
Өнөө жилийн аймгийн баяр наадмуудад барилдаж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхлэхээр Үндэсний Их Баяр наадмын хуулинд заасан билээ.
Тэгвэл энэ жилийн аймгийн баяр наадмуудад барилдан шөвгөрч түрүү үзүүр хүртсэн бөхчүүдийн 10 бөхөөс допингийн төрлийн хориотой бодис илэрч долоон бөхийн барилдах эрхийг нь есдүгээр сарын дөрөвний байдлаар 3-6 жилээр хассан талаар /МОНАДА/ буюу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын албаны эх сурвалж хэллээ.
Барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн нэрсийг мөн хэн ямар төрлийн бодис хэрэглэсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг /МОНАДА/ буюу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас тухайн бөхчүүдийг Спортын Арбитрын шүүхэд хандах хугацаа өнөөдрийн (2025.09.04)17 цагт дуусгавар болсны дараа ойрын хугацаанд зарлана хэмээн мэдээлэв.
Мөн өнөө жилийн Улсын баяр наадамд найм давж үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Улсын гарди Н.Өсөхбаярын допингийн асуудлыг тодруулахад Үндэсний Их Баяр наадмын зохион байгуулах хороо, бөхийн салбар хорооны дэргэдэх үр дүнгийн удирдлагын баг мэдэж байгаа гэх хариултыг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын албаны эх сурвалж хэллээ.






