
Дэлхийн банкны судалгаагаар Балбад 2024 оны байдлаар 15-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин 20.8 хувьд хүрчээ.
Балбын эрх баригчид Facebook, Instagram, Youtube, TikTok зэрэг нийгмийн 20 гаруй сүлжээг хориглох шийдвэр гаргасантай холбоотойгоор өнгөрсөн даваа гарагт Балбын нийслэл Катманду болон өөр бусад хотуудад олон мянган залуус Балбын төрд бугшсан авлига хээл хахууль, баян хоосны ялгаа, тэгш бус байдлын эсрэг жагсаал хөдөлгөөнөө эхлүүлжээ.
Жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчид хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус шүршигч, байлдааны зэвсэг ашиглаж, багадаа 22 хүний аминд хүрсэн нь олны уур бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд хүржээ.

Өнгөрсөн мягмар гарагт жагсагчид парламентын ордон, Балбын социал демократ намын төв байр, Ерөнхий сайд асан Шер Бахадур Деуба болон өөр бусад улстөрчдийн гэрийг галдан шатааж, тонон дээрэмджээ.
Нийгмийн сүлжээнд жагсагчид Ерөнхий сайд асан Шер Бахадур Деуба болон түүний гэргий, Гадаад харилцааны сайд Арзу Рана, Сангийн сайд Бишну Паудел нарын биед халдаж буй видео бичлэг, гэрэл зургууд мөн тархжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Балбын засгийн газар нийгмийн сүлжээнүүдийг хориглох шийдвэрээ цуцалж, Балбын Ерөнхий сайд Шарма Оли нь Дотоод хэргийн сайд, Ус хангамжийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нарын хамт огцрох өргөдлөө өгсөн ч Балба улсын эдийн засгийн нөхцөл байдал, эрх баригчдын бодлого шийдвэрүүд, нийгмийн тэгш бус байдалд сэтгэл дундуур байсан иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрснийг залуусын энэ удаагийн жагсаал цуглаан харуулав.


Жагсаалын үеэр 22 хүний амь нас эрсэдсэн байна
Дэлхийн банкны судалгаагаар Балбад 2024 оны байдлаар 15-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин 20.8 хувьд хүрчээ. Жагсагчид авлига хээл хахуульд баригдсан Балбын чадваргүй төрийн бодлого шийдвэрүүдээс болж залуус эх орноосоо дүрвэхэд хүрч байгааг онцолжээ. Балбын ДНБ-ий 33.1 хувийг гадаадад ажиллаж буй иргэдийн гэр бүлийнхэндээ шилжүүлдэг мөнгө дангаараа эзэлж байгаа ажээ. Тэгвэл энэ тоо сүүлийн 30 жил тасралтгүй өсжээ.
The New York Times сонинд бичсэнээр гадаадын улс оронд ажилладаг иргэдийн тоо өндөр учраас Балбын иргэдийн хувьд нийгмийн сүлжээнүүд амьдралд нь чухал байр суурийг эзэлдэг аж. Түүнчлэн тус улсад жижиг дунд бизнес эрхлэгчид WhatsApp мессенжерийг ихээр ашигладаг байна.


Залуусын жагсаал цуглаан өрнөхөөс хэдэн долоо хоногийн өмнө Балбын нийгмийн сүлжээнд тавигдсан #NepoBaby, #NepoKids гэсэн хэштагтай Балбын улстөрчдийн гэр бүлийнхэн, хүүхдүүдийн тансаглалын тухай пост, рийлүүд олны анхаарлыг татсан юм. Залуус улстөрчдийн хүүхдүүд улсын мөнгөөр тансаглаж байхад энгийн иргэд зовж зүдэрч байгаа нь шударга бус гэдгийг онцолж, баян хоосны ялгаа улам нэмэгдэж, тэгш бус байдал газар авч байгаа явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
30 сая хүн амтай Балба улс 2008 онд хаант засаглалаас татгалзсан байна.
Түүнээс хойш тус улс хэдэн арван засгийн газрын нүүрийг үзэж, энэ хугацаанд төрийн бүх түвшинд авлига хээл хахууль цэцэглэжээ.






