энгийн стратеги гэж хэлж болно. Жишээлбэл, өнөөдөр бид Оюу толгойд нотлох баримт цуглуулж байгаа ч 92 мянган баримтын дийлэнх нь нууцад хадгалагдаж байна шүү дээ.
-Тэгвэл 2020 онд Оюутолгойн асуудлууд сөхөгдөж, 34 хувьд ноогдох өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцаллаа гэж, таны нэг фракц гэж яригддаг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар попорч байсан. Х.Нямбаатар сайдын ахалсан ажлын хэсэг ажилласны үндсэн дээр Дубайн гэрээг цуцаллаа гэж байсан. Атал өнөөдрийн байдлаас харахад бүрэн цуцлагдаагүй юм биш үү?
-Тэр үед, хэрвээ бид тэр 2.3 тэрбум долларыг тэглээгүй бол Монгол улс ноогдол ашиг авах нь битгий хэл өрөнд орж дуусах байлаа. Тэр 2.3 тэрбум доллар бол өнөөдрийн хувь нийлүүлэгчийн гэрээ биш. Энэ нь 34 хувьд оногдож байсан хөрөнгө оруулалт бөгөөд бид хөрөнгө оруулалтаа хийх боломжгүй байсан учир Рио Тинтогийн зээл болгож авч, хүүгийн дарамтад орж, улмаар өрөнд ороод байсан хэлбэр байсан. Үүнийг цуцалсан нь том дэвшил бөгөөд энэ нь ОТ-ын 20 жилийн түүхэнд гарсан хамгийн чухал дэвшил гэж хэлж болно. Гэтэл Дубайн гэрээг дуусгавар болгох тухай маргаан одоо ч үргэлжилж байна. Монголын тал гэрээг цуцална гэж шийдвэрлэсэн нь УИХ-ын тогтоол шүү дээ, Засгийн газрын шийдвэр биш. Тогтоол нь нэг ёсны хууль болохоор хэрэгжих ёстой байсан ч өнөөдөр цуцлагдсан эсэх нь маргаантай хэвээр байна. Энэ асуудал сонсгол дээр бүр илүү нарийвчлан гарч ирж болох юм. Дубайн гэрээг ер нь яаж байгуулсан, үр дагавар нь юу байсан, тэгээд цуцалчихсан гэж байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм, яагаад нэмэлт зардлууд одоо хүртэл бодогдсоор байгаа юм гэдэг нь асуулт хэвээр байна.
-Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар сайд байх байхдаа Дубайн гэрээг цуцалсан гэж худлаа ярьж байсан хэрэг үү?
-УИХ-ын тогтоол гарсан шүү дээ. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжийг Оюутолгой биелүүлж байгаа эсэх нь маргаан хэвээр байна. Цуцалсан ч яагаад хүлээн зөвшөөрөхгүйгээр нэмэлт зардал бодсоор байгаа нь өөр асуудал болж байгаа юм.
“МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР ОДООГИЙН ЗАРДАЛ ӨӨРЧЛӨГДСӨН НЬ ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТААР ОРСОН”


-Дубайн гэрээ хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь менежментийн төлбөр дээр гарч байна, тийм ээ. Одоо Рио Тинто компани зардлаас 6%-ийн менежментийн төлбөр авдаг. Харин хэрвээ гэрээ цуцлагдсан бол энэ хувь хэд байх байсан бол?
-Тэр менежментийн төлбөр одоогийн зардал өөрчлөгдсөн нь Дубайн гэрээний хавсралтаар орсон учир, хэрвээ гэрээ цуцлагдсан бол буцаад хөрөнгө оруулалтын гэрээнийхээ үндсэн хэлбэрт орох ёстой байх. Гэтэл энэ асуудал одоог хүртэл маргаантай хэвээр байна. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр шууд шийдвэрлэх боломжгүй. Сонсгол дээр нотлох баримтын хүрээнд л асуудлыг ярьж, “цуцалсан” гэж үзэж байгаа ч нөгөөдүүл нь дуусгавар болгоно гэж ойлгож, гэрээтэй холбоотой зардлаа буцаад нэмэн тооцоод байдаг. Ингэснээр УИХ-ын тогтоол хэрэгжихгүй байгаа асуудал хэвээр үлдэж байна.
-Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын тогтоолыг үл тоож байна гэж ойлгож болох уу?
-УИХ-ын тогтоолыг үл тоохоос гадна, УИХ-ын хянан шалгах түр хороо Оюутолгой компанийг 5 удаа дуудсан ч танилцуулгаа хийлгээгүй. Тус танилцуулгыг албан тоотоор болон олон нийтэд ил тод байдлаар хурал дээр ч хэлсэн. Гэтэл Оюутолгойн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүд хянан шалгах түр хороонд ирж танилцуулга хийсэнгүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Ирэлгүй, танилцуулга хийхгүй байх шийдвэрийг Рио Тинто талаас хэн гаргав гэдэг нь ч сонирхолтой асуулт юм. Монгол Улсад бүртгэлтэй ААН, Монгол Улсын 34 хувийг энь эзэмшдэг компанийг хуулийн хүрээнд дуудахад ирэхгүй байна гэдэг 35 жилийн парламентын түүхэнд сонин үйл явдал болж байна. Оюу толгой компанийн хувь ч ёс зүйн болон стратегийн хувьд том алдаа болж байна.
-Өнгөрсөн сард Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийхдээ, “Рио Тинто компани Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед 4 жилд 20 сая ам.долларыг Эрдэнэс Оюу толгой руу шилжүүлж, Засгийн газрын зарцуулалтад ашигласан” гэж хэлсэн. Ийм учраас Рио Тинто УИХ-ын тогтоолыг үл хүндэлж байгаа юм биш үү?
Энэ мөнгө яг юунд зарцуулагдсан юм бэ? Яагаад Рио Тинто Эрдэнэс Оюутолгой руу ийм их мөнгийг шилжүүлэх болсон юм бэ?
-Энэ мөнгөний зарцуулалт Хянан шалгах түр хороонд хамаарахгүй.
Харин миний ойлгож байгаагаар, 103 дугаар тогтоол буюу Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум долларыг тэглэхдээ Монгол Улсыг төлөөлж байгаа хүмүүсийг илүү чадавхжуулах хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас дөрвөн жилийн турш жилд 5 сая долларыг Эрдэнэс Оюу толгой руу шилжүүлэх зохицуулалт хийсэн.
Энэ мөнгө нь Монгол Улсын 34%-ийг нь эзэмшдэг компанид чадавх нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, шаардлагатай бол мэргэжлийн зөвлөгөө авах, монгол залуучуудыг ажиллуулж чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдах ёстой гэж би ойлгосон.
-Энэ чинь авлигадаж байгаа нэг хэлбэр биш үү. Чадавхжуулах зэрэг нэртэй мөнгөн гүйлгээ байсан уу?
-Энэ бол тусдаа асуудал. Гэхдээ үүнийг асуудал болгон ил тод болгож, нээлттэй мэдээлэх нь зөв. Яагаад гэвэл Эрдэнэс Оюу толгой ч гэсэн төрийн компани тул зарцуулалтыг ард түмэн мэдэх ёстой. Энэ зарчим ямар ч компанид хамаарна.
-20 сая доллар гэдэг бол маш их хэмжээний мөнгө. Гэтэл үүнийг зүгээр л ажилтнуудыг чадавхжуулах нэрийн доор авч байгаа нь авлига мэт санагдаж байна?
-Өнөөдөр Оюу толгойтой тулж ажиллахад бид фактически Рио Тинто компанитай тулж байгаа гэсэн үг. Энэ нь үндэстэн дамнасан, дэлхийн хэмжээний том корпорац тул тэдэнтэй тулж ажиллахад өндөр боловсрол, мэдлэг, туршлагатай хүмүүс шаардлагатай.
Анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад тухайн үеийн Засгийн газар, Монголын боловсон хүчин дутмаг байсан, англи хэл, хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байсан нь гэрээний алдаанд нөлөөлсөн.
Иймд өнөөдөр Засгийн газар, Эрдэнэс Оюу толгой зэрэг төрийн байгууллагууд том компаниудтай гэрээ хэлцэл хийхдээ дэлхийн банк, гадаадын хууль, зөвлөх компаниудыг ашиглаж, боловсрол, мэдлэгээрээ дутахгүй, чадварлаг залуучуудыг хэлэлцээрт оролцуулах ёстой. Зөвхөн ингэснээрээ бид том корпорацуудтай нэг ширээн дээр сууж, гэрээ хэлцлийг амжилттай хийх боломжтой. Өнөөдөр гарч байгаа олон асуудал нь өмнөх үеийн чадавх муу байдлаас үүдэлтэй. Тийм учраас чадавхтай залуучуудыг ийм хэлцлүүдэд оруулах нь зайлшгүй шаардлагатай.
-Харин хэлэлцээрийн ширээнд нэг түвшинд суух ёстой газраараа ийм хэлбэрээр мөнгө авахаар зөрүүлээд барьцаалагдаад байгаа юм биш үү. 20 сая ам.доллар авахыг та хувь хүнийхээ хувьд зөв гэж үзэж байна уу?
-Тэр долларыг аваад чадавхыг нэмэгдүүлэх баг бүрдүүлсэн эсэх, эсвэл мөнгийг юунд зарцуулсан нь тодорхой бус байна. Учир нь бүх гүйлгээ нууцын ангилалтай, яг юунд зарцуулагдсан нь ил биш. Миний сонссоноор, заримыг нь гаднын зөвлөх авахад зарцуулсан гэж байна.
Ийм учраас энэ мэдээллийг олон нийтэд ил тод болгож, нээлттэй болгох ёстой. ТӨК-ийн зарцуулалтууд ч бүгдээрээ асуудалтай байдаг. Нууцын тамганы ард ийм асуудлууд явагддаг нь өнөөгийн байдал юм.
– Зээлийн хүүгийн асуудал руу орохоос өмнө сүүлийн асуулт асуучихъя. Түрүүн та хэлсэнчлэн, Рио Тинто компани УИХ-аас гаргасан Дубайн гэрээг цуцлах тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна, Засгийн газар УИХ-ыг үл тоомсорлож байна гэж байна. Тэгэхээр, Дубайн гэрээг цуцалсны дараа Х.Нямбаатар сайдаар ахалсан ажлын хэсэг яагаад хэлэлцээрээ зогсоосон юм бэ? 2020 онд хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх гэж байсан биш үү?
-Энэ асуудлыг бид авч үзсэн. Ер нь сүүлийн 20 жилийн хугацаанд Засгийн газар болон УИХ 34%-ийн эзэмшлийнхээ эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар алхмууд хийсэн, ямар шийдвэр гаргасан, ямар ажлын хэсэг байгуулж, ямар тайлан гаргасан, ямар үр дүн гаргасан нь тодорхой бус байна.
Бид энэ бүх асуудлыг одоо судалж, он сартай нь нарийвчлан харах боломжтой. Тиймээс таны асуултад би хоёр минутын дотор хариулах боломжгүй байна.
Чин үнэн Дубайн гэрээний хүрээнд 103 дугаар тогтоолын зургаан заалтаас өнөөдрийг хүртэл ганц нь л хэрэгжсэн бөгөөд бусад нь биелээгүй байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг тодорхой харуулж байна.
-Дараагийн сэдэв бол зээлийн хүү юм. Та сая хэлсэнчлэн, Монгол Улс өдөр бүр зээлийн хүүгийн төлбөрт ойролцоогоор 10 тэрбум төгрөг зарцуулж байна гэж. Уг зээлийн хүүг ямар үндэслэлээр тогтоосон бэ?
-Ийм томоохон мега төсөл ерөнхийдөө project finance буюу төслийн санхүүжилтийн схемээр хэрэгждэг. Үүн дээр дийлэнх нь зээлээр санхүүждэг нь хэвийн практик юм. Энэ нь буруу зүйл биш, зээл авах нь зүй ёсны алхам бөгөөд төсөл эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх арга юм.
Эрүүл санхүүжилтийн бүтэцтэй мега төслүүд ихэвчлэн 60–70%-ийг зээлээр, үлдсэн хэсгийг өөрийн хөрөнгө буюу мөнгөн урсгалаар санхүүжүүлдэг. Энэ нь төсөлд илүү тогтвортой, эрүүл бүтцийг бий болгодог.
“РИО ТИНТОД ТӨЛДӨГ 11 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ Ч АШИГ ХҮРТЭХГҮЙ”


Харин Оюу толгой төслийг авч үзвэл нийт санхүүжилтийн 82–85% нь зээлээр санхүүжсэн, буюу төслийн санхүүжилтийн эрсдэл өндөр гэж үзэж болно. Үүний шалтгаан нь зээлийн хэмжээ өндөр, хүүтэй холбоотой. Оюу толгой төслийн нийт санхүүжилт хуримтлагдсан хүүтэйгээ нийлээд ойролцоогоор 26 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь Монгол Улсын ДНБ-ээс давсан хэмжээ юм (Монгол Улсын ДНБ ойролцоогоор 24 тэрбум доллар).
Тэгэхдээ 26 тэрбумын 20 тэрбум нь зээл, хуримтлагдсан хүү, үүнээс ойролцоогоор 12 тэрбум нь Оюу Толгой компаниас охин компани руугаа 11%-ийн хүүтэй өгсөн зээл юм. Үлдсэн зээл нь гуравдагч этгээдийн, 15 орчим банкнуудаас авсан зээл бөгөөд хамгийн өндөр зээлийн хүү 16 жилийн турш ойролцоогоор 3%-иар өндөр буюу 11%-тай байжээ. Эхэндээ 2009-2011 онд тогтоосон уг хүүг LIBOR +6.5 дээр нэмэгдүүлж тогтоосон байна.
-LIber дээр өгнө гэдэг нь Лондоны банк /London Interbank Offered Rate/ хоорондын богино хугацааны хүүг хэлж байгаа биз дээ? Миний хамгийн сүүлд харсан мэдээллээр Лондоны банк хоорондын 30 хоногийн зээлийн хүү 4.01% байх шиг?
-Лайбер (LIBOR) дотроо олон төрлийн хугацаатай хүүтэй байдаг. Өмнө нь 3 сарын LIBOR-г ихэвчлэн ашигладаг байсан боловч одоо SOFR (Secured Overnight Financing Rate) руу шилжсэн ба хэмжээ нь ойролцоогоор адил түвшинд байна.
Энэ зээлийн хүүг тооцохдоо SOFR дээр нэмэх 6.5%-ийг ашигладаг. Учир нь SOFR өдөр бүр өөрчлөгдөж байдаг тул жилийн туршид зээлийн дундаж хүүг авч үздэг. Ингэснээр төслийн хүү ойролцоогоор 11–11.3% болж тооцогддог.
-Тэгэхээр хөрөнгө оруулагч компаниасаа 11%-ийн хүүтэй зээл авахын оронд өөр газраас, илүү хямд эх үүсвэрээр зээл авах боломж байв уу?
-Маш энгийнээр тайлбарлахад, банкируудын талаас авч үзвэл төсөл эхэлж байх үеийн эрсдэл хамгийн өндөр байдаг. Хугацаа өнгөрөх тусам төслийн хэрэгжилт сайжирч, эрсдэл буурдаг. Жишээ нь, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр бараг 99.9%-тай дуусаж байгаа бол, төсөл эхлэх үед далд уурхайн бүтээн байгуулалт дөнгөж 10–20%-тай байсан. Тэр үед хүү өндөр байх нь мэдээж логиктой.
Гэвч төслийн эрсдэл буурч, бүтээн байгуулалт ойролцоогоор 99.8%-тай болоод байхад бид одоо хүртэл анхны, өндөр хүүтэй зээлийн нөхцөлөөр төлж байна. Энэ нь эдийн засгийн хувьд буруу хамаарал үүсгэж байгаа юм.
Мөн энэхүү хүүг Рио Тинто компани авдаг бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаас өгөөжөө зээлийн хүүгээр авдаг гэсэн санхүүгийн логиктой. Энэ нь олон улсын Leveraged Finance-ийн стандарт схем бөгөөд зээлээр дамжуулж санхүүжилтийн бүтцийг бүрдүүлэх арга юм.
Энэ логикийг зөв ойлгож, төслийн эрсдэл буурах үед хүүг багасгах хэлэлцээр хийх ёстой. Өнөөдөр төслийн эрсдэл бараг дуусаж байхад анхны өндөр хүүгээр төлж байгаа нь эдийн засгийн талаас буруу гэж үзэж болно.
-Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын түүхэндээ буюу 2012 онд Н.Алтанхуяг сайдын Засгийн газар олон улсаас 4.1%-ийн хүүтэй Чингис бондыг амжилттай босгож байсан. Тэгэхэд 2025 онд бид 11%-ийн хүүтэй долларын зээлийг хөрөнгө оруулагчдаа төлж байгаа нь шударга уу. Энэ өндөр хүний зохицуулалт нь хөрөнгө оруулалтын гэрээнд хэрхэн туссан байдаг вэ?
– Монгол Улсын Засгийн газар сүүлийн 5 жилийн бондын өгөөжийг харвал ойролцоогоор 6.5%-тайгаар олон улсаас бонд босгож чадсан байгаа. Гэтэл бид Рио Тинтод 11%-ийн хүүтэй төлж байна. Үүнийг харьцуулах нь зөв.
Дахин нэг харьцуулалт хийхэд, “Онтре” яадаг вэ гэхээрээ Монгол Улсын Засгийн газрын нэгэн адил бэлэн мөнгө гаргах боломжгүй тул Рио Тинтогийн болон Оюу толгойн зээлээс мөнгөө авч, буцаад бэлэн мөнгөөрөө зээлийн хүүгээ төлдөг. Албан ёсны хөрөнгө оруулалтын гэрээнд Онтрегийн зээлийн хүү ойролцоогоор 6.7%-тайгаар заагдсан нь Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөжтэй ойролцоо байна.
Гэтэл Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн 34%-ийн хувьцааны зээлийн хүүг 11%-иар төлсөөр байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад өндөр байна. Тиймээс энэ харьцааг олон улсын жишиг рүү ойртуулах, илүү харилцан ашигтай, шударга, бизнесийн зарчимд нийцсэн хэлбэр рүү оруулах шаардлага байгаа юм.
-Өнөөдрийг хүртэл Монгол Улс Оюу Толгойн зээлийн хүүг өөрчлөх ажлыг яагаад хийхгүй байгаа юм бэ?
-Хувь нийлүүлэгчийн гэрээний 11.3-ын “Ё”-ын заалтад юу гэж заасан байна вэ гэхээр, “Рио Тинтод олгож байгаа зээлийн хүүг 7 жил тутамд нэг удаа авч хэлэлцэж болно. Хоёр тал зөвшөөрвөл үүнийг өөрчлөх боломжтой” гэж заасан байдаг.
Иймд зээл болон хувь нийлүүлэгчийн гэрээгээр бидэнд хүүг дахин хэлэлцэх эрх олгогдсон байна. 2011 онд уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, энэхүү заалтыг оруулж ирсэн. Анхны хэлэлцүүлэг нь 2018 онд болсон бөгөөд тухайн үед Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж, бодит үр дүнд хүрч чадаагүй буюу хүүг бууруулахад амжилтгүй болсон байна.
-Хэлцэл амжилтгүй болсон авлигатай холбоотой юу?
-Одоо бид энэ асуудлыг гэрчээс асуух шаардлагатай. Тухайн үед Засгийн газарт Ерөнхий сайдаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан.
Тухайн үед бараг жилийн өмнө Ерөнхий сайдын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд гаднын зөвлөхүүдийг оролцуулан нэлээд ажил хийсэн байсан. Мөн тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Рио Тинто” компанийн захиралтай уулзаж, хамтран ажиллах боломжийг хэлэлцэж байсны баримт ч гарч ирсэн.
Гэсэн ч хэлэлцээрт орж судалгаа хийсний эцэст хоорондоо тохиролцож чадаагүй бөгөөд бодит үр дүнд хүрээгүй юм билээ.
-Хэрэв бид зээлийн хүүг өөрчлөхгүй хэвээр байвал өдөр бүр 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг үү?
-Өнөөдөр бид зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 10 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ нь нийлмэл хүүгээр буюу дөрвөн сар тутам хүүгийн хүү бодогддог байдлаар үндсэн зээл дээр нэмэгдэж, дахин хүү тооцогдсоор өсөж байна. Экспоненциаль буюу хуримтлагдсан хүүгийн аргачлалын дагуу одоо үлдсэн 6 тэрбум долларын хувь нийлүүлэгчийн зээлийн үлдэгдэл дээр тулгуурлан 2037 он хүртэл төлбөр үргэлжилбэл нийтдээ 25 тэрбум долларын хүү төлөх тооцоо гарч байна.
Иймд, зээлийн бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгаа юм.
-Олон улсын жишигт нийцүүлбэл хэд болох вэ?
-Тэрийг шинжээчийн дүгнэлтээр тогтооно.
-Хэзээ Монгол Улс ногдол ашиг авах вэ?
-Өмнө нь хийгдсэн тооцооллоор 2239 гэж гарсан байна билээ. Орлого дуусах, эрс унах үед бидний ноогдол ашиг авах боломж дөнгөж нээгдэж эхэлж байгаа.
Тиймээс одоогийн зээлийн хүүг 11%-аар тооцож байгаа нөхцөлд, хэрэв зээлийн хүүг бууруулбал ноогдол ашиг авах хугацаа урьдчилан тооцогдож, наашилна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү хэдээр буурахаас хамааран ноогдол ашиг хэдэн жилээр урьдчилан наашлах нь тодорхойлогдоно.
“МОНГОЛ УЛСАД ОНОГДОХ НООГДОЛ АШИГ БОЛОН ӨГӨӨЖИЙГ ОНТРЕГООР ДАМЖУУЛАН НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”


Мөн энэ нь манай эзэмших хувь, ашиг хүртэх хэмжээтэй шууд хамааралтай. Бидний байр суурь бол “Бүлэг орд”-ын хэмжээнд, Оюу Толгой (ОТ)-оос Монгол Улсад оногдох ноогдол ашиг болон өгөөжийг Онтрегоор дамжуулан нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр, үндсэн хуулийн 6.2-д заасны дагуу газрын баялгийг ашиглахдаа стратегийн ордын өгөөжийн ихэнх нь Монгол Улсад оногдох боломж бүрдэнэ.
Үндсэндээ бид анх Рио Тинто 53% өгөөж олгоно гэж амласны дагуу энэ амлалт дээрээ л байх ёстой. Анх амласнаа биелүүлэх нь чухал.
-Саяхан Хууль зүйн сайд Б.Энхбаяр “О.Батнайрамдал гишүүний ойрын хүн Эрдэнэс Оюу Толгой компанитай холбоотой нууцын тамгатай баримтын тоон дүнг өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй” гэж ярьсан. Ийм зүйл байгаа юу?
-Мэдэхгүй ямар баримт харчхаад тэгж яриад байгааг Б.Энхбаяр сайдаас өөрөөс нь асуусан нь дээр болов уу.
-Хянан шалгах түр хороог ахалж ажиллахад дарамт их ирж байна гэсэн. Дугааргүй автомашин тагнаж чагнаж байгаа талаар мэдэгдсэн. Хэн гэдгийг нь тогтоосон уу. Танд мэдэгдсэн зүйл байна уу?
-Би яг одоогоор бүрэн тогтоож мэдэхгүй байгаа ч, миний баримтжуулсан мэдээллээр улсын бүртгэл дээр дугааргүй, хийсэн автомашинуудын хөдөлгөөн байдал дараах байдлаар байна. Миний оффисын орчинд 24 цагийн турш 9 автомашин солигдон эргэлдэж байсан бөгөөд энэ нь ойролцоогоор 7–10 хоногийн хугацаанд үргэлжилжээ. Өдөрт ойролцоогоор 8 цагийн турш автомашин солигдон явж, нэг автомашин нь нөгөө автомашинаар орлуулагдаж байсан байна.
Баримтжуулж чадсан автомашин нь 9 ширхэг байгаа бөгөөд цаашаа баримтжуулж чадаагүй автомашинуудын тоо тодорхойгүй байна. Энэ мэдээллийг олон нийтэд хүргэх нь миний хувьд, мөн хамт ажиллаж байгаа хянан шалгагчийн шинжээч, Хянан шалгах түр хорооны гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд зайлшгүй шаардлагатай болсон юм.
“ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИЙН ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ҮЗЭН, 2020 ОНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН”


-Өнгөрсөн сард АТГ-аас Оюу толгойн худалдан авах газрын даргыг баривчилж саатуулсан. Энэ юу болсон бэ?
-Тэр асуудлын талаар би таны адил мэдээлэлтэй байна. Олон нийтээс авсан мэдээллүүд л байгаа. Гэхдээ нэг баримт гарч ирсэн нь Нийслэлийн прокуророос ирсэн хувь нийлүүлэгчийн гэрээ юм. Энэхүү гэрээг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, 2020 оны 3 сарын 5-нд Эрүүгийн тусгай хуулийн 22.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Энэ нь засаглалын асуудлыг зохицуулж буй баримт бичиг бөгөөд анх нууцад авч байсан тул олон нийт сайн мэдээгүй юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээг Нийслэлийн прокурор гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, эрүүгийн хавтаст хэрэг нээж бүртгэж байсан. Гэвч 2 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 5 жилийн өмнөх хэрэг хаагдсан байна.
-Одоо хийгдэх сонсголд олон хүнийг дуудсан байсан. Тухайлбал, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байсан экс Ерөнхий сайд Санжийн Баяр, мөн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Зоригт нарыг дуудсан байсан. Сонсголд ирэхгүй бол яах вэ?
-Бид 2006 оноос 2025 он хүртэлх хугацаанд болсон үйл явц, процессыг судалж байна. Нэмэлт нотлох баримт цуглуулах хүрээнд шинжээчдийн дүгнэлтээр 300 гаруй гэрчийг дуудсан. Үүнд таны дурдсан бүх хүмүүс багтаж байгаа бөгөөд 3 үеийн Ерөнхийлөгч, сайдууд, 25 Засгийн газрын гишүүн, 40 гаруй УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын төлөөллүүд орж байна.
Гэрчээр дуудагдсан хүмүүс нь УИХ-ын хянан шалгах тухай хуулиар хуулийн дагуу ирж, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Ирэхгүй байх нь хууль зөрчиж буй явдал, худал мэдээлэл өгөх нь эрүүгийн хариуцлагатай. Хянан шалгах түр хорооны зохицуулалт нь үүнийг дэлгэрэнгүй зохицуулсан байдаг.
Энэхүү сонсгол нь хэн нэгнийг цоллох, сайшаах зорилготой бус, ард түмнийг мэдээллээр хангах зорилготой. Гэрчээр дуудагдсан хүмүүс өөрийн биеэр ирж, нэмэлт нотлох баримтын хүрээнд өөрийн өнцгөөс үнэн зөв мэдээллээ өгөх нь ард түмэнд ил тод байдлыг хангах, Оюу Толгойн ордын ашиг тусыг Монгол Улсын талд дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Энэ нь ард түмний дунд байгаа эргэлзээг тайлах, гэрч нарын оролцоогоор үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх маш том боломж гэдгийг ойлгоосой.
-Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан экс Ерөнхий сайд Санжийн Баяр гуайн Америк дахь хаустай холбоотой асуудлыг ямар байдлаар шийдвэрлэсэн бэ? Эх үүсвэрүүдийг нь тодорхойлсон уу, эсвэл танай намынхан мартчихсан уу?
-Энэхүү хянан шалгалт нь ямар нэг намтай холбоогүй, тухайн албан тушаалтны албан үүрэг, хариуцлагын хүрээнд явагдаж байна. Гэрчээр дуудсан бүх хүн нь тухайн үед Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулж байсан эсэхээс үл хамааран сонсгол ирэх үүрэгтэй. Намын харьяалал, улс төрийн үзэл бодлоос үл хамааран бүх холбогдох албан тушаалтнуудыг дуудсан.
Тухайлбал, Санжийн Баяр гуай тухайн үед Ерөнхий сайд байсан бөгөөд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гол хүн юм. Тиймээс тэр хүн өөрийн биеэр ирж, тухайн үеийн үйл явдал, УИХ-ын тогтоолын хэрэгжилт, үүссэн асуудлуудыг хянан шалгах түр хорооны өмнө тайлбарлаж, асуултад хариулах үүрэгтэй. Хэрэв тухайн асуудлыг шийдвэрлэж дуусгасан бол ард түмний өмнө тайлагнах нь зүй ёсны шаардлага юм. Хаусны асуудлыг шинжээчийн дүгнэлттэй сонсгол дээр л мэдэж болно.
-Ярилцсанд баярлалаа.
СЭТГҮҮЛЧ: Б.БОЛОРЧИМЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.МӨНХ-ОРГИЛ, Н.МӨНХ-ЭРДЭНЭ
НЭВТРҮҮЛГИЙН НАЙРУУЛАГЧ, ЭВЛҮҮЛЭГЧ: С.БААСАНДАШ






