
ОХУ импортын автомашины онцгой албан татварыг энэ даваа гарагаас огцом нэмэгдүүлжээ. Москва импортын автомашины онцгой албан татварын хэмжээ нь тээврийн хэрэгслийн төрөл, хөдөлгүүрийн хэмжээ, ашигласан жил зэргээс хамаарах ба жишээ нь 400 морины хүчтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3500 см³-тай импортын автомашинд 3 сая рубль буюу 38 мянга гаруй ам.долларын онцгой албан татвар тогтоох аж.
Энэ нь өмнөхөөсөө 1.6 дахин өссөн үзүүлэлт аж. Автомашины онцгой албан татварын нэмэгдэлд импортоор орж ирсэн бүх автомашинууд хамрагдах бол ОХУ-д угсарсан автомашинд татварын хөнгөлөлт үзүүлэх аж. ОХУ-ын эрх баригчдын хэлснээр онцгой албан татварын нэмэгдэл нь ОХУ-д үйл ажиллагаа явуулахаа зогсоосон Европын болон Японы автомашин үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болох аж. Олон улсын ажиглагчид Оросын эрх баригчид импортын тээврийн хэрэгслийн онцгой албан татварыг нэмсэн явдлыг Украинд явуулж буй дайнаа санхүүжүүлэх оролдлого гэж харж байгаа аж.
Нөгөө талаас хүн амын дунд худалдан авалт багассан тул Оросын автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулахад хүрээд байгаа билээ. Оросын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох АвтоВАЗ өнгөрсөн 9-р сараас долоо хоногийн 4 өдөрт ажилладаг систем рүү шилжжээ.
Үүнтэй холбоотойгоор тус компанийн ажилчдын цалин 30 гаруй хувиар буурчээ. АвтоВАЗ компанийн үйлдвэрчний эвлэл эдийн засгийн нөхцөл байдал сайжирснаар ажилчид нь илүү цагаар болон бүх нийтийн амралтын өдрүүдээр ажиллах боломжтой болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ. ОХУ-ын хүн амын багагүй хувь нь импортын тэр дундаа Германд үйлдвэрлэсэн автомашин унадаг ба импортын автомашины онцгой албан татвар нэмэгдсэнээр тус улсад импортын машины үнэ огцом нэмэгдэх төлөвтэй байна.






