
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоож буй талаар мэдээлэл өглөө.
-“Улс орон даяар ажил хаялтад оролцсон 720 байгууллагын 40 гаруй мянган гишүүд нийт боловсролын салбарынхаа багш ажилчдыг төлөөлж 13 хоногийн турш ажил хаялт хийлээ.
Энэ удаагийн хэлцэлд хамтын хэлэлцээрт заасны дагуу 2026 ондоо багш нарын үндсэн цалинг 2 сая 800 мянган төгрөгт хүргэхээр боллоо. Энэ бол хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн том ажил гэж үзэж байна.
Бидний хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бүртгэж авснаар Улсын Их Хурал, Засгийн газар үүрэг хүлээж байна.
Хэлэлцээрийн хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
- Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллеж, Насан туршийн суралцахуйн төвийн багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувь, мөн ондоо багтаж багш, ажилтны үндсэн цалинг 2 сая 800 мянган төгрөгт хүргэхээр боллоо.
- 2027 оны төсвийн төсөлд багш, ажилтны үндсэн цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүргэх талаар тусгахаар талууд хамтран ажиллахаар боллоо.
- Улсын төсвийн нийт зарлагын 20 хувыг, дотоодын нийт бүтээгдэхүүний 6-аас багагүй хувыг Боловсролын салбарт зарцуулах талаар холбогдох хуульд тусгуулах талаар талууд хамтарч ажиллахаар боллоо.
Ингээд 24 цагийн дараагаас ажил хаялт албан ёсоор зогсож, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болсныг мэдэгдэж байна” гэлээ.






