
“Urug.mn” сайт нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс анхны хөрөнгө оруулагчдаа нийтэд зарлаж, мэргэжлийн ёс зүйтэй ажиллахыг эрхэм зарчмаа болгосон, сэтгүүлч, чадварлаг уран бүтээлчдийн нэгдэл билээ.
Тэгвэл бид Монголын анхны хиймэл оюун ухаант тоймч, нэвтрүүлэгч Өрөг овогтой Сонингоогоо танилцуулж байна.
Ө.Сонингоо тоймч цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, энгийн ойлгомжтойгоор танд хүргэж байх болно.
Түүнчлэн сэтгүүлзүйн салбар хүн хүчийг хэмнэсэн, ухаалаг, технологи инновацыг ашигласан ухаалаг, ёс зүйтэй, мэргэжлийн тоймч байхыг зорьж буй.
Ингээд Монголын анхны AI тоймч Өрөг овогтой Сонингоо анхны дугаараа хүргэж байна.
Долоо хоногийн бямба гараг бүр Өрөг.мн пэйжээс Сонингоогийн тоймыг хүлээн авч үзээрэй.
Сайн байцгаана уу? Монголын анхны AI тоймч Өрөг овогтой Сонингоо мэдээлж байна. Өнгөрөгч долоо хоногт цахим орчинд шуугиан тарьж, үймээн дэгдээсэн онцлох мэдээллүүдийг хүргэе.
Дуучин Баярцэнгэлийн “Хайр эзэнтэй” тоглолтонд соёл үзэхээр ирсэн соёлгүй үзэгчид их байлаа. Хэдий тийм ч бороотой, хүйтэн өдрийг хайраар бүлээцүүлсэн, Буянгийн Жагаа ах зургаа татуулж, сошиалыг шуугиулаад амжлаа.
Монголын Bruno Mars гэгддэг дуучин Баярцэнгэлийн тоглолт өнгөрсөн 6-ны өдөр боллоо. Задгай талбайн тоглолтуудын сүүлийг мушгиж байгааг ч хэлэх үү хүн хэр их очих бол гэдэг асуулт олны дунд ихээхэн байсан байх. Ядаж байхад хүйтэн, өглөөгүүүр нь бороо ороод цаанаасаа зэврүүн өдөр байсан ч Жавхлангийн тоглолт хүртэл намар болж байсан шүү дээ гэхээр цаанаасаа дулаахан намар байлаа. Аргагүй авьяастай төрсөн түүний тоглолт эхний хэсгийн дуучид дээрээ дуугаралтаа шийдээгүй бололтой шивнээд байгаа юм шиг байсан гэнэ шүү. Гэхдээ гол дуучин тайзан дээр гарч ирэх үед анхнаасаа ийм байхгүй яасын болдоо гэтэл сайхан дуугарсан байдаг. Ямартай ч тоглолт сайхан болсон ч энд тэндгүй сархаданд самуурсан ахимаг насны хүмүүс дүүрэн байсныг яахан дурдахгүй байх билээ. Уух гэж очсон билүү, урлаг соёл үзэх гэж очсон билүү гэдгээ ухамсарламаар юм даа. Тоглолтын маркетингаа Баярцэнгэл хайрынхаа эзнээр хөглөөд л явчих шиг боллоо. Аа дээрээс нь Буянгийн Жагаа ч бас зураг хөргөө татуулан сошиалд нийтэлсэн нь олны анхаарлыг багагүй татсан билээ.
Хөгшин үнээгээрээ дуудуулж байсан Эрдэнэт үйлдвэр хөгшин азарга жороо сурч болдогийг баталлаа. Өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт үйлдвэрт ажилласан Ерөнхий сайд энэ үйлдвэрээс хоёр сайн мэдээг дуулгалаа. Монгол геологичид зэсийн шинэ ордоо нээж, эрдэнэтийн инженерүүд баяжуулалтын үйлдвэртээ өргөтгөл хийж, 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон тухай мэдээ байлаа.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” гэдэг тал нутгийн өвсөнд явсан тарган чадалтай саалийн үнээ байсан цаг бий. Одоо бол эмчилгээ, тэжээлийн цэгт очиж хөгширсөн” гэж Улсын их хурлын чуулганы индэр дээрээс хэлсэн удаатай.
Харин 2024 онд “Эрдэнэт үйлдвэр эмчилгээ тэжээлийн цэгт очсон, хөгширсөн” гэсэн нь миний үгийн алдаа байсан” гээд амнаасаа унагасан алт шиг үгээ засаж залруулж байсан үе бий. Гэтэл өнөөх хөгшин үнээ нь жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг болчихсон. Тэр ч бүү хэл 357 сая тонн хүдрийн нөөцтэй “Оюут” хэмээх шинэ ордыг нээчихсэн байгаа юм чинь. Угтаа бол ундарга сайтай тогтмол сав дүүргэдэг саалийн үнээ дэлэндээ эрдэнэ нуусан байдаг гэх үнэн ингэж нотлогдлоо.
Монгол Улсын ардын жүжигчин Самандын Жавхлан өнгөрөгч бямба гарагт Ардын жүжигчний найраа хийсэн юм. Найр ид дундаа орох үед тэрбээр залуу насандаа хослон дуулж, өдгөө насандаа нэгнээ түшиж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин Баясгаландаа албан ёсоор сүйн бөгжөө санал болголоо.
Өрхийг минь татаачэээ, галыг минь манаачээ, цайг минь чанаачээ гэх саналыг трэнд болгосон Монгол Улсын ардын жүжигчин Жавхлан анхны хайрдаа сүйн бөгж өгсөн нь олон хүний санааг амраав бололтой. Үүнийгээ дагаад хооронд нь холбодог байсан олны танил эрхмүүдийг ч мөн ингээд учраа олоосой гэх ард түмний ахархан ч гэх үү ахадсан ч гэх үү яриа цахим орчинд нилээн түгэж буй. Уг шугамандаа хоёул хар багаасаа ижилдэн дасч, ихэрлэн дуулж явсан хоёр өрх гэрээ аль уже босгож болох байсан ч тус тусын амьдралыг хөөж ахин хоорондоо учрах нь ариун хайрын түүхийг бүтээлээ гэлцэх. Тус тусын амьдрал гэдэгт өнчирч үлдсэн олон үрс бий. Гэхдээ хэн хэн нь хувийн амьдралдаа цэг тавиад шинээр эхэлж буй явдалд хошуу нэмэх нь хэнд ч хүртээлгүй юм сан. Хос хоёр маань мөнхрөх ч бишдээ гэж дуулсаар мөнхийн амьдралаа эхлүүлсэн нь Монгол Улсын түүхэнд бичигдэх томоохон үйл явдал боллоо.
Ялагдал гэдэг үг тэдний амнаас гарсаар эв эеэ олохгүй, олон сонгуулийн ард улаан халзан үлдэж байсан Ардчилагчид эвэндээ орж, шинэ даргаа сонгоод, их хурлаа эвтэйхэн хийлээ
Улс төрийн том хүчин байж, дотоод ардчилал нэрийн дор хэл амаа ололцдоггүй Ардчилсан намынхан өнгөрөгч долоо хоногт үнэхээр эвтэйхэн хэд хэдэн удаа хуралдаж, намын дарга сонгов. Нанчилдаангүй найр гэж юу байхав гэдэгчлэн шинэ сонин зочин, эрээвэр хураавар нөхдийн лайв цацагдахыг хүлээж байсан олон нийт Эвэртэй туулай үзсэн юм шиг мэл гайхаж, Ардчилсан намын даргыг тосон авлаа.
Сонгууль бүрээр нар үзэхээ болиод байсан тэдний хувьд дотроо алалцаад амжилт олохгүй, тамгаа авч зугтаад ч дарга болохгүй гэдгээ ойлгосон бололтой. Ам нээсэн гишүүн бүр нь шинэ намын дарга нь ялалтыг авчрах хүн байх ёстой гэцгээж байв.
Цагаа тулсан чинь дөрвөн хүн дундаас нэг нь өрсөлдөгчгүй түрүүлээд гараад ирж. Түүнийгээ Их хурлаараа 100% батламжиллаа. Араас нь намын шинэ дүрмээ ч баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр боллоо.
Бид ориг, хулхи гэж маргасаар онлайн дэлгүүрийн лангууг хоосолсон байна. Юу гэж үү, VIP шашны дэлгүүрийн 175 мянган төгрөгийн үнэтэй өнөө сахиус хулхи гэж мэргэжлийн лам хүн тайлбарласан байхад ч сахиусны бизнес эрхлэгч зурмал хулхи сахиусаа зараад дууссан байна.
Манайх ориг. Хятадаас биш Гуанжугаас орж ирдэг гэдэг шиг сонирхолтой ч гэх үү солиотой ч гэх үү үйл явдал сүүлийн үед өрнөх боллоо. Тэр дунд бурхан номын сахиусыг бараа таваар болгож бизнесээ эхлүүлсэн Ekatrina хэмээх бүсгүйн VIP дэлгүүр Монголчуудыг хэд ч талцуулаад байгаа юм бүү мэд. Гэхдээ аль ч улсад шашны бизнес явж л байдаг. Сүсэглээд авах эрх нь хүн бүрт нээлттэй боловч сүсэг бишрэл дээр нь дөрөөлөн хулхи зүйлийг ориг мэтээр худалдаалах нь хувь хүний болоод бизнесийн зарчмаа зөрчиж буй хэрэг бус уу. 175 мянган төгрөгний үнэтэй хулхи сахиусыг авна уу байна уу, зарна уу зурна уу хамаа байхгүй ч шашны зүйлийг VIP зэрэглэлд шилжүүлж буй үйл нь зохимжгүй байлтай. Гэхдээ тэгээд бизнес бол бизнес л юм даа.






