
Супер модель Хайди Клум жил бүрийн Хэллоуины баяраар зохион байгуулдаг Heidiween үдэшлэг дээрээ хэний дүрд хувирч ирэх бол хэмээн хүмүүс жил бүр таамаг дэвшүүлж, тэсэн ядан хүлээдэг уламжлал тогтоод байгаа билээ.
Нью Йоркийн Hard Rock зочид буудалд зохион байгуулсан 24 дэх Heidiween Хэллоуины баярын үдэшлэг дээрээ Хайди Клум Эртний Грекийн домогт гардаг Медуза мангас болж хувирчээ.
Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хайди Клум Хэллоуины баярыг тэсэн ядан хүлээдэг гэдгээ дурдаж, “Жил бүр өөр өөр дүрд хувирч, Хэллоуины үдэшлэг зохиогоод 24 жил болж байна. Үүнийгээ үүрд үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Жил ирэх тусам илүү их урам зоригтой болж байгаа. Хэллоуины баяр бол дэггүйтэж, янз бүрийн дүрд хувирч, найзуудтайгаа бүжиглэж, бүтээлч байж, чихэр идэхэд зориулагдсан өдөр юм.” хэмээн ярьжээ.
Өмнө нь тэрээр Жессика Рэббит, тогос шувуу, E.T кинон дээр гардаг харь гаригийн хүн, Шрек хүүхэлдэйн киноны Фиона гүнж, өтний дүрд хүртэл хувирч байсан билээ. Хайди Клум энэ жил Грекийн домгоос санаа авахаар шийджээ. Тэрээр, “Түүх домогт гардаг мангасуудын талаар судалж, тэдгээрийн нэгийг орчин цагт харуулахыг хүссэн. Нууцлаг хэрнээ догшин Медуза надад маш онцгой санагдсан. Медуза хүнийг чулуу болгон хувиргадаг гэсэн домог олон зуун жилийн турш хүмүүсийг гайхшруулж ирсэн. Музейн үзмэрүүдэд түүний аймшигт хүчийг дүрсэлсэн олон тооны уран зураг, уран баримлууд байдаг нь хүмүүс Медузаг аймшигтай бөгөөд дийлдэшгүйг хүчтэй гэдэгт итгэсээр ирснийг харуулна.” гэжээ.
Гараар будсан түүний костюмыг хийхэд мэргэжилтнүүд 6 сарыг зарцуулсан ба Хайди Клум тус дүрд хувирахын тулд нүүр хувиргалтын сандал дээр 9 цагийг өнгөрүүлжээ. Х.Клумын толгой дээрх механик могой тус бүр нь өөр өөр хөдөлгөөн хийж байсан нь яг л жинхэнэ могойнууд мэт харагдах аж. Түүнээс гадна мэргэжилтнүүд түүнд зориулж могойныхтой адил хоёр салаа хэл хийж өгчээ.
Хайди Клумын костюм дээр түүний сайн найз, тусгай эффектийн мэргэжилтэн Майк Мариногоос гадна 15 гаруй хүн ажиллажээ. Майк Марино болон түүний багийнхан Америкийн Кино Академийн шагнал гардуулах ёслол болон Эмми-д нэр дэвшиж байсан өндөр ур чадвартай мэргэжилтнүүд аж.
Хайди Клумын нөхөр Том Каулитцын хувьд Медузагийн нүд рүү аймшиггүйгээр харж, чулуу болж хувирсан цэргийн дүрд хувирчээ.
Эх сурвалж: Vogue






