
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британийн Нэгдсэн Вант улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Кир Стармертай уулзаж, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай түүхэн гэрээнд гарын үсгээ зуржээ.
Гэрээний дагуу Америкийн компаниуд Их Британид нийт 203 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс, 40 тэрбум гаруй ам.доллар нь Их Британийн хиймэл оюун ухаан, технологийн салбарын хөгжилд зарцуулагдах аж. Нийт хөрөнгө оруулалтын 120 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг нь ирэх 10 жилд Америкийн хөрөнгө оруулалтын Blackstone компани дангаараа гаргах аж.
11-р сард улсын төсөв батлагдахаас өмнө эдийн засгийн салбартаа ашигтай гэрээ хэлэлцээр хийхийг зорьж буй Их Британийн засгийн газар АНУ-ын хөрөнгө оруулалтын ачаар 7600 шинэ ажлын байр бий болно гэдгийг онцолжээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзалтынхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр гадаад харилцааны тал дээр өөр өөр үзэл бодолтой байгаагаа илэрхийлэхээс зайлсхийснийг олон улсын хэвлэл мэдээллүүд онцолжээ.
Ерөнхий сайд К. Стармер, европын бусад удирдагчдын хамт АНУ-ын төрийн тэргүүнээс Украинд болж буй дайныг дуусгахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол Д. Трамп Европын улс орнууд Оросоос газрын тос импортолсоор байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ тогтоохоос зайлсхийсээр байгаа юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп улс орнууд Палестин улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа тал дээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, үүнийгээ Ерөнхий сайд Кир Стармертай санал зөрөлдсөн цөөн хэдэн асуудлын нэг гэжээ. К. Стармерын хувьд Израил ХАМАС бүлэглэлтэй галаа зогсоох зөвшилцөлд хүрч, Газын зурваст үүссэн нөхцөл байдлыг сайжруулахгүй бол Лондон Палестин улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө хэмээн мэдэгдсэн билээ.






