
Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-өөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Их дээд сургууль, коллежид элсэн орсон нэгдүгээр курсийн оюутнуудад “Оюутны эрх зүй, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэс, Баянгол дүүргийн Прокурорын газар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хамтран зохион байгууллаа.
Тус сургалт нь Улаанбаатар хотод Их дээд сургууль, коллежид суралцахаар ирсэн оюутан залуусыг гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх зорилготой аж.

Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Л.Ган-Эрдэнэ:
Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургууль, коллежид элсэн орж байгаа шинэхэн оюутнуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх үүднээс хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Цаашид Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургууль, коллежид элсэн суралцаж буй оюутнуудыг үе шаттай хамруулахаар төлөвлөөд байна.
Баянгол дүүргийн хэмжээнд 300 гаруй баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг талаар албаны эх сурвалж хэлээ. ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс хамтарсан хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа аж.
Сүүлийн таван жилийн хугацаанд 1547 хүн хар тамхи мансууруулах бодис хадгалсан, худалдан борлуулсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагджээ. Нийт яллагдагчаар татагдсан хүмүүсийн 51 хувийг 18-25 насны хүүхэд залуус эзэлж байна. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 88 хувь нь эрэгтэй бол 12 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа талаар Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.


ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтөгс:
ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас 2025 оны хоёрдугаар сараас эхлэн “Анзаар” арга хэмжээг зохион байгуулж байна. “Анзаар арга хэмжээний хүрээнд өсвөр насны хүүхэд, залуусыг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт мэдээллийн ажил Улаанбаатар хотод сурахаар ирсэн оюутан залуустаа зориулан зохион байгуулан ажиллаж байна.
Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар зохион байгуулж буй тус сургалтыг Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Их дээд сургууль болон коллежид элсэн орж буй оюутан залууст үе шаттай хууль, эрх зүйн мэдээ мэдээлэл өгнө хэмээн төлөвлөжээ.






