
БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украин улс ОХУ-тай энхийн гэрээ хийхээс татгалзвал оросууд урдаа тавьсан бүх зорилгоо биелүүлэх хүртлээ дайтах болно” хэмээн мэдэгджээ.
Бээжин хотод болсон Ялалтын парадын дараа Оросын сэтгүүлчийн ОХУ-Украины дайн ойрын хугацаанд дуусах боломжтой юу гэсэн асуултад Ерөнхийлөгч В.Путин хонгилын үзүүрт гэрэл байгаа гэдгийг онцолжээ. Тэрээр:
“Уг асуудалд эрүүл саруул ухаанаар хандах юм бол дайныг дуусгах зохих шийдэлд хүрч чадна гэж бодож байна. Үгүй бол бидэнд тавьсан бүх зорилгоо биелүүлтлээ дайтаж тулалдах л зам үлдэж байна” гэжээ.
Түүнээс гадна Оросын төрийн тэргүүн ОХУ Украины Донбассын бүс нутгаас татгалзаж, Украинд эргүүлэн өгөх бодолгүй байгаа” гэдгийг онцолжээ.
Энхийн гэрээ байгуулсан тохиолдолд барууны улс орнуудын Киевт үзүүлэх аюулгүй байдлын баталгаа нь иргэд нь ОХУ-д нэгдэх шийдвэр гаргасан Донбассын бүс нутагт хамаарах ёсгүйг дурджээ.
Бээжин хотод хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын Украинд явуулж буй дайныг тууштай дэмжигч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсан ба уулзалтын дараа Ким Жон Ун Пхеньян ахан дүүсийн үүргээ гүйцэтгэж цаашид ч ОХУ-ыг дэмжих болно хэмээн мэдэгдсэн юм.
Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр В.Путин Ким Жон Унд цэргүүдээ ОХУ-д илгээсэн явдалд талархаж, хоёр улс итгэлцэл, нөхөрлөл болон эвсэл дээр суурилсан онцгой харилцаатайг онцолжээ.






