
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, гэргий Мелания Трампын хамтаар өнгөрсөн мягмар гарагийн орой Лондон хотын Станстед нисэх онгоцны буудалд газарджээ. Ерөнхийлөгч Д.Трампын хувьд энэ нь Их Британийн Нэгдсэн Вант Улсад хийж буй хоёр дахь төрийн айлчлал юм. Америкийн төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хоёрыг Их Британийн Гадаад харилцааны сайд Иветт Купер угтан авч мэндчилжээ.
Үүний дараа Ерөнхийлөгч Д.Трамп, гэргийн хамт нисдэг тэргэнд суун Их Британид суугаа АНУ-ын элчин сайдын албан ёсны өргөө Уинфилд Хаус руу хөдөлсөн байна. Ерөнхийлөгч Д.Трампын айлчлалынхаа үеэр оролцох гол арга хэмжээнүүд энэ лхагва гарагт болох ба тэдгээрийн хамгийн том бөгөөд олны анхаарлыг татаж буй нь Уиндзорын ордонд болох хүлээн авалт юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нарыг Их Британийн Нэгдсэн Вант улсын хаан III Чарльз, хатан Камилла нар Уиндзорын ордонд угтан авах ба Америкийн төрийн тэргүүнийг угтан авах үйл ажиллагаанд Их Британийн зэвсэгт хүчний 1300 албан хаагч оролцож, АНУ болон Их Британийн агаарын нисэх хүчний F-35 сөнөөгч онгоцнууд үзүүлбэр үзүүлэх аж.
Олон улсын ажиглагчид Их Британи улс түүхэндээ гадаадын ямар ч төрийн тэргүүнийг ийм сүр дуулиантай угтаж байгаагүйг онцолжээ.
Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп, түүний гэргий Мелания нар Уиндзорын ордны Гэгээн Жоржийн танхимд болох ёслолын хүлээн авалтад оролцох ба хүлээн авалтын үеэр Их Британийн Нэгдсэн Вант улсын хаан III Чарльз, Ерөнхийлөгч Д.Трамп нар үг хэлэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Их Британид хийж буй айлчлалтай холбоотойгоор Уиндзорын ордны ханан дээр проектороор Д.Трампын Жеффри Эпштейнтэй авхуулсан зургийг цацсан, Д.Трамп, Ж.Эпштейн нарын хамтдаа авхуулсан зургийг аварга томоор хэвлүүлж, Уиндзорын ордны ойролцоо дэвссэн зөрчлүүд бүртгэгджээ.
Д.Трампын айлчлалыг эсэргүүцсэн иргэд энэ лхагва гарагт эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалжээ.






