
Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулах Emmy Awards шагнал гардуулах 77 дахь ёслоо Лос Анжелес хотын Peacock Theatre-д болж байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолыг стэнд-ап комедиан Нэйт Баргетц хөтөлж байна.
Эммигийн шагналын төлөө 2024 оны 6-р сарын 1-нээс 2025 оны 5-р сарын 31-ний хооронд телевизээр болон цахим платформоор цацагдсан олон ангит болон богино цуврал кинонууд, телевизийн шоу нэвтрүүлгүүд өрсөлдөх юм.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Apple TV+ стриминг платформоор цацагдсан, жүжигчин Бен Стиллерийн найруулсан “Severance” цуврал хамгийн олон төрөлд буюу 27 төрөлд, HBO сувгийн “The Penguin” 24 төрөлд, “The White Lotus” болон “The Studio” цуврал тус бүр 23 төрөлд нэр дэвшжээ.
Эдгээр цувралын араас “The Last of Us”, “Hacks”, “Andor”, “The Pitt”, “The Bear”, “Adolescence”, “Monsters: The Lyle and Erik Menendez Story” болон “Black Mirror” зэрэг цуврал нэр дэвшсэн төрлийн тоогоороо тэргүүлж байна.
Жүжигчин Сет Роген “The Studio” цувралаараа инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч, шилдэг зохиолын шагналыг хүртээд байгаа бол “Severance” цувралд бүтээсэн дүрээрээ жүжигчин Трамелл Тиллман шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг хүртэж, уг шагналыг хүртсэн анхны Африк-Америк гаралтай жүжигчин болжээ. Netflix-ийн “Adolescence” богино цувралд тоглосон 15 настай Оуэн Купер богино цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг хүртэж, эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болжээ.






