
Монгол Улсад спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван холбоо нэгдэж Монголын Бие Бялдар Спортын Шинжлэх Ухааны Институт байгуулжээ.
Тодруулбал Монголын Спортын Анагаах Ухааны Хөгжлийн холбоо, Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо болон Монголын Спорт Эмчилгээний Хоолзүйн Холбоод нэгдсэн байна.
Тус байгууллагын тэргүүнээр спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, Удирдах зөвлөлд нь спортын сэтгэлзүйч Б.Золзаяа, спортын хоолзүйч С.Мөнхтуул нар ажиллах аж.
Тэгвэл тус институтийн нээлт өнөөдөр болж буй талаар зохион байгуулагчид хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл өгөв.

Энэ талаар Э.Түвшинбаяр “Шинээр байгуулагдаж буй институтийн үндсэн гол зорилго нь Монголын спортод шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан арга зүйг боловсруулж,
нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тамирчны гүйцэтгэл, эрүүл мэнд, урт хугацаанд тамирчин илүү амжилт гаргах нөхцөлийг нь бүрдүүлнэ.
Зөвхөн тамирчид гэлтгүй манай улсын нийт хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, эрүүл монгол иргэнийг бэлдэх, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд гээд бүх насны иргэдтэй хамтрах юм. Тиймээс манай институт бүх холбоо, хувь тамирчидтай хамтран ажиллахдаа нээлттэй байх болно.
Монгол тамирчдыг урт хугацаанд бодитой амжилт гаргахад шинжлэх ухаанд үндэслэсэн суурь судалгааг ашиглаж, хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Бид тив дэлхийд амжилт үзүүлсэн тамирчдыг төрүүлэхээс гадна зөвхөн монгол хүний онцлог, нөөц чадамжийг батлан харуулахыг хүсэж буй.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид БНСУ, Япон, БНХАУ зэрэг Азийн улс орнуудын сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлэхээр маш их судалгаа хийсэн. Үүнийгээ ашиглаад Монголын Бие
Бялдар Спортын Шинжлэх Ухааны Институтийг байгууллаа. Улс оронд ямар нэгэн байдлаар ялгаатай байдал, ондоошил, Монгол хүн спортод амжилт гаргахад
нөлөөлөх шинжлэх ухааны бодлого хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн учраас энэ институтийг байгуулж байна” гэв.








