
Цар тахлын өмнө буюу 2019 онд Монголд аялсан гадаадын жуулчдын тоо 577 мянгад, салбарын экспортын орлого 1 тэрбум орчим ам.долларт хүрч байсан. Цар тахлын нөлөөгөөр 2020-2021 онуудад дэлхий дахинд хөл хорио тогтоож, улс орнууд хилээ хааснаар жуулчдын урсгал бүрэн зогссон бөгөөд 2022 онд хил нээснээр гадаадын жуулчдын урсгал эргэн сэргэж эхэлсэн.
2023 онд дэлхий дахинд цар тахлын нөлөө буурч, жуулчдын тоо эргэн сэргэж, тэр дундаа Ази номхон далай, Ойрхи дорнодын бүс нутаг хамгийн их сэргэлттэй бүс нутгуудаар тодорч байлаа.
Монгол Улсын хувьд 2023 онд 651 мянган гадаадын жуулчин хүлээж авсан нь цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 15 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байв. Гэхдээ энэхүү өсөлтөд шууд нөлөөлсөн голлох хэдэн хүчин зүйлс бий. Үүнд:
- 2023 оноос БНСУ-ын жуулчдыг Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр Монголд зорчсон нийт солонгос иргэдийн тоо 54 мянгаас 140 мянга болж, 2,6 дахин өссөн,
- ОХУ-Украйн хооронд үүссэн геополитикийн нөхцөлөөс шалтгаалан ОХУ-руу хийх шууд нислэгүүдийг бусад улсууд зогсоосноос үүдэн 2023 онд Монголд зорчсон орос иргэдийн тоо 229 мянга буюу 2021 онтой харьцуулахад 20 дахин, цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 2 дахин тус тус өссөн.
- Цар тахлын улмаас зогссон жуулчдын тоог сэргээх хүрээнд 2023-2025 онуудад голлох зах зээлийн 35 улсын жуулчдыг визнээс чөлөөлсөн
- Олон улсын нислэгүүд бүрэн сэргэж, нислэгийн чиглэл, давтамж нэмэгдсэн зэрэг болно.
2024 онд Монголд аялсан жуулчдын тоо 20 гаруй хувиар өсч 800 гаруй мянгад, салбарын экспортын орлого 1,6 тэрбум ам.долларт хүрснээс дараах улсын жуулчид тэргүүлж байна. Үүнд:
- ОХУ
- БНСУ
- БНХАУ
- Казакстан
- Япон
- АНУ
- ХБНГУ
- Турк
- БНФУ
- Бусад улсууд болно.
Мөн дотооддоо давтагдсан тоогоор жилд 1,3 сая жуулчин аялж, 400 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөжийг бий болгосон байна. Мөн салбарт нийт 2,500 гаруй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
Салбарын бизнес эрхлэгчид маань өөрсдийн гэсэн тогтмол харилцагчидтай, мөн аялал жуулчлалын салбарын үзэсгэлэн, бусад арга хэмжээ зэрэг мэргэжлийн шугамаар өөрсдөө жуулчдын урсгалаа нэмэгдүүлэх, тогтмол хүлээж авах ажлыг олон жил бие даан хэрэгжүүлж ирсэн.
Go Mongolia гадаад сурталчилгааны ажил нь 2023 оны 12 дугаар сараас эхэлсэн бөгөөд Английн Фулхам хөлбөмбөгийн клубтэй 2024 оны 6 дугаар сард “Go Mongolia” брэндингийг сурталчлах 1,3 сая фунт стерлингийн гэрээ байгуулсан байна.
Түүгээр зогсохгүй “Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги”-ийг мөн Лондонд төвтэй Бостон конслтинг группээр 2024 онд гэрээ байгуулж, 1,4 сая фунт стерлингээр боловсруулах, Эделмэн групптэй мөн хэмжээний мөнгөн дүн бүхий “Go Mongolia” брэндингийг гүйцэтгүүлэх зэрэг шууд гэрээнүүдийг нэмж байгуулсан байна.
Монгол аялж буй жуулчдын 80 гаруй хувьд нь зуны улиралд буюу 5-8 дугаар сард аялдаг бөгөөд яг аялах зорилгоор ирж буй дийлэнх жуулчид захиалгаа өмнөх жил нь өгч, буудал, нислэгээ баталгаажуулдаг онцлогтой. Иймд 6 дугаар сард эхлүүлсэн сурталчилгаа тухайн жилд ирэх жуулчдын тоонд нөлөөлөх боломж бага, мөн тус багийн тоглолтыг үзэж буй иргэд нь манай улсад аялах боломжтой зорилтот бүлэг эсэх нь тодорхойгүй билээ. Мөн статистикаас үзэхэд Их британи улсын иргэд Монголд аялж буй тэргүүлэх 10 улсын тоонд багтдаггүй бөгөөд 2024 онд жилд 4,300 жуулчин аялсан байна.
Иймд “Go Mongolia” гадаад сурталчилгааны ажлын үр дүн Монголд аялж буй гадаадын жуулчдын өсөлтөд шууд нөлөөлсөн гэх баталгаа, судалгаа байхгүй, цаг хугацааны хувьд мөн 800 мянган жуулчдын урсгалыг эдгээр ажлуудын үр дүнд бий болгосон гэж дүгнэх бүрэн боломжгүй юм.
Мөн “Go Mongolia” гадаад сурталчилгааны ажлыг хариуцаж байсан Соёлын яамны дэргэдэх Үндэсний хороо татан буугдсан, эдгээр ажлын хүрээнд хийгдсэн ажлууд хариуцах эзэнгүй буюу цаашид үргэлжлүүлэн ашиглах сурталчилгааны материал, файлууд байхгүй зэрэг олон асуудлууд үүссэн байна.






